Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Чинбат: Г.Загдааг баривчилсан нь хууль ёсны дагуу явагдаж байгаа үйл ажиллагаа

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: Монгол Улсын Ерөнхий прокурорын газар

“Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдааг баривчилсан гэх мэдээлэлд цагдаагийн байгууллагаас тайлбар өглөө. 

ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, хурандаа Ч.Чинбат “Цагдаагийн байгууллагаас 2019 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаад үйлдсэн гэх гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй таван үйлдлийг шалгасан. 

Эрүүгийн хуулийн 23.1 .1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг эсэргүүцэх”, 11.6.1-д заасан “бусдын биед хөнгөн хохирол учруулах”, 12.1 дүгээр зүйл буюу “хүчиндэх” гэмт хэрэгт холбогдуулж шалгаж байна. Эдгээрийн зарим нь шалгагдаж байгаа бол заримыг нь шийдвэрлэсэн. 

Тухайлбал, Г.Загдаа нь иргэн Б, М нарыг зодож, хөнгөн хохирол учруулсан хэрэгт БЗД-ийн цагдаагийн хэлтэс мөрдөн байцаалтын ажиллагаа хийж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн. 

Мөн Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйл, 15.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасан зөрчил үйлдэгдсэнийг тогтоосон. Энэ дагуу 2020 оны нэгдүгээр сарын 27-нд Г.Загдаад 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулсан. Шүүхийн энэхүү шийдвэр гомдол гаргаснаар БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон. Гэхдээ шийтгэлийг хүчингүй болгоно гэдэг нь энэ хэрэг төгс шийдэгдсэн гэсэн үг биш. Учир нь Зөрчлийн хуулийн 6.27 дугаар зүйл буюу “Гүтгэх” гэдэг заалт нь нэгдүгээр сарын 10-ны өдрийн эрүүгийн хэргийн өөрчлөлтөөр хүчингүй болсон. Гэтэл Үндсэн хуулийн 26-д зааснаар хуулийн өөрчлөлтийг албан ёсоор нийтэлнэ. Түүнээс хойш 10 хоногийн дараа ердийн журмаар хэрэгжинэ гэж заасан байдаг. Тиймээс бид шүүхийн шийдвэрийг хүлээж аваад давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад явж байгаа. 

2020 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр иргэн Х-гээс Г.Загдаад удаа дараа хүчиндүүлсэн гэдэг гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гомдол мэдээлэл хүлээж аваад хэрэг бүртгэлтийн хэрэг нээсний дараа цугларсан нотлох баримтыг үзээд хойшлуулшгүй тохиолдол баривчлах бүрэн эрхтэй. Тиймээс Г.Загдааг баривчилсан нь хууль ёсны дагуу явагдаж байгаа үйл ажиллагаа юм. Түүнийг 48 цагийн хугацаанд саатуулна. Цаашид саатуулах эсэхийг шүүх шийднэ. 

"Зөв амьдрах ухаан" ТББ-д 130 гаруй иргэн, 42 хүүхэд байсан гэдэг мэдээлэл бий. Хүүхдүүдийг хамгаалах чиглэлээр хүүхэд хамгааллын байгууллага цагдаагийн байгууллагатай хамтран үйл ажиллагаа явуулж байна. 

Хэрэгт авагдсан нотлох баримтад тухайн ТББ-д нийслэлийн харьяа Халамж, үйлчилгээний хэлтсүүдээс 2013-2019 оны хооронд 695 сая төгрөг олгосон байдаг. Тэгэхээр төр иргэдээ тухайн ТББ-д аваачаад орхичихсон зүйл байхгүй" гэлээ.