Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Hippocards апп Японоос хагас тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авлаа

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Хэл сурахыг хүссэн хүмүүст мөрөөдлөө биелүүлэх боломж олгох зорилгоор хурдан хугацаанд үг цээжлэх хэрэгсэл болж танилцуулсан Hippocards аппликейшн олон нийтэд хүрээд есөн сарыг ардаа үджээ.

2019 онд гарсан тус аппликейшнийг өнөөдрийн байдлаар 400,000 гаруй хүн татаж аван, хэлээ сайжруулахаар шамдаж байна.  

Харин нөгөө талд аппликейшн дотроо толь бичигтэй болж, Англи хэлээс гадна Япон, Солонгос зэрэг олон улсын хэлээс сонгон суралцах боломжийг олгож эхэлсэн ба Hippocards хоёр дахь хувилбараа танилцуулаад байна. Үүгээр зогсохгүй тус аппликейшн нь хагас тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг авч чадсан байна.

Иймээс хурдан хугацаанд амжилттай ажиллаж, бүх насныхны гэрээсээ хэл сурах хэрэгцээг хангаж буй Hippocards аппликейшнийн үүсгэн байгуулагч Б.Идэр-Од, хөрөнгө оруулагч, багийн ахлахуудтай ярилцлаа.

График 1.  Татаж авсан хүмүүсийн төхөөрөмийг харьцуулбал:

 

График 2. Хэрэглэгчдийг хүйсээр нь ангилж харвал: 



Үүсгэн байгуулагч Б.Идэр-Од:

- Өөрийн тань хувьд хэл сурах олон янзын чадваруудаас яагаад заавал “Үг цээжлэх” чадварт зориулсан аппликейшнийг сонгож бүтээсэн нь сонирхол татаж байна. Энэ тухай ярилцлагаа эхлүүлье?

- Хүн бүр тэс өөр, өөр байдлаар хэлийг сурдаг. Гэхдээ үгийн сангаа хугацаа алдалгүй, системтэй, зугаатайгаар нэмэгдүүлэх нь хүн бүрийн хэрэгцээ байдаг. Эдийн засгийн эргэлтэд оруулах хөрөнгө гэдэг шиг эхний 2,000 үг их чухал л даа... Би аппликейшн бүтээхээсээ өмнө биечилж 6,000 орчим сурагчдад танхимын, заалны хичээлүүд зааж байсан. Энэхүү аппликейшнээ гарцаагүй хэрэгцээ л гэж харж байна. 

- Танай аппликейшн Монголдоо анхдагч байсан болоод ч тэр үү хүмүүст хурдан танил болсон санагддаг. Зах зээлд гарснаас хойш өрсөлдөөн хэр зэрэг мэдрэгдэж байна?

- Аппликейшн хэрэглэнэ гэдэг нь гоё мэдрэмж авч, контентыг тоглоом шиг л зугаатай хүлээн авахын нэр л дээ. Манай апп хурдан, торго шиг урсаж ажилладаг. Доторх агуулга нь удаан хугацаанд, сайн боловсруулсан учраас өрсөлдөөний тал дээр бид санаа зовдоггүй юм. Хамгийн гол нь апп маань сайн хэрэглэгдэж байна уу, хүн үнэхээр шинэ үгсээ сайн сурч байна уу гэдэг нь л бидний номер нэг анхаардаг зүйл. Одоогоор 400 гаруй мянган хүн манай апп-ийг татаад байгаа.

 

- Үүсгэн байгуулагчийн хувьд тус аппликейшнийн дараагийн шинэчлэлтийг хэрхэн төсөөлж байгаа бол?

- Улам л хэрэглэхэд урамтай, зугаатай болно. Толь бичигтэй болсон. Англи хэлнээс гадна Орос, Япон, Солонгос, Хятад гээд олон хэлийг сурч болж байгаа. Бид хэрэглэгчдээ сайн сонсож, шөнийн харанхуйд зориулсан горим, машиндаа үгээ цээжлээд явдаг авто плэй горимтой болгох гэх мэтээр сайжруулсан. Цаашид ч сурсан үгээ сайн хэрэглэж, өөрийн болгоход нь тустай аппликейшн байлгана аа. 

- Санаагаа гаргаад хэрэгжүүлнэ гэдэг ямар ч бизнесийн үүсгэн байгуулагчийн хувьд том зүйл. Өөрийн чинь хувьд энэ ажилдаа ямар зарчмыг баримталж ажилладаг бол?

- Хүнд хэрэгтэй зүйл заавал амжилтад хүргэдэг гэж итгэдэг. Англи хэлгүй бол бид Монгол Улсаа хөгжүүлж, хүчтэй болгох боломжгүй шүү дээ. Монголдоо сайн бүтээл туршиж чадвал, олон улсад хүч үзнэ гэж бас зорьдог.

- Уг төслийг хариуцан ажиллаж буй хүний хувьд хөрөнгө оруулалт санхүүгийн хувьд ямар зарчмыг баримталж ажилладаг талаараа хуваалцаж болох уу?

Б.Идэр-Од: Хүн өөрөө л хичээж чадвал аяга кофены үнээр сарын дотор мянга, мянгаар нь үгсийн сангаа тэлж болно. 

- Нэг цамцны үнээр хагас жил энэ их мэдлэгт нэвтэрнэ. Хэрэглэгч талдаа интернетийн буян гэж байдаг бол түүнийг л мэдрүүлмээр байна. Манай үйл ажиллагааны хувьд бол бид аль болох л хэрэглэгч мөнгөө төлсөндөө хэзээ ч харамсахааргүй бүтээлийг бий болгохын төлөө, аль болох удаан тэсэхийг л хичээнэ дээ. Яг одоо бол сар тутмын баланс маань алдагдалтай явж байгаа. Гэхдээ болно доо. (инээв)

Монголчуудын хувьд дэлхийд гарахын тулд мэдээллийн технологи, гадаад хэл зайлшгүй хэрэгтэй
 

Хөрөнгө оруулагч Таками Юүичи

- Hippocards аппликейшнийг санхүүжүүлэх болсон шалтгаан юу байсан бэ?

- Идэр-Од болон түүний багийнхантай ярилцаж үзээд, тэдэнд мөрөөдлөө биелүүлэх хүч чадал байгааг би олж харсан юм. Монгол Улсын хөгжилд нэг ч гэсэн залуу хүн "Англи хэл" гэх мэт гадаад хэлийг сурах нь чухал бөгөөд үүнд хувь нэмэр болохуйц санал байснаас гадна бизнесийн хувьд ч өндөр боломжтой санагдсан юм. 

- Хөрөнгө оруулж байгаа нь сайн хэрэг ч гэлээ. Covid-19-той холбоотойгоор эдийн засгийн хүндрэл хаа хаанаа үүсэж буй энэ үед эрсдэл гарах вий гэхээс айхгүй байна гэж үү?

- Цар тахлын үед хөрөнгө оруулна гэдэг мэдээж маш их эрсдэлтэй. Би эргэлзээгүй гэж худал хэлэхгүй. Гэвч бэрхшээл гэдэг өөрөө боломж. Ийм л үед Hippocards шиг онлайн гадаад хэлний сургалтын аппликейшн илүү хэрэгтэй болно шүү дээ. Дэлхий дахин ч гэсэн коронатай орчинд хэвийн байх шинэ орчинд шилжиж эхэллээ. Энэхүү шинэ хэвийн байдалд манлайлах боломж энэ бизнест байна.

Би сүүлийн 20 гаруй жил монгол залуусыг хэрхэн дэмжих вэ гэж бодсоор ирлээ. Энэ удаагийн хөрөнгө оруулалт ч гэсэн “Монгол залуусыг дэмжинэ” гэсэн миний нэг насны зорилгын хүрээнд л гаргасан шийдвэр. Цаашид Монголчуудын хувьд дэлхийд гарахын тулд мэдээллийн технологи, гадаад хэл зайлшгүй хэрэгтэй. Энэ хоёр хүчин зүйлийг энэхүү төсөл өөртөө агуулж байна. Хүн төрөлхтөн энэ цар тахлын хүндрэлийг даван туулна.

Цар тахлын дараах ертөнцөд энэхүү төсөл гялалзан тодрох нь ойлгомжтой. Би монгол залууст итгэж байна. Тэд цаг үед бууж өгөлгүй, зоригтой үзнэ гэдэгт би итгэж байна. Хөрөнгө оруулалтад мөрөөдөл, алсын хараа, үзэл санаа чухал. Мөн итгэл хүлээлгэх хамтран зүтгэгч зайлшгүй хэрэгтэй. Энэ бизнес, энэ цаг хугацаа үүнийг өөртөө агуулсан байв. Дэлхийд байдал хүнд байгаа энэ цаг үе учраас л бид өрсөлдөгчөөсөө тасарч, хол хаян дүүлэх боломжтой байнам. Сэтгэл зүрхний үүднээс хайрлан дээдэлдэг Монголчууд аа, коронад цочролгүй одоо л нүүдлээ хийцгээгээрэй. Чингис хаан нүд алдам уудам талыг туулан дэлхийг эзэлсэнтэй адил ирээдүйг онилон, анд нөхдөдөө итгэж, зуузай холбон урагшилъя.

 
Манай 80 гарсан өвөө эмээ хоёр маань хүртэл ухаалаг утас, iPad хэрэглэдэг

Контент бүтээлийн багийн ахлах Э.Биндэръяа: 

- Танай аппликейшнийг сонгож хэрэглэх ёстой шалтгааныг өөрөө юу гэж боддог вэ.Тэр онцлогийг хамгийн их мэддэг хүн нь өөрөө байх?

- Манай үгийн картууд хөгжилтэй хөдөлгөөнт зураг, төсөөллийн өгүүлбэртэй болохоор үг цээжлэхэд сонирхолтой хөгжилтэй байдаг. Хаяа Инстаграм, TikTok scroll-дож байхаар манай аппликейшний үгнүүдийг гүйлгэж хараад хөгжилтэй gif-нүүд үзэнгээ шинэ үг сурж байгаарай.

- Манай улсад энэ төрлийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хувьд хамгийн хүндрэлтэй зүйл нь юу байна вэ?

- Тийм ч их хүндрэлтэй зүйл байхгүй дээ. Манай хэл сурах сонирхолтой хүмүүс маань харьцангуй интернетийн орчинд байгаад сурчихсан хүмүүс байдаг. Нас харгалзахгүй ухаалаг утас хэрэглээд сурцгаасан байгаа болохоор давуу талтай байна. Манай 80 гарсан өвөө эмээ хоёр маань хүртэл ухаалаг утас, iPad хэрэглэдэг. Би эмээдээ аппликейшнээ татаж өгсөн чинь манай эмээ үгээ цээжлээд л байгаа. (инээв)

 
Hippocards апп-ийг ёстой л найман настайгаас 80 настай буурал хүртэл хэрэглэж байгаа даа

Төслийн менежер Т.Амартунгалаг:

- Hippocards апп-ийн багт хэдэн хүн, ямар зохион байгуулалттайгаар ажилладагийг сонирхож болох уу?

- Hippocards апп-ийн багт одоогоор програм хангамж хөгжүүлэлтийн ба дизайны 10, контентын баг 13 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Манай контентын багийн зарим ажилчид Дэлхийн олон орноос, зайнаас ажилладаг. Багийнхан маань өөр өөрсдийн үүрэгт ажлаас гадна биенийхээ үүргийг бүрэн орлож чадахуйц байхыг эрмэлздэг.

Сонирхуулахад, манайх багаараа долоо хоног тутам дотооддоо оюуны тэмцээнүүд зохиох, podcast хийх, сонирхолтой challenge явуулдаг нь илүү багаар ажиллаж, өөрийгөө олон талаар хөгжүүлэхэд тусалдаг.

- Аппликейшн гарснаас хойш аль насныхан хамгийн их хэрэглэж байна. Хэрэглэгчдийн судалгаа гарсан болов уу. Сонирхолтой санагдаад?

- Hippocards апп-ийг ёстой л найман настайгаас 80 настай буурал хүртэл хэрэглэж байгаа даа. Дуудлагыг нь хэлээд өгдөг болохоор сонсголоороо их сайн сурч байгаа нь харагддаг. Сүүлийн үед бага насныханд зориулсан үгсийн багцуудыг хүүхдүүд их дуртай хэрэглэх болсон. 200 үгийг долоо хоногт л дуртай нь аргагүй цээжлээд байгаа шүү. Манай үгсийн сангийн 20% нь үнэгүй, нээлттэй байдаг. Яг худалдаж авч хэрэглэж байгаа хүмүүс голцуу 21 наснаас дээш настай хэрэглэгчид байдаг.

- Ярилцсанд баярлалаа. 


 

IELTS буюу өнөө үед TOEFL-оос нэр хүндтэй болсон барууны их сургуулиудын хэлний сургуулиудын хэлний стандарт шалгалтын шилдэг 600 үгсийн бүрэн утгын тайлбар, хэрэглээний гарын авлага болсон “IELTS 600" ном хэвлэлтэд гараад байгаа билээ. Үг тус бүр нь 3-5 ойролцоо утгатай англи үгсээс бүрдэх уг номыг уншсанаар та 2,000 гаруй шинэ үгсийг сурах боломжтой. Сонирхуулахад, “IELTS 600" ном хэвлэлтэд гараад эхний 10 хоногтоо 3,500 хувь борлуулагджээ.