Боловсролын яам энэ жил цэцэрлэг, сургууль, дотуур байр, спорт заал, шинжлэх ухааны зориулалттай нийт 102 барилга ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.
Арваннэгдүгээр сард 20 орчим барилга ашиглалтад оруулснаар нийт өгөх ёстой барилгынхаа 90 хувийг ондоо багтааж дуусч байгаа гэдгийг албаны хүмүүс хэлж байна.
Энэ ажлын хүрээнд саяхан Булган, Сэлэнгэ, Орхон, Төв аймгуудад нийтдээ таван барилга хүлээлгэн өгчээ, Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Жавхлант, Алтанбулаг, Булганы Орхон сумдад тус бүр 75 хүүхэд хүлээн авах боломжтой цэцэрлэг нээгдэж орчин үеийн өнгө дизайн хосолсон стандартын барилгатай болсондоо багш, хүүхдүүд төдийгүй орон нутгийн иргэд баяртай байна.
75 хүүхдийн тохилог цэцэрлэгтэй болсондоо баяртай байна
Алтанбулаг сумын цэцэрлэгийн эрхлэгч Н.Болормаа:
-1970 онд ЗХУ-ын тусламжтайгаар хоёр бүлгийн зохион байгуулалттайгаар байгуулагдсан цэцэрлэгт өдгөө 150 гаруй хүүхэд сурч байна. Харин өнөө жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 75 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэг баригдаад есдүгээр сарын 1-нээс хүүхдээ хүлээж аваад байна. Хүүхдийн сурч хүмүүжих, багш ажилчдын ажиллах орчин нөхцөл бүрдсэн энэхүү цэцэрлэг нь хүүхэд багачууд тэдний эцэг, эх, нийт.
багш ажилчид бидний нэгээхэн хүсэл мөрөөдөл байсан. Мөрөөдөл биелсэнд баяртай байна” гэсэн юм. Дашрамд дурьдахад тус цэцэрлэгт хамран сургах тойргийн 240 гаруй хүүхэд байдаг. Үүнээс 194 хүүхдийг өдгөө хамруулаад байгаа юм.
Үлдсэн нь алслагдсан багийн хүүхдүүд бөгөөд тэднийг зун 6-7 сард хувилбарт сургалтаар гэр цэцэрлэгт хамруулдаг байна.
Жавхлант сумын цэцэрлэгийг 550 сая төгрөгөөр барьжээ
Харин Жавхлант сумын хувьд 2000 гаруй хүн амтай, цэцэрлэгийн насны 250 орчим хүүхэд байдаг. 1976 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа сумын цэцэрлэг саяхныг хүртэл түрээсийн байр, сургуулийн дотуур байрны булан дамжин өөрийн гэсэн байргүйгээр сургалт хүмүүжлийн ажлаа явуулж иржээ.
Энэ хичээлийн жилд стандартын шинэ цэцэрлэгтэй болсноор хүүхдүүд нэг ангид олноороо шахалдахгүй, гадаа гарч бие засахгүй ангидаа ариун цэврийн өрөөтэй тохилог орчинд сурч хүмүүжих боломж нээгдэж байгаа аж. 900 метр квадрат 75 хүүхдийн багтаамжтай Жавхлант сумын цэцэрлэгийг 550 сая төгрөгөөр барьжээ. Шинээр ашиглалтад орж буй тус цэцэрлэгт 3 бүлгийн 110 хүүхэд хүлээж авч байна.
Тус сумын засаг дарга С.Нямсүрэн “Сумын өнгө төрхийг чимсэн ийм сайхан барилга баригдсанд туйлын баяртай байна. Цаашдаа энэ цэцэрлэгийн үлгэрээр сумандаа бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөж байна. Хуучин зүгээр л барилга босгоод орхидог 6‘айсан бол одоо хүний ажиллаж амьдрах орчин бүрдсэн, тог цахилгаантай, худаг устай, халуун устай, дотроо 00-той барилга барьж өгсөн нь олон түмний эрэлт, хүсэлттэй нийцэж байгаа юм” гэж байв.
Дээрх хоёр цэцэрлэг есдүгээр сарын 1-ээс шинэ байрандаа үйл ажиллагаа явуулж эхэлсэн бол Булган аймгийн Орхон сумын багачууд саяхан шинэ байрандаа нүүж оржээ.
Жаргалант сумын дотуур байранд 1100 орчим хүүхэд суралцаж байна
Төв аймгийн Жаргалант сумын хувьд сургуулийнхаа дэргэд шинэ дотуур байртай болжээ. Тус сургуульд 2013-2014 оны хичээлийн жилд 1100 орчим хүүхэд суралцаж байгаа аж. Эдгээрээс дотуур байранд 150 орчим хүүхэд амьдарч байна. Одоогийн ашиглагдаж байгаа дотуур байр нь 1964 онд 52 ортойгоор ашиглалтад орж байжээ. Харин 50 ортой шинэ дотуур байр 625 сая төгрөгөөр баригджээ. Ийнхүү салбарын яамнаас хүүхдүүдийн сурч боловсрох орчин дутмаг гэсэн асуудлыг ийнхүү бага багаар шийдвэрлэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|