“Хоёр настай эмэгтэй хүүхэд айлд өргүүлнэ" гэсэн зар фэйсбүүкийн нэг группд буюу цахим орчинд тавигдсан юм.
Энэ мэдээллийн мөрөөр үүссэн асуудлыг Цагдаагийн байгууллагаас хэрхэн шийдэж байгааг ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Цагдаагийн хошууч Д.Будзаанаас тодрууллаа.
Тэрбээр “Хүүхдээ үрчлүүлнэ гэх эмэгтэйг олсон. Бас үрчилж авсан хүнийг нь болон хүүхдийг нь олчихсон. Одоо Төв аймгийн цагдаагийн алба шалгаж байгаа. Үрчилж авсан хүмүүс нь Төв аймгийн харьяаных, үрчилсэн хүн нь хотын хаягтай хүн байсан. Энэ үйлдлийн шалгалтын явцад залуу гэр бүл, амьжиргааны түвшин доогуур амьдралтай байсан зэрэг нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Хэдий тийм ч гэлээ ээж, аав гэдэг нэрийг зүүсэн бол асран хамгаалагчийнхаа үүргийг биелүүлэх ёстой. Одоо Цагдаагийн байгууллага дээр шалгаад прокурорт танилцуулагдана. Эрүүгийн хэргийн бүрэлдэхүүн шинжийг хангасан тохиолдолд хэрэг үүсгээд шалгах юм.
Эрүүгийн хуулийн 16 дугаар бүлгийн 11 дүгээр хэсэгт зааснаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бол гурван жил, амь нас нь хохирсон бол найман жил хүртэл хорих ялаар шийтгэхээр заасан байдаг. Ийм хариуцлага хүлээдэг.
Энэ үйлдлийн хувьд хүн худалдаалах гэмт хэргийн шинжтэй байх юм бол эрүүгийн хуулийн 13.1-т зааснаар хэрэг үүсгэн шалгана. Одоогоор ийм л мэдээллийг өгөх боломжтой" хэмээн хэллээ.
Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйл: Хүн худалдаалах
1.Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн; тээвэрлэсэн; орогнуулсан; дамжуулсан; хүлээн авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
3.Энэ гэмт хэргийг:
Тайлбар: -Хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй.
-Энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход хохирогч өөрийг нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар хохироож байгааг өөрөө зөвшөөрсөн эсэх нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!