Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар Элит сургуулийн ахлах ангийнхан үеийхэндээ онлайнаар англи хэл заахаар болжээ

ikon.mn
2020 оны 4 сарын 9
Сурталчилгаа

https://www.facebook.com/spark.online.project/Улаанбаатар Элит олон улсын дунд сургуулийн аравдугаар ангийн сурагчид  карантины энэ үеэр үе тэнгийн найзууддаа зориулан англи хэлний онлайн хичээл явуулахаар болжээ. Тэд хорио цээрийн энэ үеийг хүүхдүүд боломж болгон ашиглаасай, тэр дундаа хөдөө орон нутагт байгаа хүүхдүүд англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжийг битгий алдаарай, хамтдаа хөгжицгөөе хэмээн уриалж байгаа юм. Ингээд тус сургуулийн аравдугаар ангийн сурагч Д.Агиймаа, М.Гарьд, Б.Нандинзаяа, А.Жамьяншийрэв, А.Ялгуун нартай ярилцлаа.


-Сайхан ажил эхлүүлээд явж байгаа та нартаа баяр хүргэе. Юуны өмнө өөрсдийгөө танилцуулна уу. Элит сургуульд хэд дэх жилдээ суралцаж байна вэ?

Д.Агиймаа: -Намайг Д.Агиймаа гэдэг. Би сургуульдаа тав дахь жилдээ суралцаж байна.

М.Гарьд: -Би нэгдүгээр ангиасаа хойш энэ сургуульдаа суралцаж байна. Намайг М.Гарьд гэдэг. Карантины үеийг ашиглаад “Spark online” сургалтыг найзуудтайгаа зохион байгуулах болсондоо баяртай байна.

Б.Нандинзаяа: -Би “Элит”-д гуравдахь жилдээ сурч байна. Энэ онлайн сургалтын сошиал багийн гишүүн.

А.Жамьяншийрэв: -Би А.Жамьяншийрэв байна. Наймдугаар ангиасаа энэ сургуульдаа суралцаж байна.

А.Ялгуун: -Би “Элит” сургуульдаа гуравдахь жилдээ сурч байна. Энэ хугацаанд англи хэл маань сайжрахаас гадна өөрийгөө олж нээсэн.

-Та нар маань онлайн сургалтыг хийхээр ид ажилдаа оржээ. Яагаад онлайнаар англи хэл заахаар шийдсэн юм бэ?

Д.Агиймаа: -Хэдийгээр бид онцгой нөхцөл байдалд байгаа ч гэсэн карантины энэ үеийг давуу тал болгон ашиглахаар шийдсэн юм. Аравдугаар ангийн хүүхдүүд нэг их зүйл хийж чадахгүй юм шиг байж болох ч өөрсдийнхөө хэрээр чадах ажлуудаа хийе гэж шийдсэн нь онлайнаар англи хэл заах шийдвэр байсан. Ер нь манай сургуулийн ахлах ангийнхан хөдөө орон нутаг руу явж, үеийн хүүхдүүддээ англи хэл заадаг уламжлал тогтож эхлээд байсан. Харин үүнийг бид өнөө жил онлайнаар хийх гэж байна.

М.Гарьд: -Уг нь бид арваннэгдүгээр ангиа төгсөөд хөдөө явах байсан л даа. Гэтэл энэ жил карантин тогтоож, бид онлайнаар хичээлээ хийх болсон. Сургуулийн багш нар маань хорио цээрийн энэ үеийг ашигтай өнгөрөөж бас болох юм гэдэг байсан. Бид санаа авч, аравдугаар ангидаа энэ хөтөлбөрөө онлайнаар хийхээр ажилдаа ороод байна. Бид өмнө нь гадаад дотоодын НҮБ-ийн загвар хурлууд, World Scholars Cup, олон төслүүд зэрэг олон арга хэмжээнд оролцдог байсан. Гэтэл тэр бүх арга хэмжээ цуцлагдсан. Тэгээд бид хорионд орсон энэ үедээ хорионы эсрэг алхам хийхээр шийдсэн.

-Одоо та нарын хөтөлбөр ямар шатандаа байна. Хөдөө орон нутгаас хүүхдүүд холбогдож байна уу. Яаж хүлээж авч байна?

А.Жамьяншийрэв: -Бид одоо ид бүртгэлээ хийж байна. Инстаграм, фэйсбүүкээр бүртгэл явагдаж байгаа. Хөдөө орон нутгаас хүүхдүүд бүртгүүлж байгаа. Маш баяртай байгаагаа илэрхийлсэн. Сүүлд гэхэд Өвөрхангай, Увсаас хүүхэд бүртгүүлсэн. Бас зарим хүүхдүүд сурмаар байгаа ч ээж аав нь боломж гаргаж өгөхгүй байх, интернэтийн боломж муу гэж байна лээ. Зөвхөн орон нутгийн гэлтгүй англи хэлний сургалттай сургуулийн хүүхдүүд ч бүртгүүлсэн байгаа.

Мөн манай Эмпати салбар сургуулийн хүүхдүүд суралцахаар бүртгүүлсэн. Баян-Өлгий, Дархан-Уул, Орхон аймгийн сургуулийн сурагчид байгаа.

Б.Нандинзаяа: -Одоогийн байдлаар анхан шатны англи хэлний сургалтад 40 гаруй хүүхэд, бизнесийн хичээлд 30 гаруй хүүхэд гэх мэтээр бүртгүүлээд явж байна. Энэ маягаараа бол анхан шатны ангиа нэмж гаргаж таарах байх.

-Тэгэхээр энэ сургалт маань яг яаж явагдах юм бэ. Яг ямар түвшинд, хэдэн анги хичээллэх вэ?

Д.Агиймаа: -Бид хөтөлбөрөө гаргачихсан байгаа. Англи хэлний анхан шат, дунд шат, бизнесийн анги, эссэ бичлэг, коллежид элсэх зөвлөгөө гэсэн таван ангид хичээлээ заана. Бүртгүүлэх хүүхдүүд маань 50-100 үгтэй эссэ бидэнд бичиж өгснөөр түвшинг нь тодорхойлоод таарах хичээлийг нь санал болгох юм.

М.Гарьд: -Хичээл маань дөрөвдүгээр сарын 13-наас гурван долоо хоногийн хугацаанд үргэлжилнэ. Хэрэв карантин сунгагдвал бас хөтөлбөр маань сунгагдаж магадгүй.

А.Ялгуун: -Нэг талаасаа гурван долоо хоногийн хугацаанд англи хэлийг айхтар сурч амжихгүй ч гэсэн үе тэнгийнхнээсээ суралцаж, тэднээсээ урам авч, дараагийн төлөвлөгөөгөө гаргаж, зорилгодоо гэрэл гаргаасай гэсэн зорилготой энэ хөтөлбөрөө манай ах эгч нар маань Spark буюу Оч гэж нэрлэсэн байсан. Бид онлайн хэлбэрээр анхны удаа зохион байгуулах гэж байна.

Д.Агиймаа: -Дундуур нь зөвхөн хичээл ч биш хөгжилтэй хичээлүүд ч оруулахаар яриад байгаа. Нэг найз маань хоолны жорууд бэлдээд хамтдаа онлайнаар тэрийгээ хийдэг ч юм уу. Бид сургуулийнхаа Cooking club-ын хүүхдүүдтэй ярьж байгаа. Гадны томоохон сувгууд дээр ийм програмууд эрэлттэй байдгийг бодоод хэлийг олон янзаар, өөрсдөдөө таатай аргаар сурч авч болох юм гэж бид үзэж байгаа. Онлайнаар ч амьд харилцаа үүсгээд нэг үеийн хүүхдүүд бид нэг нэгнээсээ суралцах боломжтой.

-Тэгэхээр та нар өөрсдөө гэр, гэртээ байгаа улсууд яаж нийлж нэгдэж энэ ажлуудаа хийж байна вэ?

Б.Нандинзаяа: -Карантин эхэлсэн цагаас хойш манай сургууль онлайнаар хичээлээ зааж эхэлсэн. Яг л ангидаа байгаа юм шиг хичээл эхлэх цагтаа эхлээд, багштайгаа харилцаад, бүгд хуваарийн дагуу ороод. Бид нэг талаасаа онлайн сургалтад дасч хэдийнээ бэлтгэгдсэн гэж бодож байна. Бас хоорондоо ч онлайнаар уулзаж, ярилцаж байгаа. Бүтэн үеэрээ энэ хөтөлбөрт оролцож байгаа. Хоорондоо групп үүсгээд ажлуудаа яриад явж байна.

А.Жамьяншийрэв: -Манай өөрийн хичээл 12:00-с 16:00 цагийн хооронд хичээллэж байгаа. Хичээлдээ суугаад бусад үедээ энэ сургалтдаа бэлдэж байна. Онлайн сургалтаа хичээлийнхээ дараа заахаар бэлдэж байна.

М.Гарьд: -Бид дотроо 3-4-үүлээ болж хуваагдаад сэдэв сэдвээ хариуцаад бэлдэж байна. Долоо хоногт нэг хичээл 3-4 удаа орно. Нэг хичээл дээр гурван багш хуваарьлагдсан байна. Гэхдээ нэг маань л заана. Багш нь байнга солигдоод байх хүүхдүүдэд таатай биш байх гээд. Бусад багш-хүүхдүүд маань сэдэв бэлтгэх, хичээлээ хэрхэн зааж байгааг хянаад явна. Хичээлээ Skype-ээр орох гэж байгаа. Нэлээд судалж үзээд бүх хүүхдүүдэд хүртээмжтэй, найдвартай, боломжийн платформ нь энэ байна гэж үзсэн. Сошиал медиагаар удахгүй хүүхдүүдэдээ зараа хүргэнэ. Skype-аа татаад аваарай гээд. Тэгээд линкээ байнга өгөөд байна.

А.Ялгуун: -Бүртгүүлэхийг хүсч байгаа найзууд маань фэйсбүүк дээр Spark project гээд, инстаграм дээр _spark.online_ гэсэн хаягаар холбогдоно шүү.

-Та нар өөрсдөө багш болж үзэх гэж байна. Багшийн мэргэжлийн бэрхшээлийг анхнаасаа мэдэрч үзэж байгаа байх. Ямар байдаг юм байна?

Д.Агиймаа: -Багш нараа урьд өмнөхөөсөө илүү хүндлэх болсоон. Хичээлийн хуваарь дээрээ сууж байхад л ямар хэцүү ажил нь мэдэгдэж байна. Тэгээд олон янзын зан ааштай хүүхдүүдтэй яаж ажиллах вэ гэж бодож байна. Зарим нь нээлттэй, зарим нь хаалттай хүүхдүүд байх биз. Дэлгэцийн араас тэр бүх хүүхдүүдэд яаж хүрэх вэ гэж бид хоорондоо ярилцсаар байна.

М.Гарьд: -Бид гурван долоо хоногийн хичээлийн хөтөлбөр гаргаж байгаа шүү дээ. Гэтэл тэр бүгдийг бэлдэнэ гэхэд маш их цаг хугацаа шаардаж бэлдэж байна. Тэгэхээр багш нар маань бүтэн улирлаараа, жилээр хичээлээ бэлдэнэ гэдэг маш амаргүй байдгийг ойлгож байна. Илүү хүндэлж, илүү ойлгож эхэлж байна даа.

Д.Агиймаа: -Дээд ангийнхан маань бид нарт бас туршлагаасаа хуваалцсан л даа. Тэд нар өмнө нь долоо хоног орохоор бэлдсэн хичээлээ нэг өдөрт заагаад, өөрсдөө тэрнээсээ болж сандрах зүйл ч байдаг шүү гэж хэлсэн. Тэгээд бид алдахгүйг хичээж бэлдэж байна.

А.Жамьяншийрэв: -Манай дээд ангийнхан өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард энэ ажлаа эхлүүлж байсан гэсэн. Шалгалт, хичээл гээд ачаалал их байсан ч шөнө оройжин суугаад бараг хоёр сар гаруй бэлдсэн гэсэн. Өөрсдөө үдээс өмнө хичээлтэй тэгээд таван түвшний ангид зургаан өөр хичээлийн хоёр долоо хоногийн хөтөлбөр бэлдсэн. Тэгээд очоод заагаад үзсэн чинь янз янзын түвшний хүүхдүүд байж таараад дахиад сургалтын хөтөлбөрөө баяжуулж боловсруулахад хүрсэн юм билээ. Багшийн ажил тийм амаргүй гэдгийг эндээс ойлгож болно. Тэд нар маань энэ шалгуурыг сайн даваад гарсан, бид ч бас хичээж байгаа.

Б.Нандинзаяа: -Манай арваннэгдүгээр ангийнхан өнгөрсөн нэгдүгээр сард Улаанчулуут дээр байрладаг цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулан хичээл заах хоёр сарын хөтөлбөрт бэлдэж байсан юм. Нэгдүгээр сарын 27-ноос эхлэх гэж байсан ч 24-өөс хорио тавигдчихсан учраас чадаагүй. Тэд нар маань дараа жил тэр хөтөлбөрөө хийх байхаа. Харин бид одоо цагт онлайнаар хийж болох боломжийг ашиглахыг хүссэн. Манай багш нар бид нарыг чиглүүлж, хурцалж өгдөг. Би сургуулийнхаа гар бөмбөгийн шигшээ багт тоглодог. Спортод эсрэг багийнхнаа дутуу үнэлж, хийж буй дасгалдаа чин сэтгэлээсээ хандахгүй бол ялагддаг гэдэг шиг бид хичээл заах гэж байгаа, тэд сурах гэж байгаа гэсэн үүднээс хандалгүй, өөрсдөө их хичээн бэлдэж байгаа.

-Хүүхэд хүүхдэдээ заахын давуу тал юу бол?

А.Ялгуун: -Зарим хүүхдүүд багшаас асуумаар байсан зүйлээ ч асууж чадахгүй өнгөрөх үе байдаг. Харин өөрийн үеийн хүүхдээс чөлөөтэй асууж чадна. Зарим дуудлага нь буруу, яаж дуудахаа мэдэхгүй бол бид заагаад хэлээд л өгнө. Тийм ч учраас дээд ангийн ах эгч нарын маань зуны хөтөлбөр маш их өгөөжтэй болсон гэсэн.

Д.Агиймаа: -Коллежид элсэхэд зөвлөгөө өгөх анги байгаа шүү дээ. Зөвхөн хэл гэлтгүй цааш сурах, төлөвлөгөөнд нь бид мэдэх зүйлээсээ зөвлөнө.  Бас дээд ангийнхан маань IELTS-ийн шалгалт өгөхөд нь зөвлөх тэр ч байтугай бэлдэж байгаа мэргэжлийнхээ онцлогийн талаар, бэлдэхдээ юуг ойлгож мэдэрснээ ч адил мэргэжлээр сурахыг хүсч байгаа хүүхдүүдэд хуваалцах боломжтой гэдгээ илэрхийлсэн.

А.Жамьяншийрэв: -Заримдаа хүүхдүүд цаг завтай ч өөрийгөө төвлөрүүлээд хичээлээ хийж чаддаггүй. Харин үе тэнгийнхэн нь тэдэнд зөвлөөд, чиглүүлээд сургавал илүү амжилттай байх болов уу.

-Та нар өөрсдөө хичээлийнхээ хажуугаар энэ их ажлыг хийж байна. Та нарт өөрсдөд чинь юу үлдэж байна вэ?

М.Гарьд: -Би бүр багаасаа англи хэл дээр хичээлээ үзсэн. Бараг төрөлх хэл шиг болсон байдаг ч бусдад заах гээд бэлдээд ирэхээр нарийн ширийн олон зүйл мэдэх шаардлага гарч ирж байна. Үүнийг дагаад өөрсдөө илүү сурах шаардлага гарч байна. Тэгэхээр бид заахынхаа хажуугаар өөрсдөө ч сурч байна.

Д.Агиймаа: -Зарим маань энэ хөтөлбөрийн дараа багш болох мөрөөдөлтэй ч болж магадгүй. Ангийн маань нэг хүүхэд багш болох мөрөөдөлтэй байсан ч ээж, аав нь дэмий дээ гэснээр багш болох бодлоо орхисон байсан. Магадгүй түүний бодол санаа сэргэж ч болох юм. Бас бид найзууд найзууддаа тусалж байгаа сэтгэлээр үүнийг хийж байгаа болохоор надад ийм тийм ашигтай гэж бодохыг хүсэхгүй байна. Найзууд хэзээ нэгнээсээ юм харж байлаа. Ер нь өмнө бид өөрсдөө арга хэмжээ, сургалт хөтөлбөрт оролцдог байсан бол одоо өөрсдөө зохион байгуулж байна. Бидэнд маш том туршлага үлдэж байна. Багаараа ажиллах чадвар нэмэгдэж байна. Хүмүүстэй яаж харилцаж, өөрсдийгөө хэрхэн ойлгуулах чадвар ч сайжирна.

Б.Нандинзаяа: -Бид өмнө нь өөрсдийгөө бэлдээд, уралдаан тэмцээнд оролцоод явдаг байсан. Гэхдээ дандаа өөрөө гэхээсээ бас нэг удаа бусдын төлөө бодох нь чухал юм гэж бодсон. Манай сургуулийн захирал бидэнд “Хүн дандаа авахаас гадна бусдад өгөхийн аз жаргалыг мэдрэх нь чухал гэж хэлдэг.” Тэр ч утгаараа бусадтай хуваалцаж, бусдад өгөх гэж байгаадаа бид баяртай байгаа. Нөгөө талаас манай сургуулийн хүүхдүүд төгсөөд бүгд гадаадын их дээд сургуульд суралцахаар явдаг. Гадны сургуулиуд элсэгчдээ ганц сурлагаар бус нийгмийн идэвх, бусдын төлөө хийсэн бүгдийг нь анзаарч хардаг. Тиймээс бидний энэ ажил ч ирээдүйд маань ч сайнаар тусах боломжтой.

А.Жамьяншийрэв: -Зөвхөн бид нар заах ч биш, сургууль сургуулийн хүүхдүүдээс шинэ зүйл сурч авах байх аа. Яг нэг ангид хамтдаа бужигнаад хамтдаа нэг нэгнээсээ суралцаад явах байх.

-Корона вирустэй холбоотой карантин олон боломжийг хааж байгаа ч нөгөө талд нь ямар давуу талыг бий болгож байна вэ. Та нар яаж ашиглаж байгаа вэ?

М.Гарьд: -Дэлхий даяар энэ халдварт өвчин гарч, бид карантинд байгаа нь амаргүй ч эргээд давуу талууд байгаа. Бид гэнэтийн зүйлд бэлтгэгдэж байна. Ямар ч тохиолдолд бэлэн байх ёстойгоо ойлголоо.

Д.Агиймаа: -Карантин дуусахад бид бас үеийнхнээсээ урагш алхсан байна гэж бодож байна. Сургалтын арга барилтай болно. Бас эцэг, эхтэйгээ хуучнаасаа их цагийг хамтдаа өнгөрөөлөө. Өмнө нь ажил ихтэй тэднийг ирэхэд нь би унтчихсан байдаг байсан. Бидэнд энэ хорио олон боломжийг өгч байна.

А.Ялгуун: -Гэрээсээ хичээллэж байгаа болохоор бидэнд чөлөөтэй цаг харьцангуй гарч байна. Тиймээс цагийн хуваариа төлөвлөн амжихгүй байсан зүйлдээ цаг гаргаж, өөрийгөө хөгжүүлэх болсон. Телевизээр танин мэдэхүйн нэвтрүүлгүүд үзэж, төгөлдөр хуур дээрээ хичээллэх цаг гаргаж байгаа.

Б.Нандинзаяа: -Өмнө хичээл тараад ядраад унтдаг байсан бол одоо дэлгэцийн өмнө жаахан ядардаг. Гэхдээ гэртээ байгаа болохоор ном уншиж, дуртай зүйлдээ илүү их цаг гаргаж байна.

А.Жамьяншийрэв: -Би сая хөдөө нэлээд хугацаанд байсан. Малчдын амьдрал, хөдөө аж ахуйтай ойр танилцсан.

-Дүү нарынхаа төлөвлөсөн ажилд амжилт хүсье. Та нарт баярлалаа.

-Баярлалаа. Үеийнхээ хүүхдүүдэдээ хандаж, бидний онлайн сургалтад өргөнөөр оролцоорой гэж хэлмээр байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.