Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

КОВИД 19: Эрүүл мэндийн систем ба санхүүжилт

ikon.mn
2020 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг
www.euroclio.eu

Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, сайжруулахад чиглэгдсэн ямарч тусламж, үйлчилгээ эрүүл мэдийн систем буюу тогтолцоогоор дамжиж иргэдэд хүрдэг.

Бидний мэдэх сайн эмч, сувилагч, эх баригч, эмнэлгийн ажилтан, цаашлаад үр дүнтэй эм, эмчилгээ, найдвартай багаж хэрэгсэл, орчин үеийн тоног төхөөрөмж, лаборатор, оношлогоо, эмчилгээний үнэлгээ, мэдээлэл, удирдлага гээд энэ бүгд эрүүл мэндийн системийн чухал бүрэлдхүүн хэсэг болж явдаг. Гэхдээ эрүүл мэндийн системийн аль нэг хэсэг нь дангаараа ажиллах боломжгүй тул бүгд харилцан уялдаж нэг цогц болж байж тогтолцоо бүрэн ажиллаж эхэлнэ. Харин энэ бүгдийг холбож өгдөг системийн өөр нэг чухал эд эсийг эрүүл мэндийн санхүүжилт гэж ойлгож болно.  Эрүүл мэндийн системийн санхүүжилтыг орлого бүрдүүлэх, хуваарилах, зардлыг санхүүжүүлэх буюу тусламж, үйлчилгээг худалдан үйл ажиллагаа гэж дотор нь задалж авч үздэг.

Эрүүл мэндийн санхүүжилтийн орлого дотоод, гадаад гэсэн хоёр эх үүсвэрээс бүрдэх ба дотоод эх үүсвэр нь бүх оронд тэргүүн зэргийн ач холбогдолтой байдаг. Дотоод эх үүсвэрээс бүрдэх орлогод бүх төрлийн татвар, албан журмын даатгалын шимтгэлээр цуглуулж үүсгэдэг улсын буюу төрийн санхүүжилт дээр нь засгийн газрын бус эх үүсвэрээс гардаг хувийн санхүүжилт тус тус орно. Тухайлбал, өвчтөнөөс шууд хийдэг төлбөр бол хувийн санхүүжилт болон бүртгэгдэж, мэдээлэгдэж байдаг.

Эрүүл мэндийн системийн үндсэн зорилго болох хүн амдаа шаардлагатай тусламж, үйлчилгээг жигд, хүртээмжтэй, чанартай үзүүлэх, улмаар эрүүл мэндийн бүх нийтийн хамралтад хүрэхэд эрүүл мэндийн системийн санхүүжилт онцгой үүрэгтэй. Бодит байдал дээр тусламж, үйлчилгээг төлбөртэй болгож хувийн санхүүжилт давамгайлдаг оронд төлбөрийн чадвартай иргэд тусламж, үйлчилгээг илүү авч, хэрэглэж харин ядуу, орлого багатай иргэд тойргын гадна үлддэг. Төлбөрийн чадвартай ч гэсэн үнэтэй үйлчилгээнээс болоод өрх гэр санхүүгийн хямралд орох, ядуурах байдал өнөөдөр түгээмэл гарч байна. Ийм орчинд эрүүл мэндийн тэгш байдал, санхүүгийн хамгаалалт алдагддаг. Үүний эсрэг талд эрүүл мэндийн санхүүжилтэд төр нь давамгайлдаг оронд тусламж, үйлчилгээг хувь хүний орлого, төлбөрийн чадамжаас үл хамаарч хэрэгцээт хүнд, хэрэгцээтэй үед нь  үзүүлэх боломж бүрддэг тул иргэдэд харьцангуй тэгш байдал, санхүүгийн хамгаалалт илүү хүрдэг. Энэ нь эвсэлдэн нэгдэх зарчим дээр суурилсан эрүүл мэндийн албан журмын даатгал дээр илүү тод илэрдэг юм. Гэхдээ төрийн санхүүжилттэй системд хөрөнгө, мөнгөний зарцуулалт ямар байна, байгаа хөрөнгийг хэрхэн зөв, оновчтой хуваарилах, ямар үйлчилгээнд илүү ач холбогдол өгөх, зардлын үр ашгийг хэрхэн сайжруулах зэрэг асуудлууд байнгын анхаарлын төвд байж дээрх чиглэлээр үнэлгээ, шинжилгээ тогтмол хийх хэрэгцээ гардаг.     

Эрүүл мэндийн систем, түүний санхүүжилтэд эзлэх дотоод ба гадаад эх үүсвэр, улсын ба хувийн санхүүжилтийн хэмжээ эрс ялгаатай, тэдгээрийн хүрэлцээтэй байдал харилцан адилгүй, мөн эрүүл мэндийн системээр дамжуулан хүн амдаа үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний багц, түүнд хуваарилж зарж байгаа хөрөнгө орон бүрд эрс өөр нөхцөл, байдалд КОВИД19 тархлаа. Энэ хүнд хэцүү үед орон бүр эрүүл мэндийн санхүүжилтийн асуудалдаа анхаарал хандуулж бие биенээс харилцан суралцаж байна.         

БНХАУ гэхэд эрүүл мэндийн системээ дэс дараатай өөрчилж шинэчлэх бодлогыг эрчимтэй явуулж байгаа орны тоонд ордог. Ялангуяа 2002-2004 оны SARS халвдарын үед авсан сургамжаас үүдэн олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд төрийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, нийт хүн амаа санхүүнийг эрсдэлээс хамгаалж эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд хамруулах ажлыг дэс дараатай хийж ирсэн болно. Сүүлийн 10 жилд эрүүл мэндэд улсаас хуваарилсан хөрөнгийн хэмжээ засгийн газрын нийт зардал дотор 8-с 9 хувь, эрүүл мэндийн нийт зардал дотор төрийн санхүүжилтийн хэмжээ 49-с 57 хувь болон өсч энэ хэрээр эрүүл мэндийн нийт зардал ДНБ-тэй хаьрцуулахад 4-с 5 хувьд хүрч өссөв1.  2018 оны байдлаар нийт хүн амын 95 хувийг эрүүл мэндийн даатгалд хамруулж чадсанаар хөдөөгийн нийт хүн амын 90 хувь, хотын хүн амын 65 хувь эрүүл мэндийн даатгалтай болжээ2.

Эдгээр өөрчлөлтүүдийн үр дүнд нийт хүн амд хандсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, эмчлэх анхан шатны тусламж, үйлчилгээ, эмийн борлууултанд тогтоод байсан өндөр үнийг бууруулж санхүүгийн дарамт, саадыг арилгаж энэ хэрээр иргэд хэрэгцээтэй тусламж, үйлчилгээг хувиас төлбөр хийлгүй жигд, хүртээмжтэй авах боломж бүрдсэн байдаг. Энэ байдал КОВИД 19-ийн тархалтын үед ихээхэн ач холбогдолтой байлаа. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд төрийн санхүүжилттэй үйлчилгээ иргэдэд ямар нэг санхүүгийн дарамтгүй хүрч байв. Өвчтөнийг тусгаарлаж хяналтад оруулах, эмчлэх эмнэлэг, яаралтай тусламжийн ор, тоног төхөөрөмж бусад орны нэгэн адил дутагдалтай байсан хэдий ч төрийн зардал, хөрөнгө оруулалтаар шуурхай шийдэж тусгай эмнэлэг барих хүртэл арга хэмжээг авсан явдал эцсийн дүнд эрүүл мэндийн асуудал БНХАУ-д тэргүүлэх ач холбогдолтой, эрүүл мэндийн салбар, тогтолцооны хөгжил, санхүүжилтэд төр чухал үүрэгтэй оролцож шийддэг болохыг олон улсад харуулав.

Ази дотроо КОВИД 19 өвчлөлтөд ихээхэн нэрвэгдсэн орнуудын нэг бол БНСУ. Өнгөрсөн олон арван жилийн турш БНСУ бүх иргэнээ эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулах бодлогыг шийдвэртэй хэрэгжүүлж чадсанаар бүх нийтийн хамралтад хүрсэн цөөн орны нэг юм. Энэ тогтолцооны үр дүнд эрүүл мэндийн асуудлаас болж айл өрхөд үүсэх санхүүгийн ачаалал харьцангуй бага байсан нь КОВИД 19 дэгдэлтийн онцгой үед давуу тал болж байв. Гэхдээ эрүүл мэндийн зардлыг хянаж эрэлтийг оновчтой түвшинд байлгах үүднээс үйлчилгээнд нэвтрүүлсэн зардал хуваалцах хамтын төлбөрийн механизмаа шуурхай өөрчилж хувь хүнээс төлбөр авахыг зогсоож зардлыг нь эрүүл мэндийн даатгал дангаар хариуцах болсноор даатгалтай иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг саадгүй, шуурхай авах боломж улам нэмэгдсэн байна3.

Эдгээр сургамж дэлхийн бусад орнуудад чухал нөлөө үзүүлэв. Ялангуяа эрүүл мэндийн үйлчилгээг төлбөртэй болгосон Европын зарим орнууд болон АНУ-д өвчин, эмгэг тусвал санхүүгийн дарамтад орж ядуурдаг, төлбөрийн чадваргүйгээс эмч, эмнэлэгт хандахгүй цаг алддаг, энэ хэрээр халдварт өвчин цааш тарах боломж үүсэх эрсдэлтэй тул энэ асуудалд онцлон анхаарав. Иймээс зарим орнууд КОВИД 19 шинжилгээ, оношлогоо, эмчилгээнд хувь хүнээс төлбөр авахгүй, зардлыг  эрүүл мэндийн даатгал, төрийн санхүүжилтээр үнэ төлбөргүй үзүүлэх шийдвэр гаргасан нь чухал ач холбогдолтой болов.   

Цаашлаад дээр дурдсан эрүүл мэндийн тогтолцооны бүрэлдхүүн хэсэг болсон эмч, сувилагч, эмнэлгийн ажилтны бэлэн байдал, цалин, урамшил, санхүүгийн хөшүүрэг, эм, төхөөрөмжийн хангамж, улсын болон хувийн хэвшлийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын зохицолдсон үйл ажиллагаа, мэдээлэл, удирдлагын нэгдсэн байдал халдварт өвчний дэгдэлтийн үед онцгой ач холбогдолтой нь харагдав. Үүний хамт ийм онцгой байдлыг дан ганц эрүүл мэндийн салбар дангаар ажиллаж тэмцээд шийдэх боломжгүй, бусад салбарын яамд, ялангуяа сангийн яам, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, боловсрол, гадаад хартлцаа, зам тээвэр, харилцаа, холбоо, хууль зүйн болон бусад яамд, газрын үүрэг, оролцоог засгийн газрын түвшинд нэгтгэн зангидаж ажиллуулах шаардлагатай нь тодорхой болов.       

Олон улсын хэмжээнд КОВИД 19 тархалт, түүнтэй холбогдон гарч байгаа хүндрэл бэрхшээл гол төлөв эрүүл мэндийн тогтолцоо харьцангуй сайн хөгжсөн, дэлхийд жишиг болж явдаг Англи, Герман, Франц, мөн харьцангуй хөрөнгийн боломж санхүүжилт сайтай АНУ, Итали, Швейцарь зэрэг өндөр хөгжилтэй орнуудад тохиож байгаа нь эцсийн дүнд зарж байгаа хөрөнгийн хэмжээ гол биш харин эрүүл мэндийн системийн ямар хэсэгт илүү ач холбогдол өгөх, хөрөнгө оруулалтыг чухам хаана хийх хэрэгтэйг эргэн харах боломжийг олгож байна.

Хөрөнгө, мөнгөний дутагдлаас үүдэн эрүүл мэндийн систем нь доголдож байдаг хөгжил буурай орнуудын хувьд КОВИД 19 том эрсдэл үүсгэж болохоор байна. Хамгийн наад зах нь өргөн хүрээнд нэвтрүүлсэн төлбөрт үйлчилгээг зогсоож иргэдээ КОВИД 19 үнэ төлбөргүй оношлогоо, эмчилгээнд хамруулах улс төрийн хүсэл эрмэлзлэл байвч зардлыг хаанаас яаж гаргах гэдэг нь ихээхэн хүндрэлтэй асуудал болов. Зарим орон хөрөнгийн дахин хуваарилалт хийж онцын шаардлагагүй, яаралтай бус эмчилгээ, үйлчилгээг түр зогсоох санал ярьж байна. Мөн байхгүй үйлчилгээг нийтэд зарлахаас зайлсхийж  КОВИД 19 оношлогоо, эмчилгээ үзүүлэх чадамжаа яаралтай бий болгох, үүнд хэрэгтэй оношлуур, хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмж, хүн хүчийг дайчлах, хөрөнгө мөнгө бүрдүүдэх, эдийн засгийн хөшүүрэг, урамшил бий болгох зэрэг арга хэмжээнд анхаарч байна. Тухайлбал, АНУ эрүүл мэндийн системийн гадна байсан 20 гаруй мянган эмч, мэргэжилтнээ татаж оруулсан бол ОХУ анагаахын их сургуулийн төгсөх ангийн оюутнуудаа дайчлан ажиллуулж байгаа нь хүн хүчний дутагдлаас гарах нэг шийдэл болов.       

Хөрөнгө мөнгө, санхүүгийн дутагдал түүнтэй уялдсан системийн доголдлоос үүдэн КОВИД 19-т шуурхай хариу өгөх чадамж бэлэн бус байхад үүсэх хор нөлөө маш их байж болохоор байна. Жишээ нь энэ өвчнийг шинжлэх, оношлох чадамж хомсдолтой бол халдвар асар хурдацтай тарах боломжтой байна. Ийм үед системд байгаа боломжоор нэг өдөрт шинжилсэн онош бүр эерэг гарах эрсдэл байж болох магадлалтай нь зарим оронд халдварын тоо асар хурдацтай өсч байгаагаар таамаглаж болох юм. Мөн оношлогдсон, сэжиглэгдсэн тохиолдлыг тусгай хорионд оруулахад хэрэгцээтэй байр, савны боломж эрүүл мэндийн салбарт дангаар байхгүй учраас зайлшгүй салбар хоорондын хамтын ажиллагаа шаардагдаж байна. Мөн эдгээр тусгаарлагдсан орон байр, буудлын зардлыг хаанаас гаргах, иргэд өөрсдөө хариуцах эсэх, бага орлготой ядуу, эмзэг бүлэгт яаж шийдэх зэрэг тулгамдсан асуудлууд үүсч байна. Ийм учраас КОВИД 19-с хамгаалах, сэргийлэх асуудлыг хүн амын эмзэг бүлэгт илүүтэй чиглүүлэхийг ДЭМБ зөвлөлөө. Энэ нь сэргийлэлт, хамгаалалтын арга хэмжээ хэзээд өвчийг эмчлэхээс илүү хямд, үр дүнтэй байдгыг харуулдаг олон тооны судалгаа, үнэлгээ, нотолгоонд суурилсан хэрэг болно.              

Манай улсын хувьд КОВИД 19 тохиолдол харьцангуй бага байгаа нь гаднаас халдварлан орж ирэх боломжийг цаг алдалгүй хааж, сэргийлж ажиллаж байгаатай холбоотой гэж үзэж болох юм. Мөн энэ чиглэлийг арга хэмжээг хувь хүнээс бус төрөөс хөрөнгө, мөнгө гаргаж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Гэхдээ бид тайвширч шинжилгээг хэрхэвч бууруулж болохгүй, байнга шинжилж, илрүүлж, тусгаарлаж эмчлэх шаардлагатай бөгөөд эдгээр арга хэмжээний санхүүжилтийг мөн хэрхэвч тасалдуулж болохгүй юм. Хэрэв голомт үүсвэл дараагын шатанд авах арга хэмжээ, хөрөнгийг хэрэгцээний талаарх үнэлгээ, эх үүсвэр өнөөдөр тодорхой байх нь чухал. Үүний хамт хүн амыг санхүүгийн дарамт, эрсдэлээс хамгаалдаг иргэний эрүүл мэндийн даатгалын тогтолцооны үйл ажиллагааг тасалдуулахгүй харин дэмжиж ажиллах хэрэгтэйг бусад орны туршлага харуулж байна. Саяхан Засгийн газраас хийсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг аж ахуйн нэгж, байгууллага дээр тэглэх тухай хийсэн мэдэгдэл эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, үйл ажиллагаанд сөрөг нөлөөлж болохгүй. Тухайлбал, тэглэх шимтгэлийг төр даах гэх мэт хувилбараар шийдэх нь зүйтэй юм.  

Манай улсын практикт олон жил оршиж ирсэн өвчнөөс урьдчилан сэргийлэх болон олон нийтийн эрүүл мэндийн асуудлыг хойш тавьдаг, хувь хүнийг эмчлэх эмнэлэг хот, хөдөөд олныг барьдаг, төлөвлөгөөгүй, ажлын байр нь тодорхойгүй олон эмчийг улсын болон хувийн сургуулиар жил бүр дараалан өсгөж бэлддэг, эм, тоног төхөөрөмжийн хангамж, бодлогын хэрэгжилтэд сул анхаардаг, улсын болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, зохицуулалт сулаас бие биенээ харилцан орлох, нөхөх биш харин илүү их зардалтай давхардсан бүтэц үүсгэдэг, мөн эрүүл мэндийг үнэтэй болгох гэж элдэв төлбөр тогтоодог, эрүүл мэндийн зардлаас болж иргэд ядуурч байгаа асуудлыг нухацтай авч үзэж өөрчлөлт хийхийг КОВИД 19 бидэнд сургамж болгож байна.

Манай улсын эрүүл мэндийн салбарт зарж байгаа хөрөнгө олон улстай харьцуулахад бага биш боловч зарлагын үрэлгэн тогтолцоотой, орлого нь хязгаартай атал зардал нь нээлттэй, байнга өсч ирсэн тул үйлчилгээний чанарт дорвитой ахиц гардаггүй, үйлчилгээ нь тэр бүр хүндээ хүрдэггүй, сэтгэлд нийцдэггүй тал байдаг. Үүнээс үүдэн иргэд гадаад эмчилгээ сонирхож орон байраа зарж борлуулан байж эмчилгээнд явах, ард иргэдээс хандив хүсэх явдал байнга гарч байна. Эрүүл мэндийн систем, болоод санхүүжилтэд хийх өөрчлөлт чухамхүү эдгээр асуудал чиглэх хэрэгтэй болоод байна. Учир нь бид зардлаа дагаж санхүүжилт хийдэг, өөрөөр хэлбэл өвчнийг эмчлэх гэж санхүүжилт хийдэг тогтолцоотой болоод удаж байна. Ийм оронд хөрөнгө, мөнгө хэзээ ч хангалттай хэмжээнд хүрч очдоггүй, бүх зардлыг санхүүжүүлэхэд санхүүгийн эх үүсвэр хүрэлцдэггүй учраас гол ачаалал эцсийн бүлэгт өвдсөн, өвчилсөн хүний нуруун дээр буудаг болно. Нөгөө талаар зөвхөн нэг өвчин нэг айл гэр төдийгүй нэг улсын төсвийг ховх сорох аюултайг бид харж ойлгох хэрэгтэй юм. Нэг жишээ дурдвал Номхон далайн баруун эргийн арлын орнуудад чихрийн шижин өвчин ихэд тархсан байдаг. Гэтэл энэ өвчнөөс сэргийлэх биш зөвхөн энэ өвчнийг эмчлэх, хүндэрсэн үед хөлийг нь тайрах гэх мэт бодлого баривал эрүүл мэндэд зарж байгаа улсынх нь төсөв яагаад ч хүрэхгүй тооцоо, үнэлгээ гарсан байдаг. Ийм учраас өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, эрүүл мэндийг дэмжсэн үйл ажиллагаа, иргэдийн боловсрол, өөрөөр хэлбэл өвчинд биш эрүүл мэндэд, хүнээ эрүүл байлгахад илүү хөрөнгө оруулж байж эдийн засгийн өсөлтөд хүрэх зарчмын өөрчлөлтийг бид өнөөдөр зайлшгүй хийх шаардлагатай байна. Ингэснээр манай улсын эрүүл мэндийн систем өндөр үнэтэй, дээд шатлалын том эмнэлгүүд биш харин эрүүл мэндийн хамгийн үр дүнтэй, зардал бага шаардсан өрхийн болоод анхан шатны түвшинд үзүүлэх чанартай үйлчилгээнд тулгуурласан үр дүнтэй цомхон бүтцэд шилжих алхам хийгдэнэ. Энэ бол КОВИД 19-с авах хамгийн гол сургамж бөгөөд энэ дагуу эрүүл мэндийн систем, түүний санхүүжилт, зарж байгаа хөрөнгийн үр дүнг дээшлүүлэх зорилгоор хийх аливаа өөрчлөлт зөвхөн судалгаа, нотолгоо, үнэлгээнд суурилж байх, нэгэнт хийсэн өөрчлөлтийн хэрэгжилтийг тогтмол хянаж, үнэлдэг, мэдээлдэг зарчимд бид даруй шилжих хэрэгтэй байна.

 

Д.Баярсайхан, MPH, PhD ДЭМБ-ын ахлах зөвлөх, Женев хот, 2020-04-01

 

 


1Эрүүл мэндийн зардлын Үндэсний бүртгэл тооцооны мэдээлэл, ДЭМБ https://apps.who.int/nha/database/ViewData/Indicators/en

2 National UHC Dynamics in China. Providing for Health, 2020.

3 Health System Global (HSG) blog. https://www.healthsystemsglobal.org/blog/406/COVID-19-Lessons-from-South-Korea.html