"Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-ийн хэлэлцүүлэг өнөөдөр болсон.
Хэлэлцүүлэгт Зөрчлийн тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлэгч 30 гаруй байгууллагын төлөөлөл, иргэдийн төлөөлөл гээд 150 гаруй хүн оролцов.
“Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хэмжээнд 532,000 гаруй зөрчлийн талаарх гомдол мэдээлэл гарсан.
Мөн газар дээр нь хялбаршуулсан шугамаар шийдвэрлэсэн 5,489,000 зөрчилд прокурор хяналт тавьж ажиллажээ. Мөн 88,100 зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулсан хэмээн УЕП-ын туслах прокурор, Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ү.Содномцог илтгэлийнхээ үеэр хэлэв.
Мөн тэрбээр "Прокурорын байгууллага өнгөрсөн хугацаанд эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 2,300 гаруй шийдвэрийг хянан, шүүх дүгнэлт бичиж зөвтгөсөн.
2020 оны эхний хагас жилийн байдлаар зөрчлийн улмаас үүсгэсэн хохиролоо төлж барагдуулсан тохиолдол нь 67.7 хувьд хүрсэн” хэмээн тоон мэдээллийг танилцуулсан юм.
Түүнчлэн “Замын хөдөлгөөний дүрэм зөрчих зөрчил нь хамгийн их гарч байгаа.Мөн сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг зөрчих зөрчил нэмэгдэж байна" гэлээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг зөрчсөн тодорхой үйлдлийг зөрчилд тооцдог аж.
Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг “ХЗДХЯ-наас боловсруулж буй энэ удаагийн хуулийн төслөөр тусгай ангилж заасан зөрчлүүдийг тодорхой болгож, эргээд иргэд аж ахуйн нэгж байгууллагууд энэ хуулийг уншаад ойлгох, ямар нэг эргэлзээгүйгээр хуулийг дагаж биелүүлэх, анх удаа тодорхой төрлийн зөрчлийг үйлдвэл зөрчлийн үр дагаврыг арилгах, засах бололцоог нь олгоход чиглэгдэж байгаа.
Өөрөөр хэлбэл, шууд торгохоос илүү иргэдэд гаргасан зөрчлөө засаж залруулах боломж олгож буй.
Мөн тодорхой зөрчлийг үйлдсэн этгээдийг хугацаандаа торгуулийн шийтгэлээ биелүүлбэл, 50 хувиар бууруулж төлүүлэхээр тусгасан.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал нэлээд хурц байгаа боловч зарим талаараа гэмт хэргийн хувьд бус зөрчлийн хувьд гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийг анх удаа гаргаж байгаа этгээдийг шууд баривчлах нь зохимжгүй гэж үзэж буй.
Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийг анх удаа үйлдсэн этгээдийг сануулан албадан сургалтад суулгах байдлаар харилцааг нь засах боломжийг олгох асуудлыг ярьж байгаа” гэж онцлон танилцуулсан юм.
Гэрэл зургийг Mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
|