Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Хуульчийн мэргэжлийн шалгалтын Жишиг сорилгын хураамж ирэх долоо хоногийн Лхагва гарагт хэвлэлтээс гарна"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2020 оны аравдугаар сарын 28-30-нд авахаар товлосон. 

Уг шалгалтыг зохион байгуулахаас 75 хоногийн өмнө товлогдсон өдрийг хэвлэл мэдээллээр олон нийтэд зарлах журамтай. Энэ дагуу өнөөдөр Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооноос мэдээлэл хийлээ. 

Хуульчийн мэргэжлийн шалгалтад жилд дунджаар 1,200-1,300 хүн цахимаар бүртгүүлдэг

 
Гэрэл зургийг mpa.mn

Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны дарга Ш.Нарантуяа "Хуульчийн мэргэжлийн шалгалтыг жилд нэг удаа товлон зарлаж, зохион байгуулдаг. Энэ жилийн шалгалтыг аравдугаар сарын 28-30-нд авахаар болсон. 

Хуульчийн мэргэжлийн шалгалтын зорилго нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх авахыг хүссэн эрхзүйчдийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагаанд оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлэх хангалтай мэдлэг чадвар эзэмшсэн эсэхийг тогтоох юм.

Шалгалтын бүртгэл маргааш буюу наймдугаар сарын 14-ний 11:30 цагт эхэлж, есдүгээр сарын 27-ны 00:00 цагт хаагдана. Шалгалтад бүртгүүлэгч нь хоёр шаардлагыг хангасан байх ёстой. Тодруулбал, 

  1. Эрх зүйн чиглэлээр гадаад, дотоодын их, дээд сургуульд бакалаврын зэрэг хамгаалсан байх
  2. Сургууль төгссөнөөс хойш хоёроос доошгүй жилийн хугацаанд мэргэшүүлэх дадлага заавал хийсэн байх ёстой" гэлээ. 

Хуульчийн мэргэжлийн шалгалтад жилд дунджаар 1,200-1,300 хүн цахимаар бүртгүүлдэг аж. Бүртгүүлэгчдийг шалгалт өгөх шаардлага хангаж буй эсэхийг бүрчлэн шалгаж, тулгадаг тул хоёр шаардлагыг хангаагүй бол бүртгүүлж, комиссынхны ажилд хүндрэл учруулах байхыг хүслээ. 

Шалгалт сорилго, гурван төрлийн бодлогын шалгалтаас бүрдэнэ. Сорилго шалгалтад 60 хувиас дээш оноо авсан шалгуулагч бодлогын шалгалтад орох эрхтэй бөгөөд нэг бодлого бодох хугацаа 150 минут байх аж. 

Хоёр шалгалтын нийт онооны дунджаар 70 ба түүнээс дээш авсан тохиолдолд тэнцсэнд тооцон, хуульчийн гэрчилгээг олгодог гэдгийг Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны дарга Ш.Нарантуяа хэллээ.

Ингэснээр тухайн хүн шүүгч, өмгөөлөгч, прокуророор ажиллах боломж нээгддэг байна. Шалгалтад оролцогчдын 11-28 хувь нь тэнцдэг бөгөөд энэ нь их, дээд сургуулийн хөтөлбөрийн чанар, шалгуулагчийн хувийн бэлтгэлээс хамаарч байгааг албаныхан тодотголоо. 

"Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 300 гаруй хууль, нийтээр дагаж мөрдөх 2,500 орчим хэм хэмжээ бий"

Хуульчийн мэргэжлийн шалгалтад зориулсан Сорилгын хураамжийг жил бүр хэвлэдэг бөгөөд энэ жилийн тухайд Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлт, бусад 150 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт орсон тул Сорилгын хураамжийг шинэчилж, хуучин хэвээр буй зарим хуулийн сорилыг дахин хянаж найруулжээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Уг Сорилгын хураамж хэзээ хэвлэгдэн гарах талаар Монголын хуульчдын холбооны Тамгын газрын дарга Б.Эрдэнэбадрах "Сорилгын хураамж ирэх долоо хоногийн Лхагва гарагт хэвлэлтээс гарч, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Номын сангаар худалдаалагдана.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 300 гаруй хууль, нийтээр дагаж мөрдөх 2,500 орчим хэм хэмжээ бий.

Нийгмийн амьдрал өөрчлөгдөхийн хэрээр жил бүр хуулиудад өөрчлөлт орж байдаг. Хуульч болох гэж буй, шалгалтад орох гэж байгаа бүртгүүлэгчид Үндсэн хуулийн эрх зүй, Захиргааны эрх зүйн, Иргэний эрх зүй, Эрүүгийн эрх зүй, Процессын эрх зүй болон хуульчийн ёс зүйн асуудалд голлон анхаарч шалгалтандаа бэлдэх нь чухал.

Шалгалтын зорилго нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх гэж байгаа, шүүн таслах ажиллагаанд оролцох гэж байгаа болон иргэн, хуулийн этгээдэд хууль зүйн зөвлөгөө өгөх гэж байгаа хүмүүсээс шалгалт авах учир энэ хүрээндээ бэлдвэл оновчтой" гэв. 

Энэ жилийн шалгалтын бүртгэлийн хураамж 50,000 төгрөг байна.