Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын эргэн тойронд дэлхийн улс, орнуудын хийж буй тандалт судалгааны тоймыг бэлтгэн мэдээлжээ.
Уг өвчний эргэн тойронд хийгдэж буй тандалт, судалгааны тоймын 15 дахь дугаарт дараах судалгаануудыг онцолсон байна.
1. Израилийн Тел-Авив хотын их сургуулийн эрдэмтэд сүрьеэгийн эсрэг БЦЖ вакцин коронавируст халдварт нөлөөлж байгаа эсэхийг судалжээ.
БЦЖ хийлгэсэн 3,064, хийлгээгүй 2,869 COVID-19-тэй өвчтөнг харьцуулахад сүрьеэгийн вакцин халдвар авахад нөлөөлөхгүй болохыг тогтоосон байна.
Харин уг судалгаанд хүнд өвчтөн бага хамрагдсан учраас БЦЖ вакцин COVID-19-ийн хүндрэлээс сэргийлдэг эсэхийг тодорхойлох боломжгүй байжээ.
2. АНУ-ын эрдэмтэд тамхи татдаг хүмүүс COVID-19-өөр өвчилж хүндрэх эрсдэлтэй гэж үзжээ.
Учир нь уушгинд байдаг ACE2 рецептор нь тамхи татах үед ихсэж коронавирустэй холбогддог болохыг тогтоосон байна.
Судлаачид тамхи татахгүй байхад ACE2 уургийн хэмжээ буурч байгааг илрүүлсэн аж.
3. Их Британийн анагаахын сургуулийн эрдэмтэд COVID-19-тэй 274 өвчтөнд хийсэн судалгаагаар 7.7% нь венийн судасны бөглөрөл (тромбэмболит)-тэй байжээ.
Эдгээр өвчтөнүүдийн 76.2%-д уушгины судасны бөглөрөл (эмболи) болон цус бүлэгнэх шинж илэрсэн байна.
Судлаачид COVID-19 туссан өвчтөнд венийн судасны бөглөрлийг эрт илрүүлэх нь нас барах эрсдлийг бууруулна гэсэн байна.
Түүнчлэн энэхүү судалгааг COVID-19-ийн эмгэг жамыг судлахад ач холбогдолтой гэж үзжээ.
4. ОХУ-д COVID-19 туссан өвчтөнүүдийн нас баралтын шалтгааны 60 орчим хувь нь зүрхний шигдээс байсан байна.
5. Францын Лионы их сургуулийн судлаачид эрчимт эмчилгээнд орсон COVID-19-тэй 340, коронавируст халдваргүй 1,210 хүнд өвчтөнүүдийг харьцуулахад COVID-19 туссан өвчтөнүүдийн дунд таргалалтын түвшин өндөр байжээ.
6. Их Британийн судлаачид өдөрт 6-10 удаа гараа угааснаар COVID-19-ийн халдвар авах эрсдлийг 36 хувь бууруулах боломжтойг тогтоосон байна.
7. Канадын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн судалгаагаар хүн хоорондын зай барих арга хэмжээг зогсоовол COVID-19-ийн улмаас өдөрт 150 хүн нас барна гэж тооцоолжээ.
Эрүүл мэндийн яамны дээрх мэдээллүүдэд ашигласан эх сурвалжууд:
1. https://jamanetwork.com/journals/jama/fullarticle/2766182
2. https://www.eurekalert.org/pub_releases/…/cshl-sis051820.php
3. https://www.eurekalert.org/pub_re…/2020-05/uos-hro051920.php
4. https://www.thelancet.com/…/PIIS2213-8587(20)30160…/fulltext
5. https://wellcomeopenresearch.org/articles/5-98
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!