Фэйсбүүк орчинд Монгол Улсын хил, хилийн аюулгүй байдалтай холбоотой мэдээлэл тарсан байна. Үүнд Хил хамгаалах ерөнхий газраас албан ёсны мэдээлэл өглөө.
Сошиал орчинд нэр бүхий хаягаас "Монгол Улсын хилийн шугамаа буцаан татлаа, Монгол Хятад хоёр улс хилийн зурвастай холбоотой гэрээгээ хөл хорионы дэглэмийн үед яаралтай шинэчлэхээр болов. Хөл хорионд орсон иргэд эвлэлдэн нэгдэж чадахгүй болсон энэ үед Монгол Улс хилийн дэглэмээ шинэчлэх гэж байна. Дорноговь аймгийн Хатанбулаг сум, одоогийн байгаа хилээс 19 км газарт хилийн шугамаа татаж ухраах боллоо. Ийнхүү Хятад улс хилийн шугамаа Монгол Улсын хилээс 19 км дотогшлуулж, манай тал нутаг дэвсгэрээсээ Хятадад өглөө" гэсэн байна.
Харин Хил хамгаалах ерѳнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Н.Ганболд: Монгол Улсын Үндсэн хуульд улсын хил халдашгүй дархан байна. Монгол Улсын хилийг хуулиар бататгана гэж заасан байдаг.
Монгол Улс нь БНХАУ-тай 4,709.6 км хэсгээр хиллэдэг. БНХАУ-тай 1962 онд Хилийн гэрээ байгуулсан. Мөн тус улстай 1962-1964 онд одоогийн байгаа газар орон дээр хилээ тогтоон, тэмдэглэсэн.
Түүнчлэн 1975 онд НҮБ-д бүртгүүлснээр манай улсын өмнөд хил олон улсын түвшинд баталгаажсан.
Бид өмнөд хөрштэйгөө Хилийн гэрээг 1988, 2010 онуудад шинэчлэн баталгаажууулсан. ХХЕГ үүнийг мөрдөж ажиллаж байна.
Монгол Улс нь БНХАУ-тай хил хязгаарын ямар нэгэн маргаантай асуудал байхгүй. Монгол Улс хилийн шугамаа ухраалаа, газар нутгаа хятадад өглөө гэдэг асуудал огт байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
Дээрх мэдээлэл нь нийгэмд талцал, бухимдал үүсгэсэн, улмаар үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх худал мэдээлэл юм. Тиймээс энэхүү мэдээллийг тараасан иргэдийг хуулийн байгууллагаар шалгуулахаар болж байгааг мэдэгдэж байна” гэв.
ВИДЕО ҮЗЭХ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!