Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Хэвийн горимд шилжсэний дараа хэрэглэгчийн цахилгааны үнийг нэмэх асуудлыг хууль журамд нийцүүлэн тавина"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрчим хүчний салбар "Арваннэгдүгээр сарын 1-ний хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 0 үлдэгдэлтэй, орлогын нэгдсэн данс 30 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай байна" хэмээн Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өнөөдөр мэдээлэв.

Тэрбээр хэрэглэгчдэд борлуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ нь өртгөөсөө бага байгааг өмнө нь хэлж байсан. Өнөөдөр түүнээс цахилгаан эрчим хүчний хэрэглээний үнийг нэмэх санал гаргах эсэхийг сэтгүүлчид тодрууллаа.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Эрчим хүчний салбар алдагдалтай ажилласаар ирсэн. Алдагдлын ганцхан шалтгаан нь төрөөс хэрэглэгчийн үнийг хатуу барьдаг. Үнийг нэмэх шаардлага зайлшгүй бий болсныг олон удаа хэлж байгаа.

Гэхдээ ийм цаг үед төлбөр нэмэх талаар ярих нь туйлын зохимжгүй тул дотоод нөөц боломжоо шавхан ажиллаж байна. Хэвийн горимд орвол үнэ нэмэх асуудлыг холбогдох хууль журмын дагуу тавина. Цахилгаан, дулааны хэрэглэгчийн үнийг нэмэх асуудал нь Эрчим хүчний яамны хариуцах асуудал биш. Үүнийг бие даан шийддэг Эрчим хүчний зохицуулах хороо гэж бий" гэв.