Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Бурхан багшийн их дүйчин өдөр сожин сахил авч байвал тус эрдэм нь хязгааргүй"

ikon.mn
2020 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Аливаа нүгэл хилэнцийг арилган, буян хураахын хамгийн хялбар арга бол тэгчэн сожин буюу нэг өдрийн сахил авах ёс юм.

Сожин сахил гэдэг нь буянаа сэргээх гэсэн утгатай төвд үг юм. Энэхүү сожин сахилыг сар бүрийн билгийн тооллын шинийн найман, арван таван, битүүний өдрүүдэд авч сахиваас тус эрдэм үлэмж болохын дээр Бурхан багшийн их дүйчин өдөр сожин сахил авч байвал тус эрдэм нь хязгааргүй билээ. Сожин сахил авахдаа өглөө эрт гарын алганы зураас харагдах цагт босож бурхан шүтээн, лам багшийнхаа өмнө гурав мөргөөд сожингийн судраа уншин сүүлд нь гурвантаа мөргөж, уншлага уншин, ам аван сахидаг зан үйл юм. Сожин сахил авах энэ ёс нь эртнээс нааш лам хуварга, болон манай ард түмний дунд өргөн дэлгэрсэн билээ.

Нэг өдрийн сожин сахилын сахих найман зүйл нь:

  1. Аливаа амьтны амийг үл таслах,
  2. Бусдын эдийг үл авах,
  3. Эр эмийн үйлийг үл үйлдэх ,
  4. Худал үгсийг үл өгүүлэх,
  5. Элдэв гэмт архийг үл уух,
  6. Өндөр ширээ дэвсгэрт үл суух,
  7. Цаг бусын идээ үл идэх буюу үдээс хойш хоол үл идэх, цагаан хоол идэх,
  8. Чимэг зүүлт үл хэрэглэх, бүжиг дууг үл сонсох зэрэг болой.

Нэг өдрийн сахил авсны ач тус нь:

Ёс суртахуунгүй явсны сэтгэлийн зовлон арилах ба ариун сэтгэлээр ном сонсох, яруу сайхан алдар зүг зүгт түгэх, амгалангаар унтах, мөн унтахын цагт тэнгэрсүүд сахих, хилэнц нүглийн хир арилах, дайсан ба хүмүүн бусууд үл хорлох, харин нааш тус хүргэх, хувцас идээ тэргүүтэн төвөггүй олдох, аль тавьсан ерөөл өөрөө бүтэх тэргүүтнийг сударт номлосон болой.

Бас чухал хэрэгтэй эд эдлэл, өргөл хүндлэл аяндаа гарах, таньж мэдэхгүй амьтан бүгд ч үзсэн төдийгөөр бишрэх, хөлөөр гишгэсэн шороог тэнгэр нар мөргөн тахиж шүтэх тэргүүтэн тус эрдэм хязгаарлашгүй хэмээн сударт номлосон болой.

Бурхан багшийн Их дүйчэн өдөр МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам Д.Чойжамц ТВ9 телевизээр маргааш өглөө 05:00 цагаас энэхүү сахилыг нийт лам хуврага, сүсэгтэн олонд хүртээх тул өргөнөөр оролцохыг уриалж байна.

Энэхүү буянаар орчлонгийн зовлонт амьтан бүгдээр сансрын далайгаас гэтлэх болтугай.

 


Эх сурвалж: Гандан Тэгчэнлин Хийд