Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Чойжамц: Хөрөнгө оруулагчид "Шинэ Хөх Үүр" төслийн хүрээнд үндэсний брэнд рестораныг хамтран хөгжүүлэх боломжтой

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Монгол үндэснийхээ өв соёлыг уламжлалт хоол, хүнсээрээ дамжуулан сурталчилж буй “Хөх Үүр айраг&зоог” ресторан “Шинэ Хөх Үүр” төслөө эхлүүлсэн билээ. 

Уг төслийн хүрээнд олон нийтээс 500 сая төгрөг босгож, үндэснийхээ уламжлалт зоогийг хамтын хүчээр түгээн дэлгэрүүлэх саналыг хөрөнгө оруулагчдад тавьж байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор “Хөх Үүр айраг&зоог” рестораныг үүсгэн байгуулагч, "Хөх Үүр тур" ХХК-ийн захирал Г.Чойжамцтай ярилцлаа.

 

-Юуны өмнө "Хөх Үүр айраг&зоог" рестораныг анх нээж байсан түүхээсээ хуваалцахгүй юу?

 - Монголчууд бидэнд зөвхөн зун, намрын улиралд л айраг уух боломж гардаг. Бусад үед айраг олж уух боломж хомс.

Тиймээс надад "Яагаад улирал хамаарахгүй хүссэн үедээ айраг уунгаа хоол идээд сууж болохгүй гэж? Тэгж суух нөхцөлийг бүрдүүлсэн яагаад газар байдаггүй юм бол?" гэсэн бодол анх төрж билээ.

Тэрхүү бодлоос үүдэн гурван жилийн өмнө "Хөх Үүр айраг&зоог" нэртэйгээр цайны газар түрээслэн ажиллуулж эхэлсэн юм. Ингэхдээ нэг дор ердөө 20 хүнд үйлчлэх боломжтой, Монгол хоолны газар хэлбэрээр л үйл ажиллагаагаа явуулдаг байлаа.

Харин одоо "Хөх Үүр айраг&зоог" нэг дор 60 гаруй хүнийг хүлээн авах хүчин чадалтай, үндэсний хоолоор дагнасан ресторан болтлоо өргөжсөн байна.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бид хоолны технологийн хөгжүүлэлтээ хамгийн сайн хийж чадсан. Анх байгуулагдаад удаагүй байхад хоолны тухай гомдлууд нэлээд ирдэг байсан бөгөөд тэр бүх гомдлыг хүлээж аваад улам хөгжүүлж, өөрчилсөөр ирсэн юм.

Манай ресторан зөвхөн Монгол үндэсний зоог гаргахаас гадна аль ч улиралд Булган аймгийн Могод, Сайхан сумын айргаар үйлчилдгээрээ онцлогтой.

Бид идээ, ундаагаараа дамжуулан үндэсний соёл, уламжлалыг сурталчлах зорилготойгоор ажиллаж байна.

-"Шинэ Хөх Үүр" төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Яагаад уг төслийг хэрэгжүүлэх болов?

- Өнгөрсөн хугацаанд бид маш олон үйлчлүүлэгчтэй болж, өргөжиж чадсан. Гэсэн ч цаашид тэдгээр хэрэглэгчдийнхээ тав тухыг илүү хангах зорилгоор “Шинэ Хөх Үүр” төслөө эхлүүлсэн.

Тодруулбал, "Хөх Үүр айраг&зоог" ресторан иргэдэд зан, заншил соёл, уламжлалыг шингээсэн орчинд нь үндэснийхээ хоол хүнсээр үйлчилдэг байх цоо шинэ дүр төрх бий болгохыг зорьж байна. Үүний үр дүнд хэрэглэгчид монгол зоог, үндэснийхээ өв соёлтой ойр болохоос гадна үнэхээр тухтай орчинд, мэргэжлийн үйлчилгээ авах боломж бүрдэх юм.

Энэхүү зорилгоо биелүүлэхийн тулд бидэнд 450-500 сая төгрөг шаардлагатай. Уг хөрөнгийг “Шинэ Хөх Үүр” төслийн хүрээнд олон нийтийн дундаас босгох замаар бизнес эрхлэгчдэд манай рестораны эзэмшигчдийн нэг болох санал тавьж буй хэрэг. 

Тиймээс энэ төслийг маань дэмжиж, хөрөнгө оруулсан хүмүүс үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, үндэсний брэнд рестораныг хамтран бий болгохоос гадна гурван одтой рестораны эзэмшигч болох боломжтой.

-"Шинэ Хөх Үүр" төслөөр одоогийн "Хөх Үүр айраг&зоог" рестораныг хэрхэн сайжруулж, юугаар нь давуу талтай болгох юм бэ?

-Рестораны бизнест зөвхөн сайхан амттай хоол хангалттай биш. Тав тухтай орчин, мэргэжлийн үйлчилгээ, үйлчлүүлэгчдийн дунд бий болдог дулаан уур амьсгал зэргээрээ хэрэглэгчдээ татдаг.

Нөгөөтээгүүр, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчид сайжруулалт, шинэчлэлийг байнгын зарчмаа болгож байж хэрэглэгчдийнхээ сайшаалыг хүртдэг.

Манай рестораны хувьд, олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдаж, сонирхолтой байдаг. Гэсэн ч үйлчилгээ үзүүлж буй орчин маань 100 хувь шилдэг нь байж чадахгүй байгаа гэж харж байна.

Өөрөөр хэлбэл, "Шинэ Хөх Үүр" төслийн хүрээнд үйлчлүүлэгчдийнхээ дунд илүү дулаан уур амьсгал бий болгох орчин, нөхцөлийг хангалттай хэмжээнд бүрдүүлэх юм.

-Тэгвэл төслийн хүрээнд шинээр бий болох интерьер дизайн, тохижилт ямар онцлогтой байх вэ?

-Шинэ тохижилтоороо бид хамгийн түрүүнд өөрсдийн өнгө төрхийг илэрхийлэхүйц байлгахыг зорьсон гэдгийг онцлох хэрэгтэй.

Учир нь интерьер дизайн гоё, сайхан харагдахаас гадна үйлчлүүлэгчдийн дунд бий болдог халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхүйц байх хэрэгтэй. Ийм уур амьсгал нь хоол, орчин, үйлчилгээнээсээ ч илүү чухал байдаг. 

Тиймээс интерьер дизайны багаа тийм чиглэлээр ажилладаг олон чадварлаг залуучуудаар бүрдүүлсэн.

Мэдээж, үндэсний гэх тодотголтой бүхий л үйлчилгээний газар шиг үндэсний уламжлалт элементүүдийг орчин үеийн барилгад тохируулан хийсэн. Ингэхдээ үүдний хэсэгт өндөр ач холбогдол өгч хийсэн. Итали архитектурт хаалга бол нэр хүндийн илэрхийлэл гэж үздэг. Монголчууд ч өөдлөх айл үүднээсээ гэж ярьдаг шүү дээ.

Харин рестораныхаа дотор орчны хэсэгт хүмүүс зөвхөн хоол идэж, халуун яриа өрнүүлэхээс гадна шагай шатар тоглох гэх мэт өөр зүйл хийх боломжийг бүрдүүлсэн. Мөн олон төрлийн эвэнт арга хэмжээ зохион байгуулахад бүх л хүн тайз руу харах боломжтой шийдлүүдийг сонгосон.

Рестораны маань нэгж хэсэг бүр үндэсний онцлогтой. Гэхдээ үндэсний уламжлалт гэхээрээ л хуучинсаг гэсэн үг биш.

Монголчууд хүчирхэг байх цаг үедээ орчин үеийн техник технологийг хурдтай нэвтрүүлж чаддаг байсан гэцгээдэг. Тийм ч учраас ширээ бүрт захиалга өгөх, рестораны үйлчилгээг үнэлэх таблетууд суурилуулснаас гадна дууны зааландаа 5.1 дууны системийг төлөвлөсөн гэх мэт олон сьюрприз бий.

Үйлчилгээний үнэ цэнэ, хооллох соёл, түүгээр дамжуулан өв соёлоо сурталчлахад зөвхөн үйлчилгээний хэсгийг төлөвлөх нь хангалтгүй байсан. Тиймээс гал тогоо, түүний орон зайг дахин төлөвлөж, орчин үеийн хэрэгслүүдээр тоноглохоор төлөвлөсөн. Тэгээд холбоо дохиолол, агааржуулалтын системүүдийг шинээр хийсэн.

Интерьер дизайны сонирхолтой шийдлүүд нь инженерингийн бусад шийдлүүдтэй сайн хосолж байж, урт хугацаанд үр дүнгээ өгдөг гэдгийг энэ төлөвлөлтийг хийлгэж байхдаа л ойлгосон.

-"Шинэ Хөх Үүр" төсөл нь хөрөнгө оруулсан хүмүүст ямар ашигтай байх вэ?

- Товчхондоо, манай төсөлд хөрөнгө оруулснаар зах зээлд амжилттай байршиж, туршигдсан, ашигтай ажиллаж байгаа концепцод хөрөнгө оруулж, мэргэжлийн багтай, өсөлтийн томоохон амбицтай бизнесийн эздийн нэг болох боломжтой.

Ядаж л санхүүгийн хувьд мөнгөө хадгаламжид байршуулснаас илүү ашигтай байхаас гадна насан туршийн хөрөнгөтэй буюу хувьцаатай болж байна гэсэн үг.

Бид наймдугаар сарын 15-н гэхэд бүх хөрөнгө оруулалтын ажлаа дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Түүнээс хойш 30 хоногийн дотор хөрөнгө оруулалт хийсэн хүмүүстэйгээ хуралдаж, компаниа шинээр байгуулаад дараагийн ажилдаа орно.

Ногдол ашгийн хувьд, цэвэр ашгаасаа хэдэн хувийг нь тарааж, хэдэн хувийг нь дэвших хөрөнгө оруулалтдаа зарцуулах уу гэдгээ тус хурлаараа шийдэх юм.

Санхүүгийн болон эрсдлийн нарийн асуудлыг хөрөнгө оруулагчид бидэнтэй уулзахдаа илүү дэлгэрэнгүй тайлбар авах байх.

-Яагаад энэ хөрөнгийг заавал олон нийтээс босгохоор шийдэх болов. Мөн хөрөнгө оруулах хамгийн бага дүн хэд байхаар тооцоолсон бэ?

- Бид өнгөрсөн жил жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авах оролдсон ч чадаагүй. Ер нь манай улсад зээл авахад барьцаа хөрөнгө шаардана эсвэл зээлийн хүү нь маш өндөр байх зэрэг олон бэрхшээл бий.

Тиймээс миний хувьд, компаниа олон хүний оролцоотой болгох нь хамгийн зөв шийдвэр гэж үзсэн.

Манай улсад мөрдөгдөж буй Компанийн тухай хуульд Хязгаарлагдмал Хариуцлагатай Компанийг дээд тал нь 50 хүн хамтран эзэмшиж болно гэж заасан байдаг. Үүний дагуу би өөрөөсөө гадна 49 хүнд “Хөх Үүр айраг&зоог” рестораны эзэмшигч болох боломж олгож байна.

Дээрх хуулийн хүрээнд компанийн хамтран эзэмшигч болох хүний тоо хязгаартай тул хөрөнгө оруулах доод хэмжээ ч бас хязгаартай гэсэн үг. Тиймээс нэг хүн доод тал нь 10 сая төгрөгийн хөрөнгө оруулах шаардлага тавьж байгаа. Өнөөдрийн байдлаар хэд, хэдэн хүн хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулахаа тохирчихсон байна.

-Байгуулагдаад гуравхан жил болж байгаа мөртлөө олон нийтээс 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авах гэж байна. Өмнө нь манайд гарааны компаниуд ийм алхам хийж байсан жишээ байдаг уу?

-Олон нийтээс хөрөнгө оруулалт татах оролдлого хийж байсан жишээ байдаг ч амжилттай болсныг нь сайн мэдэхгүй. Бидний хувьд ч энэ шинэ зүйл. 

Тиймээс судлах шаардлагатай олон зүйл гарсан бөгөөд бид гадаад, дотоодын олон кэйсүүдийг харьцуулж үзээд үүнийг боломжтой гэж үзсэн юм. Эхнээсээ эерэг үр дүнд гарч байгаа ч төсөл хэрэгжиж дуусаагүй л байна.

Ямартай ч амжилттай болсных нь дараа бусад бизнесүүдэд зориулаад энэ чиглэлийн туршлагаа нээлттэйгээр хуваалцах болно. Учир нь туршлага олон жижиг, дунд бизнес эрхлэгчид хэрэгтэй гэж бодож байна.

-"Шинэ Хөх Үүр" төсөл амжилттай хэрэгжлээ гэхэд зах зээлд өрсөлдөх чадвар нь ямар байх бол?

-Рестораны бизнест концепц, түүнийгээ брэнд болгох нь маш чухал. Эдийн засаг, зах зээлийн сорилтуудыг даван туулахад ч эдгээр нь л чухал нөлөөлдөг.

Тиймээс ч "Шинэ Хөх Үүр" төслөөр бий болох ресторан дан ганц үндэсний хоолоор дагнасан өөрийн гэсэн өнгө төрхтэй байх болно.

Өнөөдөр "Хөх Үүр айраг&зоог" ресторан нэгэнт олон тооны байнгын хэрэглэгчтэй болчихсон, цаашид хэрэглэгчид илүү нэмэгдэх учир зах зээлийн хувьд өрсөлдөх чадвар сайн байх болно гэж харж байгаа.

Нөгөө талаар, манай борлуулалтын амжилттай яваа чухал шалтгаан бол хөхүүрийн айраг. Бид өнгөрсөн жилээс хөхүүрийн айргийг жилийн дөрвөн улирлын турш нийлүүлэх боломжтой дэд бүтцийг бий болгож чадсан.

Эдгээр нь манай төслийн ард амжилттай гарч чадахыг илтгэх үндсэн шалтгаан болно.

Түүнээс гадна, чиглэл тус бүрдээ эрч хүчтэй, туршлагатай, мэргэшсэн мэргэжилтнүүдээр удирдлагын багаа бүрдүүлж, төлөвшүүлэх процесс яг одоо явагдаж байгааг хэлэх хэрэгтэй.

-Ярилцлагын эхэнд та байгуулагдаад удаагүй байхдаа хоолны талаарх гомдлууд нэлээд ирдэг байсан хэмээн өгүүлсэн. Тэр байдлыг та бүхэн одоо хэрхэн сайжруулж, өөрчилж чадсан бэ?  

- Одоо бол хэрэглэгчээс хамаарсан субъектив гомдол л гардаг. Энэ дэлхийн бүх л ресторануудад байдаг үзэгдэл. Гэхдээ тэглээ гээд хөгжүүлэлтийн ажлаа зогсоосон гэсэн үг биш. 

Тухайлбал, бид Монгол Улсын мастер тогооч С.Гантөмөртэй хоолны хөгжүүлэлтийн чиглэлээр хамтарч ажиллахаар болоод удаагүй байна.

Дэлхийн мастер тогооч нарын холбооны гишүүн, Европын цомын аварга гэх мэт олон улсын чанартай тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлж байсан, 20 гаруй жилийн туршлагатай хүн бидэнтэй хамтран ажиллах болсонд их баяртай байгаа. 

- Таны ярианаас рестораны бизнест үйлчлүүлэгчдийн дунд бий болдог уур амьсгалыг бүрдүүлэхээс эхлээд олон зүйл чухал гэдгийг ойлгож авч байна. Ер нь манайд сүүлийн үед маш олон ресторан, хоолны газар шинээр нээгдэх болсон. Тэднийг юун дээрээ анхаараасай зөвлөмөөр байна вэ?

-Би энэ салбарт бизнесээ хөгжүүлээд гуравхан жил болж байгаа болохоор өөрийгөө хангалттай туршлагатай гэж хэлж чадахгүй. Одоо ч суралцсаар л явна. 

Гэхдээ манайд нийтийн хоолны чиглэлийн олон газар шинээр нээгддэг ч тэр бүр амжилттай ажиллаж чадалгүй хаалгаа барьдаг.

Статистикаас харахад манайд нийтийн хоолны чиглэлээр маш олон газрууд шинээр нээгддэг ч бусад салбаруудтай харьцуулахад дампуурлын түвшнээрээ эхний гуравт ордог.

Эндээс өндөр эрсдэлтэй, бас өрсөлдөөн ихтэй салбар гэдгийг харж болно.

Миний ажигласнаар, энэ салбарт бизнес эрхлэгчид концепц буюу хүмүүс яагаад танайхыг зорьж очдог вэ гэдэгт л тодорхой хариулт өгөх ёстой болов уу.

Тухайлбал, манай ресторан үйлчлүүлэгчдээ зөвхөн хоол идэж, айраг уулгаад гаргахаас гадна үндэсний тоглоом наадгай тоглож, амьдралынхаа нэг сонирхолтой, дурсамжтай өдрийг өнгөрүүлэх боломжийг нь бүрдүүлж, энэ тал дээр анхаарлаа хандуулж ажилладаг. 

Концепц тодорхойлох нь байршил сайн байхаас илүү чухал үзүүлэлт. 

Мөн зэрэглэл өгсөх тусам үйлчлүүлэгчдийн шаардлага, үйлчилгээнээс хүлээгдэж байгаа үнэ цэнэ нэмэгддэг гэх мэт олон зүйлийг хэлж болно.

- "Шинэ Хөх Үүр" төслийг сонирхсон хэрхэн холбоо барих вэ?

-Манай төслийг сонирхож буй бүх хүмүүст бид мэдээллээ нээлттэйгээр өгч байгаа. Сонирхсон хүмүүс миний 80118980 дугаарын утсаар холбогдож, цаг тохироод уулзах боломжтой.

- Ярилцсанд баярлалаа.

ВИДЕО:

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.