Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотоос 1,305 тээврийн хэрэгсэл гарч, 1,700 тээврийн хэрэгсэл орж ирсэн"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх товчоодоор хот руу 1,700 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн бол 1,305 тээврийн хэрэгсэл нийслэлээс гарчээ.

Энэ тухай НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил “Өчигдөр нийслэлийн зургаан шалган нэвтрүүлэх товчоогоор нийт 24 албан хаагч үүрэг гүйцэтгэсэн ажиллалаа.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1,305 тээврийн хэрэгслээр 2,400 гаруй иргэн Улаанбаатар хотоос гарсан бол 1,700 тээврийн хэрэгслээр 3,000 гаруй иргэн Улаанбаатар хот руу нэвтэрчээ.

Мөн зөвшөөрөлтэй есөн тээврийн хэрэгслээр 200 тонн түүхий нүүрсийг Улаанбаатар хот руу нэвтрүүлсэн байна" гэв.

"Хуулиар хориглосон дайвар бүтээгдэхүүнийг тээвэрлэхгүй байхыг анхааруулж байна"

Түүнчлэн "Өнгөрсөн 24 цагийн хяналт шалгалтаар Ховд аймаг-Улаанбаатар чиглэлийн нийтийн тээврийн автобусанд хоёр ширхэг нойтон тарвага тээвэрлэж явсныг илрүүллээ. Одоогоор хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

Жолооч нар хуулиар хориглосон дайвар бүтээгдэхүүнийг тээвэрлэхгүй байхыг анхааруулж байна" гэдгийг онцлов.

"Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд гэрийн ажиглалтад хүн байхгүй"

 
Гэрэл зургийг Mpa.mn

НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Нэгдүгээр сарын 9-нөөс хойш манай улс коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 27,610 хүнийг тусгаарлан ажиглажээ.

Яг өнөөдрийн байдлаар нийслэл хотод гэрийн ажиглалтад байгаа иргэн байхгүй буюу тусгаарлалтынх нь хоног нь дууссан.

Коронавируст халдвараас гадна хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.

Тиймээс иргэд урьдчилан сэргийлэх ажиллагааг идэвхтэй авч хэрэгжүүлэн, хүүхдэдээ анхаарал тавьж, амны хаалт тогтмол зүүлгэж, дархлааг нь дэмжихийг зөвлөж байна.

Томуу, томуу төст өвчин туссан хүүхдэдээ эм өгөөд цэцэрлэг, сургуульд нь явуулдаг эцэг эхчүүд нэлээд байдаг. Ингэх нь бусад хамт сурч байгаа хүүхдүүдийг өвчлүүлэх эрсдэл өндөр байдаг тул аль болох гэрт нь эмчлэх шаардлагатай” гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/391387385211542