Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Үүрцайхбаатар: ЖДҮ-ийг дэмжих репо санхүүжилт цаг үеэ олсон шийдвэр болсон

ikon.mn
2020 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Капитрон банкны бизнес хариуцсан дэд захирал Б.Үүрцайхбаатартай ярилцлаа.

- Капитрон банк жижиг дунд үйлдвэрлэгчдэд зориулсан ямар нөхцөлтэй, ямар зээлийг одоогоор олгож байгаа вэ?

- Манай банкны хувьд жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжсэн дараах зээлүүдийг олгож байна. Тухайлбал, ЖАЙКА-ийн төслийн зээлийг бид 2008 оноос эхлэн хамтран хэрэгжүүлж, олон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн. Тус зээл нь арван  жилийн хугацаатай, жилийн найман хувийн хүүтэй, 800 сая төгрөг хүртэлх хэмжээний зээл юм. Олон жил амжилттай хэрэгжиж байгаа учраас манай ЖДҮ эрхлэгчид хэдийнэ сайн мэддэг болсон.

Мөн гурван жилийн өмнөөс Азийн хөгжлийн банкнаас зээлийн батлан даалтын сантай хамтраад, барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа зээлдэгчдэд зориулсан батлан даалтын сангийн төслийн зээлийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн зээл  олон давуу талтай. ЖДҮ эрхлэгчид  барьцаа хөрөнгийн дутагдалд их ордог. Тэгвэл энэ тохиолдолд барьцаа хөрөнгийн 60 хүртэлх хувьд нь батлан даалт гаргаад, зээлийн хүү нь 12-15 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлийг авах боломжтой. Энэ нь арван жилийн хугацаатай, ЖДҮ эрхлэгчдийн хувьд тун боломжийн зээл бий.

Түүнчлэн Герман улсын хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлдэг төслийн зээл байдаг. Энэ нь 500 хүртэлх сая төгрөгийн, жилийн 12 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай зээл юм. Энэ зээлийг Монголбанк, Сангийн яам зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг. Бид энэ төслийн зээлүүдээс гадна өөрийн эх үүсвэрийг ашиглаж, ЖДҮ эрхлэгчдэд хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн зээлүүдийг олгодог. Ингэхдээ хүүгийн хувьд мэдээж зах зээлийн хүүгээр тогтдог. Нөгөө талдаа энэхүү зээлийг олон удаа авч, бизнесээ амжилттай хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд зээлийн хүүг нь бууруулаад явж байна. Зээлийн хүү сүүлийн 4-5 жилийн хугацаанд тогтвортой буурч, системийн хэмжээнд зээлийн дундаж хүү 16 орчим хувьтай байгаа. Зээлийн хүү цаашид ч буурах боломжтой гэж харж байна.

- “COVID-19” цар тахалтай холбоотойгоор банкны салбарын зээлүүд нэлээд чанаргүйдэх дүр зураг харагдаж байна. Танай банкны ЖДҮ-ийг дэмжих зорилгоор олгож байгаа зээлийн чанарт өөрчлөлт орж байгаа юу, эргэн төлөлт хэр явцтай байна вэ?

- Дэлхий даяараа “COVID-19”  цар тахалтай хүнд цаг үеийг даван туулж байна. Энэ нь мэдээж зээлийн чанарт нөлөөлж байгаа. Хатуу хөл хорио тогтоосноор хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээнээс бусад бүх салбар хаагдлаа. Мэдээж орлого нь тасалдсан байгаа учраас зээлийн төлөлтөд хүндрэл учрах, хугацаа хэтрэх нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбоотой зээлийн хугацаа хойшлуулах хүсэлтүүд маш ихээр ирж байна.

Мөн бизнес нь зогсонги байдалд орсон, түүхий эд материалаа татаж чадахгүй байна гэх мэт маш олон хүндрэлүүд үүссэн. Энэ асуудал дээр банк харилцагчидтайгаа хамтран ажиллаж, зээлийг хойшлуулах боломжийг олгож байгаа. Мөн зохицуулагч байгууллага буюу Монголбанкнаас үүнтэй холбоотой боломж, бололцоог олгож, эхний шийдвэрүүд нь хэрэгжээд явж байна. Коронавирусийг дотооддоо хэт их алдалгүйгээр барьж чадвал удахгүй нөхцөл байдал буцаад сэргэх болов уу гэсэн хүлээлттэй байна. Одоогоор нөхцөл байдлыг тааварлахад бэрх байна.

- Та Төвбанкнаас бодлогын арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа талаар дурдлаа. Тухайлбал, репо санхүүжилтээр танай банкны хувьд төв банкнаас хэдий хэмжээний эх үүсвэр татсан бэ. Энэ санхүүжилтээр ЖДҮ эрхлэгчдэд зээл олгохдоо ямар шаардлага, шалгуурыг тавьж байгаа вэ? 

- Манай банкны хувьд төвбанкнаас олгож байгаа санхүүжилтэд тодорхой хэмжээгээр хамрагдсан. Төвбанкнаас репо санхүүжилтийг ЖДҮ эрхлэгчид, уул уурхайн бус экспортын гээд хоёр секторт олгоно гэсэн урьдчилсан ерөнхий шалгуурыг тавьсан. Үүн дээр банк нарийвчилсан шалгуураа тогтоогоод олгож байна. Тухайлбал, ЖДҮ эрхлэгчийн хувьд 300 хүртэлх сая төгрөгийн зээл авах боломжтой. Гэхдээ аж ахуйн нэгжээрээ байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа тул одоогоор иргэнд олгох боломжгүй байна. Мэдээж өр, орлогын харьцаа, барьцаа хөрөнгийн хүрэлцээ гэх мэт бусад шалгуурууд журмынхаа дагуу хэрэгжиж байна. Мөн өмнө нь авсан өндөр хүүтэй зээлүүдэд дахин санхүүжилт хийх бололцоог олгож байгаа явдал нь “COVID-19” цар тахлын үед хамгийн цаг үеэ олсон, зөв шийдэл болсон гэж талархалтайгаар хүлээн авч байгаа. “COVID-19” цар тахлын дараах эдийн засгийг хурдан сэргээхийн ЖДҮ-г анхаарах нь хамгийн чухал гэдгийг дэлхийн улс орнуудын бодлого боловсруулагчид анхаарч тухайлсан бодлого гаргаад хэрэгжүүлж эхэлж байна. ЖДҮ-н санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд дижитал гарцуудыг улам сайжруулах асуудал тулгамдаж байгаа талаар Сингапур улсад жил бүр болдог “Fintech Festival 2020” -ийн үеэр улс орнуудын Засгийн газар, Төвбанк, банк санхүүгийн байгууллагын төлөөллүүд ярьж байна.

- Аж ахуйн нэг-жүүдийн хувьд энэ зээлийг авах хүсэлт хэр их байгаа вэ. Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор зээлийн эрэлт буурсан тал бий юу?

- Энэ нь хоёр өөр ялгаатай асуудал юм. Нэгдүгээрт, дахин санхүүжүүлэх бололцоотой тул өмнөх өндөр хүүтэй зээлүүдэд бүтцийн өөрчлөлт хийх хүсэлтүүдийг аваад эхэлсэн. Харин шинэ зээл олгох буюу шинэ төсөл хэрэгжүүлэх нь одоогийн цаг үед нэлээд эрсдэлтэй. Бизнес эрхлэгчийн хувьд ч тэр, банкны хувьд ч тэр тодорхойгүй байдал их, эрсдэл өндөр байгаа учраас шинэ зээл гаргах нь нэлээд төвөгтэй. Ингэхдээ мэдээж бага хүүтэй эх үүсвэрийг ашиглаад цар тахалд өртөөгүй, экспортын чиглэлийн болон ЖДҮ, тэр дундаа хүнсний бөөний болон жижиглэнгийн үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд харьцангуй цохилт бага авч байна. Эдгээрийн хувьд банкинд хүсэлтээ өгөөд, зээлээ авах бололцоотой болов уу. 

Ц.Мягмарбаяр