Улаанбаатарт хамгийн элбэг зүйл эмийн сан болж. Таван алхаад л “Эмийн сан” гэсэн хаяг таарна.
Хамгийн ашигтай бизнес гэдгийг олж харсан нэгний хэтэвч ёстой түнтийж байна. Манай улсад эмийн талаар төрөөс баримтлах бодлого гэсэн том нэртэй баримт бичиг байдаг ч төдийлөн мөрддөггүй.
Тиймээс эмийн бизнест хяналт алдагдсан гэдгийг салбарын яам нь хүртэл хүлээн зөвшөөрдөг юм билээ. Монгол гадны хэчнээн орноос эм импортолж буй нь тодорхойгүй.
Гаалийнхан яг төд гэсэн тодорхой тоо хэлдэггүй. Зарим хүмүүсийн ярьснаар аль хэдийнэ олон улсын стандартаас хасагдсан эмийг ч монголчууд гололгүй хэрэглэсээр өнөөдрийг хүрсэн гэдэг.
Нөгөөтэйгүүр урьдчилан сэргийлэх бодлого барьж чадаагүйн улмаас өдгөө хүн амын дунд элдэв төрлийн өвчлөл хэрээс хэтэрсэн.
Эрүүл хүн ховор болсон нь үүнтэй холбоотой. Өвчинд нэрвэгдсэн иргэд хайрцаг хайрцгаар нь эм, тариа хэрэглэж амиа аргацааж байна. Ингэж хэлэхийн учир нь саяхны нэгэн өдөр “Монос”-ын төв аптекаас хүмүүс тор тороор нь эм авч байхыг харлаа.
Тус аптекийн жороор эм олгодог хэсэгт урт дараалал үүссэн нь мартагдах шахсан социализмыг сануулав. Нэг хүн дунджаар 100 гаруй мянган төгрөгийн эм, тариа худалдан авч байна. Дараалалд зогсоод эм авч буй хүмүүсийг ажин, мөнгөнийх нь дүнг сэмхэн нэмээд үзтэл цагийн дотор л хоёр сая төгрөгийн орлого олчихов. Ингээд бодохоор эм ч аргагүй л ашигтай бизнес бололтой.
Өвчнөөр дөрөөлөн эмээр бизнес хийн нэг хэсэг нь хөлжиж байхад жирийн иргэд эм, тарианд хамаг мөнгөө үрж байх юм. Нэг үгээр монголчууд эм, тариагаар хооллодог болжээ. Ийм байхад эмийн зохистой хэрэглээний тухай яриад ч хэрэггүй биз. Зохистой хэрэглэж сурахад их цаг хугацаа шаардагдах нь харагдаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!