Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Нүүрсийг хүн зөөдөг гэдгийг Засгийн газар яагаад ойлгохгүй байгаа юм бэ"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Таван толгой-Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги-Мандал зэрэг боомтын чиглэлд 10,000 гаруй нүүрс тээвэрчин 60-90 хоног кабиндаа тусгаарлагдаж, зарим нь амиа алдаж буй асуудлаар тээвэрчдийн ар гэрийн төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу нүүрс тээвэр хийсэн жолооч нар 14 хоног тусгаарлагдаж буй.

"Тээвэрчдийн тусгаарлалтын хугацааг долоо хоног болгож бууруулан, гэрт нь хариулж хяналтгүйгээр тусгаарлах шаардлагыг УОК-т хүргүүлж байна"

Энэ талаар “Тээвэрчдийн гэргий нарийн холбоо”-ны удирдах зөвлөлийн дарга Ж.Туул ”Нүүрсний экспортын тээвэрлэлтийг хийж буй тээвэрчид 60-90 хоногийн турш кабиндаа тусгаарлагдаж байгаа ба нэг жолооч 90-100 гаруй хоног гэртээ харьж чадахгүй хүнд нөхцөл байдалтай байна.

Эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын стандартын шаардлага хангаагүй нөхцөлд буюу кабинд нь удаан хугацаагаар тусгаарлаж байгаа нь жолооч нарын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, тусгаарлалтын дэглэмд байх хугацаандаа амь насаа алдсан тохиолдол ч гарч байна. Онцгой дэглэмийн үед тав зургаан тээвэрчин амь эрсэдсэн. Хорио цээрийн дэглэмийн үед нэг ч сэжигтэй тохиолдол, халдвар илрээгүй нь тус бүс нутаг халдварын голомт биш гэдгийг нотлон харуулж байна.

Иймээс хорио цээрийн дэглэмийг нийтээр нь бууруулсан байгаа энэ үед тээвэрчдийн тусгаарлалтын хугацааг долоо хоног болгож бууруулан, гэрт нь хариулж хяналтгүйгээр тусгаарлах шаардлагыг Улсын Онцгой комисст хүргүүлж байна” гэв.

Хэрэв шаардлагыг хүлээж авахгүй бол холбоогоороо нийлж, аравдугаар сарын 2-ноос эхлэн дараагийн шатны арга хэмжээг авч эхлэх бөгөөд богинын тээврийнхэн нэгдэж ажил хаялт зарлах аж.

Тус мэдээллийн үеэр амиа алдсан жолооч нарын ар гэрийнхэн сэтгэгдлээсээ товч хуваалцсан юм. Тухайлбал, 

"Дүү минь  5-8 дугаар сарын хооронд тусгаарлалтын хугацаанд байхдаа өвчин нь хүндрээд амь насаа алдсан"

 

 
гэрэл зургийг MPA.mn

Амиа алдсан жолоочийн эгч: Дүү минь нүүрс тээврийн жолоочоор Цагаан хаданд ажилладаг байсан. Энэ оны 5-8 дугаар сарын хооронд тусгаарлалтын хугацаанд байхдаа өвчин нь хүндрээд амь насаа алдсан. Ажлын байрандаа амиа алдсан байхад одоог хүртэл мэргэжлийн байгууллагаас дүгнэлт гаргаж өгөхгүй байгааг гайхаж байна. Ард нь гурван хүүхэд, өрх толгойлсон эмэгтэй үлдчихсэн хүнд байдалд байгаа юм. Иймээс 14 хоногийн тусгаарлах хоногоо багасгаж, хүмүүсийг гэр оронд нь хариулж, эрүүл мэндэд нь анхаарах шаардлагатай байна. 

"Урт хугацааны тээвэр хийдэг тээвэрчдэд нийцэхгүй дэглэм УОК-оос гаргасанд маш их харамсаж байна"

Амиа алдсан жолоочийн эхнэр: Есдүгээр сарын 5-нд Гашуунсухайт боомт дээр нөхөр маань ажил үүргээ гүйцэтгэж яваад, ажлын байран дээрээ амь насаа алдсан. Долоодугаар сард гэрээсээ гараад хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор гэртээ эргэж ирж чадахгүй байсаар амиа алдсан. Урт хугацааны тээвэр хийдэг тээвэрчдэд нийцэхгүй дэглэм УОК-оос гаргасанд маш их харамсаж байна.

Нөхөр маань улсын онцгой объект дөнгөж өнгөрөөд, боомтын хилийн цэргийн ойролцоо машиных нь гурван дугуй нүх рүү орж осолдсоноос болоод нас барсан. Тэр замыг яагаад өнөөдрийг хүртэл засаж янзалж чаддаггүй юм. Нүүрсийг хүн зөөдөг гэдгийг Засгийн газар яагаад ойлгохгүй байгаа юм. Нүүрсийг зөөж байгаа хүмүүсийн цаана олон хүний амьдрал байгаа шүү дээ. Би холбогдох газруудаас нь хариуцлага нэхнэ”

"Тусгаарлаж эрүүл мэндийг нь хамгаалж байна гэчихээд илүү хүнд нөхцөл байдалд оруулж байна"

 
гэрэл зургийг MPA.mn

“Тээвэрчдийн гэргий нарын холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн Д.Жавзансүрэн “Урд хилээс хэдэн халтар жолооч орж ирээд өвчин тараах юм шигээр ард түмэнд битгий буруу ойлголт төрүүлээч. Жолооч нар машиндаа суугаагаараа хонож, эсвэл арын жижиг зайндаа хагас дутуу нойртой унтаж яваад нүүрс тээврээ хийчихээд, ор дэргүй хүйтэн шалан дээр, ямар ч эрүүл ахуйн шаардлага хангаагүй газар хоригдож тусгаарлагдахын оронд холбогдох шинжилгээгээ өгөөд, боломжтой нь гэртээ хэд хоног  ирж тусгаарлагдаад буцаад ажилдаа явах боломжтой.

Тусгаарлаж эрүүл мэндийг нь хамгаалж байна гэчихээд илүү хүнд нөхцөл байдалд оруулж байна. Саяхан Ерөнхий сайд боомт дээр очиход бид уулзах гээд очсон боловч Ерөнхий сайд дээгүүр нисээд уулзаж чадахгүй зөрчихсөн. УОК-ын дарга Я.Содбаатар, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян та нар жолооч нарын оронд өөрийгөө тавиад үз" хэмээн хэлэв.