Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Та хүүхдээ байгаагаар нь хайрлаарай

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 12 сарын 22
Сурталчилгаа
 
 
Зураг: @valuavitaly

Эцэг эхийн хувьд ЛГБТ хүүхдээ хүлээн зөвшөөрөх гэдэг бол маш хүнд даваа бөгөөд шууд дасан зохицох хэцүү, цаг хугацаа, хичээл зүтгэл шаардах зүйл билээ. Өнөөдрийн зочноор хүүгээ гей /ижил хүйсийн хүнд татагдах бэлгийн чиг баримжаатай/ гэдгийг ойлгож хүлээн авч чадсан нэгэн аавыг урьж оролцуулж байгаа билээ.

- Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргэе! Юуны түрүүнд бидэнд ярилцлага өгөхөөр зөвшөөрч цаг гаргасанд баярлалаа. Хүү нь танд анх яаж, хэзээ ком-аут хийсэн бэ?

- Анх 2013 хүү маань надад гей гэдгээ хэлсэн. Тэгэхээр 7 жилиййн өмнө гэсэн үг.

- Тухайн үед танд юу мэдрэгдсэн бэ?

- Үнэхээр хүнд цохилт болсон, их хэцүү байсан. Би буруутай юм шиг л санагдаад яаж хариу үйлдэл үзүүлэх ёстойгоо ойлгоогүй. 

- Гэсэн ч одоо дэмждэг болсон гэсэн шүү дээ. Танд яг юу нөлөөлсөн бэ?

- Хэдэн жилийн өмнө миний бие өвдөөд хүү маань надтай цуг байж намайг асарсан юм. Тэгэхэд илүү дотносоод хоорондоо арай нээлттэй болсон юм уу гэж боддог. Ер нь үгүйсгэж, хэн нэгнээс буруу хайгаад байвал хэзээ ч сайн үр дүнд хүрэхгүй гэдгийг ойлгосондоо. Тэрний оронд ойлголцох гэж оролдвол хамаагүй дээр байхдаа.

- Та хүүгээ гей биш байсан болоосой гэж боддог уу?

- Хэрвээ хүслээр минь болдог бол хүүгийнхээ ирээдүйг бодоод өөрчлөхийг хүсэлгүй яахав. Гэхдээ өөрөө өөртөө аз жаргалтай, би жаргалтай байхад нь хувь нэмэр оруулж чадаж байвал цаашид ч дэмжсээр байх болно оо.

- Тантай адил зүйлийг туулж буй бусад эцэг эхчүүдэд хандаж хэлэх үг байна уу?

- Тэвчээртэй, хүлээцтэй хандаж, юу юугүй сэтгэлийг нь шархлуулах үг, үйлдэл битгий хийгээрэй. Аль болох ярьж ойлголцохыг хичээвэл өөрт чинь ойлгоход илүү амар болно. Бас хааяа ч гэсэн хүүхдээ тэврээд авч байгаараа.

- Хүүдээ хандаж хэлэх үг байна уу?

- Хүүдээ их хайртай шүү.

- Хүүгийх нь зүгээс хандаж хэлэх үг байгаа юу?

- Аавдаа их хайртай шүү. Бэртэй биш, хүргэнтэй болгосонд уучлаарай. /Инээв/

- Хэдий хүнд сэдэв боловч урилга хүлээн авч ярилцлага өгсөнд маш их баярлалаа. 

- Урьж оролцуулсанд баярлалаа.

Ярилцлага бэлтгэсэн: А. Анударь


“YouthLEAD Mongolia” ТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй аюулгүй гэр бүлийн орчин бий болгох төслийн хүрээнд НҮБ-ын “Тэгш & Чөлөөт Аян”-тай хамтран бэлтгэв. Илүү олон ЛГБТ хүмүүсийн кам аут түүхийг ЛГБТ Төвөөс эрхлэн гаргадаг ''Mongolian Queer Podcast''-оос сонсоорой. Мөн хэрхэн кам аут хийх талаар Залуус эрүүл мэнд төвөөс эрхлэн гаргасан ''Өөрийгөө хүлээн зөвшөөрөх, бусдад илэрхийлэх'' гарын авлагыг уншаарай хэмээн зөвлөж байна.

“YouthLEAD Mongolia”-н цахим хуудсанд хандахыг хүсвэл доорх холбоосоор зочилно уу.

http://youthlead-mn.com/

Мөн өмнөх ярилцлагыг ЭНД ДАРЖ уншина уу.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.