Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар торгуулиа хугацаанд нь төлбөл шийтгэлийг нь 50%-аар бууруулахаар тусгасан"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

"Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-ийн хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Хэлэлцүүлгийн үеэр Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар гарах өөрчлөлтийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

"2,300 зөрчлийг дахиж шинээр томьёолж, зөрчлийн давхардлыг арилгана"

Тэрбээр “2015 онд Зөрчлийн хууль бичигдэхдээ нэг том алдаа гаргасан нь 250 хуулийн хариуцлагын хэсгийг шууд тасдаад Зөрчлийн хуульд нэгтгэсэн.

Эрх зүйн хэм, хэмжээний нэгдэл нь гипотез, диспозит, санкц гэсэн гурван зүйлээс бүрддэг.

Гэвч яг хариуцлагатай холбоотой хэсгийг ийнхүү шууд тасдаж ганц Зөрчлийн хуульд оруулж өгснөөр зарим хэм, хэмжээний элемент нь үндсэн салбарын хуульдаа үлдчихээд байна. Тиймээс бид нийт 2,300 зөрчлийг дахиж шинээр томьёолно. Зарим төрлийн зөрчлийг нэгтгэж, давхардлыг нь арилгана.

Энэ нь Зөрчлийн тухай хуульд "зөрчил" гэж томьёолж оруулсан зүйлээ эргэн харж, эрх зүйн онол талаас нь шинээр найруулж бичнэ гэсэн үг. Тэрнээс нөгөө бусад хууль руугаа буцаан оруулах тухай ойлголт биш гэдгийг хэлэх хэрэгтэй.

Бид хэм, хэмжээнийхээ бүрдлийг нэмэлт өөрчлөлтөөр шийдэхээр төлөвлөж байна.

"Зарим төрлийн зөрчилд баривчлах шийтгэл оногдуулах шаардлагатай"

-Шинэчилсэн найруулгын төсөлд орох дараагийн том өөрчлөлт нь: Зөрчлийн тухай хууль туйлын тодорхой санкцтай буюу хүлээх хариуцлагыг маш тодорхой болгох явдал. Өөрөөр хэлбэл, торгуулийн шийтгэлийг 50,000, 100,000 төгрөг гэж шууд бичиж, тусгаж өгнө.

Мөн зөрчлийн шинж чанар зэргийг нь харгалзан үзэж, торгуулийг дээд, доод хязгаартай болгож оруулна. Учир нь зарим төрлийн зөрчилд баривчлах шийтгэл оногдуулах шаардлага бий.

Баривчлах шийтгэл оногдуулах саналыг 2017 оны нэмэлт өөрчлөлтөөр унагаасан.

Тухайлбал, шүүх хуралдааны хэвийн үйл ажиллагааг тасалдуулсан тохиолдолд шүүгч захирамж гаргаж, баривчлах шийтгэл оногдуулах ёстой. Энэ бол шүүгч шүүхийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл, одоогийн хуулийн зохицуулалтаар 100,000 төгрөг олон удаа төлөөд тэр хэрээрээ хэдэн ч удаа шүүх хуралдааныг тасалдуулж болохоор байна.

Мөн хүн зодсон, биед нь халдсан зөрчлийг ч шууд Эрүүгийн хууль руу оруулахаар ярьж байна. Хүний хамгийн том эрхэнд халдаж байгаа энэ зөрчилд Зөрчлийн тухай хуулиар ердөө 100,000 төгрөгөөр торгохоор тусгасан байдаг нь буруу.

"Зөрчлийн тухай хуулийн шинэчлэлийн хамгийн том өөрчлөлт бол дийлэнх зөрчилд сануулга өгнө"

-Түүнчлэн торгууль шийтгэлээ хугацаанд нь төлсөн тохиолдолд оногдсон шийтгэлийг 50 хувиар бууруулдаг бусад улс орны эрх зүйн хөшүүргийг шинэчилсэн найруулгад оруулж ирнэ.

Тухайлбал, ОХУ-д Замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчөөд торгуулийн хуудас авсан хүн торгуулиа долоо хоногийн дотор төлбөл оногдсон торгуулийнхаа 50 хувийг хөнгөлж төлдөг зохицуулалттай.

Мөн Зөрчлийн тухай хуульд орох гэж байгаа хамгийн том өөрчлөлт бол дийлэнх зөрчилд сануулдаг үе шат орж ирэх юм.

Өөрөөр хэлбэл, хүний амь нас, эрүүл мэндэд шууд хор хохирол учруулахааргүй зөрчил гаргасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтнууд 7-10 хоногийн хугацаатай зөрчлөө арилгах алба шаардлага өгөөд сануулдаг байхаар энэ хуулийн төсөл бичигдэж байна.

Энэ хугацаанд зөрчлөө арилгаагүй тохиолдолд зөрчлийн харилцаа үүсэж, торгууль шийтгэлээ хүлээдэг болохоор зохицуулна.

Зарим төрлийн зөрчилд мэдээж сануулга өгч болохгүй. Тухайлбал, дөрвөн замын уулзвараар улаан гэрлээр нэвтэрсэн эсвэл хурд хэтрүүлсэн тохиолдолд зөрчилд сануулга өгөх тухай хэрхэвч ярьж болохгүй. Энэ мэтээр тодорхой төрлийн зөрчлүүдэд шууд шийтгэл оногдуулдаг байхаар тусгаж байгаа.

Эцэст нь хэлэхэд зөрчлийн тухай хуулийг бид илүү боловсронгуй болгож байж нийгэм тэгш шударга амьдрах боломж нөхцөл бүрдэнэ.

Монгол Улсад дэг журам тогтоож байгаа хоёр хууль байдаг нь Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хууль. Нийгэмд харьцангуй бага хор хохирол учруулж байгааг нь зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг бол нийгэмд илүү хор хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг" гэв.