Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Осолд орсон болон цацрагийн бүсээс ирсэн тээврийн хэрэгслийг шинэ гэж худалдаалж байгаа асуудалд цэг тавина"

Т.Саран, iKon.mn
2020 оны 10 сарын 19
iKon.MN

2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хойш гаалиар орж ирсэн автомашины  мэдээллийн түүхийг И-баримт аппликэйшн болон "Гэрэгэ киоск" ашиглан хэрэглэгч бүр харах боломжтой болсон талаар өнөөдөр мэдээлсэн билээ. 

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ хариуллаа. 

 
Гэрэл зургийг mpa.mn

-Автомашин хэрвээ эвдрэл гэмтэлтэй байвал буцаана гэсэн үг үү? 

-Бид мэдээллийг нээлттэй болгож байна гэсэн үг. Япон болон Солонгосын Элчин сайдын яамтай энэ асуудлыг яриад явж байгаа. Энэ хоёр улс тухайн улсад явж байсан түүхийг нээж, гаргаж өгснөөр И-баримт системтэй холбогдох ажил хийгдэнэ. 

-Автомашины мэдээллийг ил болгосноор тээврийн хэрэгслийн осол аваар ямар хувь хэмжээгээр буурах вэ?

-Сэлбэг нэрээр оруулж ирж байгаа автомашиныг угсраад машин болгон худалдаалж байгаа. Энэ нь эргээд осол аваар гаргах үндсэн нөхцөл болдог. Бид энэ асуудалд цэг тавихаар ажиллаж байна. 

-Өнгөрсөн онд 69 мянган тээврийн хэрэгсэл орж ирсэн гэлээ. Автомашины мэдээллийг ил болгосноор энэ тоо хэдэн хувиар буурах вэ?

-Энэ ажлаа хэрэгжүүлсний дараа үр дүн нь харагдах болов уу гэж бодож байна. 2019 онд гаалиар орж ирсэн 69 мянган тээврийн хэрэгслийн дийлэнх нь 10 болон түүнээс дээш насжилттай байна. Энэ тоог буурна гэж харж байгаа. 

-Сэлбэг нэрээр жилд хэчнээн автомашин орж ирдэг вэ?

-Тэр тоог яг нарийн мэдэхгүй байна. Автотээврийн үндэсний төв юм уу гааль дээр байгаа. Осолд орсон, цацрагийн бүсээс ирсэн тээврийн хэрэгслийг шинэ гэж, хэрэглэгчийг төөрөгдүүлж худалдаалж байгаа тохиолдол цөөнгүй. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Хэрхэн автомашины мэдээллийг харах талаар Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн дарга Т.Батбилэг "И-баримт аппликэйшн рүү нэвтэрч ороод төрийн үйлчилгээ цэсний ГЕГ гэсэн цэс рүү ороод тээврийн хэрэгслийн бүртгэл хэсэгт автомашины дугаараа оруулан мэдээллийг шалгах боломжтой болсон" гэлээ. 

Манай улсад 935 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Хөдөлгөөнд оролцож буй 735 мянган тээврийн хэрэгсэл бий. Үүний 76 хувь нь 10 болон түүнээс дээш жилийн насжилттай. 2019 онд Монгол Улсын хилээр нийт 69 мянган тээврийн хэрэгсэл орж ирсний 85-93 хувь нь хуучин болон хэт хуучин тээврийн хэрэгсэл байна.