Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын эргэн тойронд дэлхийн улс, орнуудын хийж буй тандалт судалгааны тоймыг цаг мэдээлж буй.
Уг өвчний эргэн тойронд хийгдэж буй тандалт, судалгааны тоймын 17 дахь дугаарт дараах судалгаануудыг онцолсон байна.
1. АНУ-ын Өмнөд Калифорнийн их сургуулийн эрдэмтэд Лос Анжелос хотын 865 хүний дунд коронавируст халдварын эсрэг бие тодорхойлох судалгаа хийхэд 4.7%-д нь коронавирусийн эсрэг бие тодорхойлогджээ.
2. Тайванийн Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс эмнэл зүйн шинж тэмдэг илрэхийн өмнө болон дараа коронавирусийн халдварлах чадамжийг 100 өвчтөн, тэдгээрийн ойрын хавьтал 2,761 хүнийг хамруулан судалжээ.
Эмнэл зүйн шинж тэмдэг эхэлснээс хойш тав хоногийн дотор өвчтөний гэр бүлийн гишүүд COVID-19-өөр илүү өвчилж байгааг тогтоожээ.
3. Австрийн Гразын их сургуулийн эрдэмтэд COVID-19-өөр нас барсан 11 хүний эрхтэн системийн эмгэг өөрчлөлтийг судлан уушгины артерийн судасны бөглөрөл үхлийн гол шалтгаан болсныг илрүүлжээ.
Иймд уушгины артерийн бөглөрөлтэй өвчтөнүүдийг анхаарч эрт үед нь цус бүлэгнэлтийн эсрэг эмчилгээ хийхийг зөвлөжээ.
4. АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв коронавирусийн халдвар авсан нийт хүмүүсийн 35% нь балархай буюу шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилж, халдвар тарааж буйг тогтоожээ.
Тиймээс зай барих, маск зүүх, гар угаах зэргийг хэвшүүлэх нь чухал ач холбогдолтой гэжээ.
5. Вашингтоны их сургуулийн эрдэмтэд бага, дунд орлоготой орнуудын хоёр тэрбум гаруй хүн гар угаах саван болон усны нөөцийн хомсдолын улмаас коронавирусийн халдвар авах, бусдад тараах эрсдэлтэй гэжээ.
6. Английн “UCL” их сургуулийн судлаачид коронавирус хувьсан өөрчлөгдөж байгаа ч халдвар тараах чадвар нь хэвээр байна гэжээ.
7. Ухань хотын вирус судлалын хүрээлэнгийн захирал COVID-19 цухуйж буй мөсөн уулын зөвхөн орой нь.
Цаашид дэлхий нийт хамтдаа илүү өргөн хүрээнд судалгаа шинжилгээ хийж, оношилгоо эмчилгээний дэвшил гаргахгүй бол цар тахлын байдал сайжрахгүй гэжээ.
8. Шинэ төрлийн коронавирусийн эсрэг 100 гаруй вакцин гаргах ажил судалгааны шатанд байгаагаас цөөн хэд нь эмнэл зүйн туршилтад орж, нааштай үр дүн үзүүлж байна.
Гэвч түрүүлж гарах вакцинд эрдэмтэд эргэлзэж байна.
Тухайлбал, АНУ-ын Жонсон ба Жонсон компанитай вакцины чиглэлд хамтран ажиллаж буй Beth Isreal Deaconess эрүүл мэндийн төвийн вирус судлаач Дан Барух “Аливаа вакцин үр дүнтэй, аюулгүй гэдгийг нотлохын тулд цаг хугацаа хэрэгтэй.
Ямар нэгэн саад, бэрхшээл учрахгүй нөхцөлд л 12-18 сарын дотор вакцин гаргах боломжтой” гэжээ.
Түүнчлэн зарим эрдэмтэн түрүүлж гарах вакцин зөвхөн “хэсэгчилсэн хамгаалалт” болно.
Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо, нас баралтыг бууруулахад үр дүнгээ өгөх ч цаашид тогтмол ашиглагдах нь тодорхойгүй гэж үзжээ.
9. Олон улсын анагаах ухааны JAMA сэтгүүл 5-р сарын 22-ны өдөр коронавирусээр халдвар авч эдгэрсэн өвчтөний шинжилгээний хариу дахин эерэг гарах асуудлыг судалж, үр дүнг танилцуулсан байна.
Судалгааны явцад халдвар авсан нь батлагдсанаас хойш 56 хоногт өвчтөний биед вирус идэвхтэй хэвээр байсныг онцолжээ.
Эмнэлгээс эдгэрч гарсан 60 өвчтөний 10-т нь ПСР-аар коронавирус 4-24 хоногт эерэг гарч байжээ. Үүнийг вирус тээх байдал даамжирсан гэж үзсэн бөгөөд энэ нь дахин халдвар авсан гэсэн үг биш гэжээ.
Түүнчлэн эдгэрсэн 6 хүний бүдүүн гэдэснээс авсан шинжилгээнд вирус хадгалагдсаар байжээ. Өтгөнд байгаа вирус халдварлах чадвартай эсэх нь одоогоор тодорхой бус байна.
Эрүүл мэндийн яамны ашигласан эх сурвалж:
1. https://jamanetwork.com/journals/jama/fullarticle/2766367
2. https://www.eurekalert.org/pub_releases/…/ifhm-nsf052020.php
3. https://www.practiceupdate.com/c/100256/75/24/…
4. https://www.yahoo.com/…/cdc-estimates-35-percent-with-coron…
5. https://www.practiceupdate.com/…/pulmonary-a…/100843/21/24/1
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!