Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Импорт, экспорт, дамжин өнгөрөх тээвэр зэрэг мэдээллийг багтаасан “Гадаад худалдааны нэгдсэн сан” ашиглалтад оржээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Зургийг ГХЯ-наас авав

Гадаад харилцааны яамнаас Дэлхийн Банк Группийн Олон улсын санхүүгийн корпораци болон Гаалийн ерөнхий газартай хамтран “Гадаад худалдааны мэдээллийн нэгдсэн сан” төслийг хэрэгжүүлж, өчигдөр ашиглалтад орууллаа. 

 Гадаад Худалдааны мэдээллийн нэгдсэн сан Монгол Улсад ашиглалтад орсноор худалдаа эрхлэх орчин, дүрэм журам илүү ойлгомжтой, ил тод тунгалаг болно. Дэлхийн Банк Группын дэмжлэгтэйгээр байгуулагдаж буй энэхүү мэдээллийн сан нь Монголын бизнес эрхлэгчдэд, тэр дундаа бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд импорт, экспортын үйл ажиллагааг эрхлэх боломжийг илүү дөхөм бөгөөд өртөг багатай болгож буйгаараа ач холбогдолтой.   

Вэбэд суурилсан тус мэдээллийн санг Монгол Улсын Гаалийн ерөнхий газар голлон хариуцан ажиллуулах бөгөөд тус сан нь гадаад худалдаатай холбогдох бүх төрлийн мэдээллийг хүссэн үедээ авах боломжийг худалдаа эрхлэгч нарт олгож байна. Одоогийн байдлаар санд  хууль тогтоомж, дүрэм журам, заавар, маягт, зөвшөөрлүүд, татвар хураамжууд болон бусад мэдээлэл орсон  болно.

Түүнчлэн энэхүү сангаас  бизнесийн үйл ажиллагаагаа гадагш тэлэхээр төлөвлөж буй аж ахуй эрхлэгч нарт туслах байгууллага/институцуудын талаарх мэдээлэл,  гадаад худалдааны гэрээ хэлэлцээр, зах зээлийг тандах, худалдаанд шинжилгээ судалгаа хийхэд экспортлогчдод хэрэгтэй баримт болон  бусад арга хэрэгсэл зэргийг олж авах боломжтой.  

"Гадаад худалдааны мэдээллийн нэгдсэн сан гадаад худалдаатай холбоотой бүх талын мэдээллийг түргэн шуурхай, нэг цэгээс авах боломжийг бүрдүүлэх замаар худалдааны эрх зүйн орчны ил тод байдлыг хангах, экспортыг дэмжих, худалдааг хөнгөвчлөхөд чухал ач холбогдолтой юм" хэмээн Гадаад харилцааны сайд Н.Энхтайван тэмдэглээд,  "Tус мэдээллийн сангийн залгамж чанар, тогтвортой ажиллагааг хангахын тулд төр, хувийн хэвшилтэй нягт хамтран ажиллахад бид онцгой анхаарах болно" хэмээн онцлов. 

"Импортлогчид болон экспортлогчид нэн чухал мэдээллээ төвөггүй авах боломжтой болсноор цаг хугацаа, хөрөнгө мөнгөө хэмнэнэ. Энэ нь бизнесийн орчинд томоохон эерэг нөлөө авчирна гэж бид харж байна" гэж Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт тэмдэглэв. 

Мэдээллийн хүртээмжтэй бус байдал болон импорт, экспортын зохицуулалтын орчны талаарх дутмаг мэдлэг ойлголт нь хувийн хэвшил, дан ялангуяа жижиг болон зах зээлд анх удаа оролцож буй бизнес эрхлэгчдэд томоохон саад бэрхшээл болж, асар их хүндрэл учруулдаг. Хөл хорионы өнөөгийн нөхцөлд жижиг бизнесүүд төрийн эрх бүхий байгууллагуудаас худалдаа эрхлэхэд шаардагдах баримт бичиг, маягтуудыг авахад илүү хүндрэлтэй болсон. 

"Монгол Улс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байгаа энэ цаг үед худалдааны эргэлтийг хадгалах нь нэн чухал хүнс, эм, эмнэлгийн хангамжийг тасалдуулахгүй байхад хэзээ хэзээнээс илүү ач холбогдолтой болоод байна" гэж Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Монгол дахь Суурин төлөөлөгч Руфат Алимарданов онцлоод  "Дэлхий нийтийг хамарсан цар тахал дэлхийн худалдаанд урьд өмнө байгаагүй саад тотгорыг учруулж байгаа нь тодорхой байна.

Тиймээс Монголын бизнес, аж ахуйн нэгжүүд цар тахлын сөрөг нөлөөг даван гарч, үйл ажиллагаагаа сэргээхэд худалдааны мэдээллийн хүртээмжтэй байдал маш чухал" хэмээн тэмдэглэв.  

Монгол Улсын худалдааны чиглэлээр сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн шинэтгэлүүд нь худалдааг эрхлэх орчныг сайжруулсны сацуу тус улсын нэгдэн орсон Дэлхийн худалдааны байгууллагын "Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр"-ээр хүлээсэн үүрэг амлалтуудын хэрэгжилтийг хангах боломжийг бүрдүүлсэн.

Худалдааг хөнгөвчлөх реформ шинэчлэлийг олон талын оролцоог хангасан Худалдааг хөнгөвчлөх үндэсний хороо түүчээлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд төр, хувийн хэвшлийн төлөөллүүд багтсан тус хороог ГХЯ даргалдаг болно. байна. Худалдааг хөнгөвчлөх үндэсний хорооны үйл ажиллагаанд хөгжлийг дэмжигч олон улсын байгууллагууд, үүний дотор Дэлхийн Банк Групп дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. 

"Бичил, жижиг, дунд аж ахуйн нэгж байгууллагууд Монгол Улсын нийт ААНБ-ын 90 хувийг бүрдүүлдэг бөгөөд тэдгээр аж ахуйн нэгжүүдэд худалдааны мэргэшсэн зуучлалын үйлчилгээг тэр болгон авах боломж хомс байдаг. Шинээр нээгдэж буй цахим портал нь эдгээр байгууллагуудад бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд түргэн шуурхай, хямд хүргэх илүү дөхөм арга замыг олгох юм.

Энэ амаргүй цаг үед бизнесийн үйл ажиллагаагаа хадгалан авч үлдэхэд нь манай гишүүн байгууллагуудад бодитой дэмжлэг болохоос гадна манай гишүүд ч идэвхтэй хэрэглэгчид нь болно гэсэн хүлээлттэй байна" гэж Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга О. Амартүвшин тэмдэглэв. 

Дэлхийн Банк Групп нь Монгол Улсын худалдааны өрсөлдөх чадварыг сайжруулах, эдийн засгийг төрөлжүүлэх чиглэлээр Монгол Улсад дэмжлэг үзүүлж ирсэн билээ. Монгол Улсын Гадаад худалдааны мэдээллийн сан нь Дэлхийн Банк Группын энэ үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд "Худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагааг дэмжих хөтөлбөр"-ийн санхүүжилттэйгээр хэрэгжсэн.

Тус хөтөлбөрийг Австрали, Канад, Европын Холбоо, Нидерланд, Норвег, Швед, Швейцар, АНУ болон Их Британи зэрэг 9 донор түнш орнууд санхүүжүүлдэг байна. Дэлхийн Банк болон ОУСК-ийн хэрэгжүүлдэг уг хөтөлбөр нь улс орнуудад ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. 

Гадаад худалдааны мэдээллийн сан:
www.mongoliatradeportal.gov.mn

Монгол Улсын Гадаад Харилцааны Яамны тухай
Дэлгэрэнгүй мэдээллийг: www.mfa.gov.mn 

Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын тухай
Дэлгэрэнгүй мэдээллийг: www.customs.gov.mn/en/ 

Дэлхийн Банк Группийн тухай

Хөгжиж буй орнуудын санхүүжилт, мэдлэгийн хамгийн том эх үүсвэрийн нэг болох Дэлхийн Банк Групп нь өөр хоорондоо нягт холбоотой таван байгууллагыг эгнээндээ багтаадаг. Үүнд Олон Улсын Хөгжлийн Ассоциаци, Олон Улсын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (эдгээр хоёр байгууллагыг хамтад нь Дэлхийн Банк гэнэ), Олон Улсын Санхүүгийн Корпорац, Олон Талт Хөрөнгө Оруулалтын Баталгааны Агентлаг болон Хөрөнгө Оруулалтын Маргааныг Шийдвэрлэх Олон Улсын Төв багтаж байна.

Эдгээр таван байгууллага тус бүрийн үйл ажиллагааны хүрээнд хөгжиж буй орнуудад ядуурлыг бууруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлдэг. Дэлгэрэнгүй мэдээллийг www.worldbank.org, www.miga.org, болон www.ifc.org.вэб хуудаснаас авна уу.