Форбс сэтгүүл Кэни Уэст тэрбумтан болсныг хүлээн зөвшөөрлөө
АНУ-ын рэп од Кэни Уэст удаан хугацааны турш өөрийгөө тэрбумтан болсныг хүлээн зөвшөөрүүлэхээр тэмцэж байгаа юм.
Одоо 42 настай тэрээр рэп уран бүтээлчээс гадна өөрийн бэлэн хувцасны брэндтэй.
Дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг гаргадаг Форбс сэтгүүл албан ёсоор тэрбумтан гэж нэрлэгдэхийн тулд санхүүгийн тайлангаа бүрэн гаргаж үзүүлэхийг шаардаж байжээ. Тэгвэл олон сар “гуйлгуулсны” эцэст Кэни Уэст тайлангаа бүрдүүлж өгснөөр Форбс сэтгүүл түүний хөрөнгийн хэмжээг $1.3 тэрбум гэж Баасан гарагт зарласан байна.
Уэст нь Адидас компанитай хамтран Yeezy брэндийн пүүз зах зээлд гаргадаг. Энэ бүтээгдэхүүнээс рэп од өнгөрсөн онд $140 гаруй саяын орлого олсон байна.
Мөн G.O.O.D дуу бичлэгийн лэйбэлийг нь $90 саяар үнэлжээ. Ингээд нийт хөрөнгийнх нь хэмжээг $1.3 тэрбум гэж тогтоосон байна.
Харин Уэст өөрийгөө $3.3 тэрбумын хөрөнгөтэй гэж үздэг юм. Тэрээр өмнө нь Форбс сэтгүүлд ирүүлсэн захидалдаа “Миний $3.3 тэрбумын хөрөнгийг хэрхэн тоолох аргыг мэддэг хүн Форбс сэтгүүлд алга” гэж гомдоллож байжээ.
Хэдийгээр хөрөнгөө багаар үнэлүүлсэн ч Кэни Уэст дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад багтаж байна.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
