Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

М.Оюунчимэг: Төрийн үйлчилгээний албан хаагчдад ипотекийн түрээсийн орон сууц олгох журмыг Монголбанк гаргана

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Коронавируст халдварын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлын хангах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх тухай УИХ-ын тогтоолын төслийг өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан билээ. Уг тогтоолыг боловсруулсан ажлын хэсгээс мэдээлэл хийлээ. 

 

Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр “Тогтоолд эрүүл найдвартай, ил тод нээлттэй, олон нийтийн хяналттай, харилцагчдад хүртээмжтэй банкны тогтолцоог хөгжүүлж, банкны салбарын реформыг хийнэ гэдэг асуудлыг тусгасан. Монгол Улсад өнөөдөр 13 арилжааны банк ажиллаж байна. Үүний дөрөв нь системийн ач холбогдолтой банк. Үүний 93-100 хувь нь гурав хүртэл хүний өмч байна. Системийн ач холбогдолгүй банкны 83-100 хувь нь мөн л гурав хүртэл хүний өмч. 

Эдгээр банкууд хязгаарлагдаж хариуцлагатай компанийн хүрээнд байгуулагдсан учраас мэдээлэл нь ил тод биш, хаалттай явж ирсэн.

Тиймээс банкны тухай хуульд өөрчлөлт оруулахаар бэлдээд Засгийн газраас санал авахаар оруулчихсан байна. Энэ хуулийн товч агуулга нь нийт хувьцаа эзэмшигчийн хэмжээ болон хамаарал бүхий этгээдүүдийнх нь хэмжээ 20 хувиас хэтрэхгүй байна. Хоёрдугаарт, банк байгуулахад хувьцаат компани хэлбэрээр байгуулна. Бүх үйл ажиллагаа нь нээлттэй байна гэсэн үг. Хувьцаагаа хөрөнгийн биржээр дамжуулж худалдаална. 

"20 мянган төгрөгийг 100 мянгадаа шингээх үү, нэмж олгох уу гэдгийг ХХААХҮЯ шийднэ" 

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: УИХ-ын тогтоолын төсөлд ноолууртай холбоотой дөрвөн заалт орсон. 

  • Ноолуурын түүхий эдийн нөөц бүрдүүлэх, ноолууран бүтээгдэхүүн экспортлохтой холбогдуулан ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох ажлын яаралтай зохион байгуулах,
  • Ноолуурын экспортын дэмжих зорилгоор бүх хилийн боомтоор саадгүй нэвтрүүлэх, холбогдох хураамжийг тэглэх асуудлыг шийдвэрлэх,
  • Малчдын орлого болон үндэсний үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор ноолуурын зах зээлийн суурь үнэ дээр тушаасан нэг килограмм ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшууллыг малчин өрх бүрт олгох,
  • Ноолуурын зах зээлд өрсөлдөөн бий болгож, бодит үнэ тогтоох зорилгоор гадаад улсын худалдан авагчдыг ноолуур бэлтгэх үйл ажиллагаанд татах оролцуулах ажлыг шуурхай зохион байгуулах гэсэн дөрвөн асуудлыг тусгасан. 

ХХААХҮЯ-ны ажлын хэсэг хуралдаж журам гаргаж байгаа. Энэ журмаар бодлогын гэрээтэй ААН-үүдэд ноолуураа тушаасан малчдад 20 мянган төгрөгийг яаж олгох вэ, 100 мянгадаа шингээх үү, нэмж олгох уу гэдгийг шийднэ. Ченж болон дундын зуучлагчдад ноолуураа тушаасан иргэнд 20 мянган төгрөг олгох уу гэдэг нь журмаар шийдэгдэнэ. 

Ямар ч тохиолдолд кг ноолуур тутамд 20 мянган төгрөг олгогдоно. Хөрөнгийн эх үүсвэр баталгаатай. Улсын төсвөөс 200 тэрбум төгрөг шийдэгдэнэ. 

"Орон сууцыг түрээслүүлээд, сар бүрийн түрээсийн төлбөрийг үндсэн төлбөрт тооцон, өмчлүүлнэ" 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:  Төрийн үйлчилгээний албан хаагчдад ипотекийн шинэ бүтээгдэхүүн гаргах заалтыг тогтоолд тусгасан. Энэ нь цар тахлын голомтод ажиллаж байгаа төрийн тусгай албан хаагч болон төрийн үйлчилгээний албан хаагчдад зориулсан тусгай хөтөлбөр юм. 

Энэ хөтөлбөрөөр орон сууцаа түрээслээд, сар бүрийн түрээсийн төлбөрийг үндсэн төлбөрт тооцон, өмчлүүлнэ. 

Энэхүү тогтоолоор Засгийн газар, Монголбанканд эрхийг нь өгсөн. Монголбанк өөрсдөө журмаа гаргаад ипотекийн зээлийн санхүүжилтийг шийдэх бүрэн боломжтой болж байгаа юм. 

Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс 2020 оны зургаан сараар аваад үзэхэд сар бүр 20 тэрбум төгрөг буюу нийт 120 тэрбэм төгрөгийн болмж үүсэж байна. Нөгөө талаас Засгийн газар ипотекийн зээлийн хүүгийн татаасанд зориулж энэ оны төсөвв 60 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн. Эргэн төлөлтөөс 200 тэрбум төгрөг байгаа. Ингээд ипотекийн зээлийн санхүүжилтэд нийт 400-гаад тэрбум төгрөгийн эх үүсвэр бий болж байна. 

Түүнчлэн Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөлд эдийн засаг, санхүүтэй холбоотой заалтууд оруулсан. Тухайлбал, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй, амжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой эрсдэл бүхий иргэдэд нэг удаагийн нэмжлэг үзүүлэх асуудлыг тусгасан. 

Эдгээр хууль, тогтоолыг баталсан нь төрөөс цар тахалтай тэмцэх хоёр дахь шатны цогц арга хэмжээ юм.