Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

"2.5 сая иргэний 857 мянгынх нь ногдол ашгийн мөнгийг арилжааны банкны данс руу нь шилжүүлсэн"

Г.Номин, iKon.mn
2020 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаатай ярилцлаа.

- ЭТТ компанийн хувьцааны ногдол ашиг өчигдрөөс иргэдийн арилжааны банкан дахь дансанд орж эхэлсэн ч зарим иргэдийн ногдол ашиг ороогүй байна. Ногдол ашиг тараах ажлын явцын талаар мэдээлэл өгөөч?

- ЭТТ компанийн ТУЗ хоёрдугаар сарын хурлаараа 2019 оны орлогоосоо иргэдэд ногдол ашиг тараах шийдвэр гаргасан. Ингээд манайхтай ногдол ашиг зуучлуулан тараах гэрээ байгуулсан юм. Гэрээнд зааснаар 2,512,768 иргэн, 486 ААН-д нийт 179.8 тэрбум төгрөгийн ногдол ашгийг шилжүүлэхээр байгаа.

ЭТТ компани 2020 оны тавдугаар сарын 5-нд 60 тэрбум, наймдугаар сарын 6-нд 40 тэрбум, наймдугаар сарын 25-нд үлдэгдэл 79.8 тэрбум төгрөгийг Төрийн сан дахь манай төвийн данс руу шилжүүлсэн. Ингээд мөнгө нь бүтэн орж ирсэн учраас иргэдийн ногдол ашгийг тараах ажлыг эхлүүлээд явж байна.

Өнөөдрийн байдлаар 1,883,000 иргэн ЭТТ компанийн хувьцааны данстай. Данстай иргэд үнэт цаасны компанидаа арилжааны банкан дахь дансаа өгч баталгаажуулсан нь 1,170,000 байна. Гэхдээ үүнийг баталгаатай гэж үзэхгүй учраас иргэдийн арилжааны банканд дахь дансны мэдээллийг баталгаажуулахаар 13 арилжааны банктай тулган баталгаажуулалт хийлээ. Ингэхэд 20 орчим хувь нь алдаатай байсан тул үнэт цаасны компаниуд руу буцаасан.

Ингээд есдүгээр сарын 1-ний байдлаар 857,491 иргэний баталгаажсан данс руу Төрийн сан дахь данснаасаа багцын гүйлгээгээр эхний ээлжийн шилжүүлгийг хийсэн. Урьдчилсан байдлаар 850,000 иргэний арилжааны банкан дахь дансанд ногдол ашгийн мөнгө шилжиж орсон байна.

- Үнэт цаасны компани дээр данс нээлгээгүй иргэдийн ногдол ашгийг Ebarimt системээр дамжуулан шилжүүлж байгаа юу?

- Өнөө өглөөнөөс Ebarimt системээр дамжуулан үнэт цаасны компани дээр данс нээлгээгүй болон дансаа нээлгэсэн ч арилжааны банкан дахь дансаа баталгаажуулаагүй иргэд хувьцааны ногдол ашгаа авах эсэх талаар саналыг нь авч байна. Иргэд ногдол ашгаа хэзээ, ямар хэлбэрээр, яаж авахаа өөрөө сонгох эрхтэй.

ЭТТ хувьцаат компанийн хувьцааны ногдол ашгийг иргэдэд өргөн хүрээнд, хүндрэл чирэгдэлгүй тараах ажлыг зохион байгуулах үүднээс коронавируст цар тахлын үед энэ удаад Ebarimt системээр дамжуулан иргэдийн ногдол ашгийг тарааж байна.

"Ногдол ашгийг долоо хоногт нэг удаа багцлан гүйлгээ хийхээр төлөвлөж байна"

- Өнөөдөр хувьцааны дансаа нээлгэсэн тохиолдолд хэзээ ногдол ашгаа авах боломжтой вэ?

- Үнэт цаасны компани дээр данс нээлгэсэн, арилжааны банкан дахь дансаа баталгаажуулсан, Ebarimt системээр дамжуулан хүсэлт гаргасан иргэдийн ногдол ашгийг долоо хоногт нэг удаа багцлан гүйлгээ хийхээр төлөвлөж байна. Үнэт цаасны компани манай төвтэй нэгдсэн нэг системээр холбогдсон байдаг учраас арилжааны банкны дансаа баталгаажуулмагц мэдээлэл нь ороод ирнэ.

2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн Монгол Улсын иргэн Та ЭТТ компанийн хувьцааг эзэмшиж байгаа бөгөөд хувьцааны данс нээлгэсэн эсэхээс үл хамааран таны хувьцааны ногдол ашиг хуваарилагдсан байгаа.

Тэр байтугай нас барсан иргэдийн ногдол ашгийн бичилтийг ч хийчихсэн байгаа. Хувьцааг өвлүүлэх, бэлэглэх, худалдах эрх нээгдэх хүртэл буюу талийгаачийн ар гэрийнхэн өвлөх хүртэл ногдол ашиг нь байж л байх юм шүү. Тэгэхээр Та хүссэн үедээ ногдол ашгийн мөнгөө авах боломжтой.

- Насанд хүрээгүй хүүхдүүдийн хувьцааны дансыг нээлгэхдээ аав, ээж хоёрынх нь нэг өөрийн арилжааны банкан дахь дансаа өгсөн. Гэтэл насанд хүрээгүй хүүхдийн ногдол ашиг орохгүй байна гээд байгаа. Энэ тухайд?

- Насанд хүрээгүй хувьцаа эзэмшигчийн хувьд хүүхдийн мөнгө авдаг дансаараа ногдол ашгаа авна. Ebarimt системд хүүхдийнхээ регистрийн дугаараар бүртгэл үүсгэхэд системээс автоматаар тухайн хүүхдийн мөнгөн тэтгэмж авдаг дансыг санал болгоно. Ингээд иргэн Та зөвшөөрвөл ТИЙМ гэсэн товчлуурыг дарж баталгаажуулснаар ногдол ашгийн мөнгө шилжин орно.

- Үнэт цаасны компаниудын дийлэнх нь 5,000 төгрөгөөр хувьцааны данс нээх үйлчилгээг үзүүлж байсан. Гэтэл хувьцааны ногдол ашиг ороод эхлэхээр 7,500-10,000 төгрөг болголоо гэх иргэдийн гомдол гарч байна. Энэ тохиолдолд брокер дилерийн компаниудад хариуцлага тооцох уу?

- Үнэт цаасны компаниуд Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулдаг. Манай төвийн хувьд үнэт цаасн компаниудтай мэдээлэл солилцож хамтран ажилладаг учраас энэ талаар хариулж мэдэхгүй байна.

Энд харин нэг зүйлийг анхааруулж хэлмээр байгаа юм. Зарим иргэн хэд хэдэн үнэт цаасны компани дээр хувьцааны данс нээлгэчихсэн байдаг. Тиймээс хувьцааны данс нээлгэхээр үнэт цаасны компанид хандахаасаа өмнө 158989 тусгай дугаарт регистрийн дугаараа зурвасаар явуулж, ЭТТ компанийн хэдэн хувьцаа эзэмшиж байгаа болон хувьцааны данстай эсэхээ мэдэж аваарай. Мөн ТҮЦ машин, ҮЦТХТ-ийн цахим хуудсаас хувьцааны данстай эсэхээ мэдэж болно.

- Зөвхөн энэ удаад Ebarimt системээр дамжуулан иргэдийн ногдол ашгийг тарааж байгаа гэлээ. Тэгэхээр цаашдаа ногдол ашгаа авахын тулд заавал хувьцааны данс нээлгэх шаардлагатай гэсэн үг үү?

- Засгийн газрын 2012 оны 182 дугаар тогтоолд ЭТТ хувьцаат компанийн хувьцааг иргэдэд олгохдоо захиран зарцуулах эрхгүйгээр олгосон.  Ингээд одоогоор хөдөлгөөнгүй "хөлдүү" байдалд байгаа бөгөөд цаашид хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэхээр болсон тохиолдолд иргэн Танд хувьцааны данс хэрэгтэй болно. Тиймээс яваандаа үнэт цаасны данс нээлгэх нь зөв юм.