Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

С.Нарангэрэл: Төрийн нийтийн өмч гэдэг нь ард түмний хөрөнгө, улсын өмч гэсэн утгатай

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Олон нийтийн сүлжээнд Үндсэн хуулийн 6.2 заалтын тухай сүүлийн өдрүүдэд ихээхэн хөндөгдөж байна. 

Үндсэн хуулийн 6.2-т "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн" хэмээн заасан. 

Энэ заалтын талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид тодруулж, "Төрийн нийтийн өмч" гэх нэр томъёоллыг тайлбарлахыг хүслээ. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил сүүлийн 20 орчим жил яригдаж, өнгөрсөн жил олон түмний хэлэлцүүлэг дунд, УИХ-аар урт хугацаанд хэлэлцэж байж баталсан. 

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад үндэсний зөвшилцөл явагдаж, УИХ-д суудалтай болон суудалгүй бүх нам, Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ гээд бүх субъект зөвшилцлийн ажлын хэсгийг байгуулсан юм. Тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд зөвшилцлийн ажлын хэсэгт оролцож, 6.2-т уг томъёоллыг оруулж ирсэн. Төрийн нийтийн өмч гэдгийг агуулга нь баялаг бол төрийн нийтийн өмч буюу ард түмний өмч гэж байгаа. 

Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэ агуулгаар лицензийг нэг агентлаг олгохоо больж, төр өөрөө мэдэж шийдэх ёстой, магадгүй лицензийг УИХ, Засгийн газрын түвшинд олгодог болъё гэж байгаа юм. 1997 онд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар Төрийн өөрийн өмч, Төрийн нийтийн өмч гэх нэр томъёо орж ирж байсан. Энэ агуулгаар нэмэлт өөрчлөлт орсон. Үүнийг дагалдаж Ашигт малтмалын тухай хууль, Баялгийн сангийн тухай хууль гарах бөгөөд энэ харилцааг зохицуулахаар төлөвлөж байна" гэлээ. 

Мөн энэхүү нэр томъёоны талаар ХЗДХ-ийн орон тооны зөвлөх, академич С.Нарангэрэл "Хууль зүйн нэр томъёо бол шинжлэх ухааны нарийн үндэслэлтэй байдаг.

Төр гэдэг нь хоёрдугаар утгаараа УЛС гэж явдаг. Тэгэхээр төрийн нийтийн өмч гэдэг нь бүх ард түмний хөрөнгө, улсын өмч гэдэг утгаар Ерөнхийлөгч санаачилж, УИХ баталсан. Үүнд эх орноосоо урван тэрслэх, улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдалд өчүүхэн ч нөлөөлөх зүйл байхгүй гэдгийг би эрдэмтэн, судлаач, туршлагатай хуульчийн хувьд нийтэд хандан хэлмээр байна" гэв.

Түүнчлэн ойлголтын нэгтгэх зорилгоор УИХ-ын Тамгын газраас маргааш буюу наймдугаар сарын 19-нд Үндсэн хуулийн 6.2 заалттай холбоотой хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болсныг МАН-ын бүлгээс өчигдөр мэдээлсэн юм.

Зураг
13 | 18 | 18 цаг