Монгол Улсын Хүүхэлдэйн театр болон “Гүүд Нэйборс” олон улсын байгууллагаас хамтран “Миний хөөрхөн шүдний аялал” хэмээх төслийг хэрэгжүүлэхээр боллоо.
Уг төсөл нь урлагаар дамжуулан хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлж, тэдний дундах шүдний өвчлөлийг бууруулахад хувь нэмэр оруулах зорилготой бөгөөд талууд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаар өнөөдрөөс албан ёсоор хэрэгжиж эхэлж байна.
Монгол Улсын Хүүхэлдэйн театрын захирал М.Отгончимэг “Хүүхэлдэйн театр нь хүүхэд багачууддаа зориулан тайзны уран бүтээлийг тогтмол туурвин хүргэдэг. Мөн 2019 оноос медиа салбарт хөгжүүлэлт хийж эхэлсэн билээ.
Энэ удаад “Гүүд Нэйборс” олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлэх “Миний хөөрхөн шүдний аялал” төслийн хүрээнд тайзны нэг уран бүтээл, телевизийн 20 ангит бүтээлийг хийхээр төлөвлөсөн” гэлээ.
“Гүүд Нэйборс” ОУТББ-ын менежер Х.Баавгай “Манай байгууллага АШУҮИС-тай хамтран 2016 онд нийслэл хотын хэмжээнд амны хөндийн эрүүл мэндийн талаар судалгаа хийсэн. Уг судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 92.9 хувь нь шүд цооролтын тархалттай, 8.6 хувь нь эрчимтэй тархалттай байгаа нь ажиглагдсан.
Шүд цооролттой байх нь бусад эрхтэн тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлдэг, суурь өвчлөлийг бий болгодог. Иймд хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан урлагаар дамжуулж амны хөндийн эрүүл мэндийн тухай мэдлэг олгох, шүдээ зөв арчлах дадлыг хэвшүүлэх зорилгоор жүжиг, телевизийн контентыг бэлтгэхээр төлөвлөсөн” гэлээ.
Хүүхэлдэйн театрын найруулагч М.Ариунтуяа “Төслийн хүрээнд 3-7 насныханд зориулан, тэдний сэтгэхүйн онцлогт тохируулж, сонирхол татахуйц тайзны бүтээлийг амилуулна.
Тайзны уран бүтээл нь “Амны хөндийн найзууд” нэртэй бөгөөд зохиолчоор Н.Мандал, зураачаар 2019 оны тайз дэлгэцийн шилдэг зураач, Мөнгөн мод шагналт С.Энх-Од ажиллана” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|