Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Тархвар судлаачид бичиж байна: Ковид 19 өвчлөлийн тоо мэдээ ба цаашдын баримтлах стратегид өгөх санал

ikon.mn
2020 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг
www.hospitaldaluz.pt

2019 оны 12 дугаар сарын 31-ны өдөр.

Дэлхий даяараа шинэ оноо угтаж буй мөчид БНХАУ шалтгаан тодорхойгүй уушгины хатгаа бүртгэгдсэн талаар анх мэдээлэв.  Үүнээс хойш 8 хоногийн дараа буюу 2020 оны 1-р сарын 8-нд  уг шалтгаан тодорхойгүй өвчний үүсгэгч SARS-CoV2 гэх шинэ корона вирүс болохыг БНХАУ илрүүлсэнээ зарлан вирусийн геномын мэдээллийг интернэтэд тавьсан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) 2020 оны 1 дүгээр сарын 9-нд шинэ вирусийн өвчлөл бүртгэгдсэнийг баталгаажуулав. Улмаар дэлхийн эрдэмтэд, мэргэжлийн судлаачдын нэгдсэн санал, дүгнэлтээр энэ шинэ вирүсийг COVID 19 буюу КОВИД 19 гэж нэрлэж бүртгэхээр тохиров. Өнөөдөр 2020 оны 3-р дугаар сарын 30. Өдгөө COVID-19 -ийн халдвар дэлхийн 200 гаруй улс орныг хамарсан цар тахал болон тархаж,  халдварын 722.088 тохиолдол бүртгэгдэж, 33.976(4.7%) (2020.03.30) хүний амь насыг авч оджээ.

Энэ 3 сарын хугацаанд дэлхий нийтээр маш олон сорилттой нүүр тулав.

Тухайлбал, КОВИД 19 дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн тогтолцоо, тэр дундаа өмнө гарсан SARS, MERS зэрэг халдварт өвчний дэгдэлт, тархалтаас үүдэн дэлхийн хэмжээнд мөрдөх Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилт, энэ дагуу орон тус бүр халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалт, дэгдэлтийн үед авах арга хэмжээний бэлтгэл ажил, нийтийн эрүүл мэндийн арга хэмжээ улс орныг хамарсан онцгой тохиолдолд хэр бэлэн байгааг шалгалаа. Өнгөц  харахад эрүүл мэндийн систем, салбарын үйл ажиллагаатай шууд холбоотой мэт боловч үнэн хэрэгтээ өвчин, эмгэг  улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд ямар их нөлөөтэйг харуулж эдийн засаг, нийгмийн хөгжлийг сааруулж болох хүчин зүйлс, тогтолцооны гажуудлыг ил гаргаж нэг ёсондоо гэнэтийн шалгалт болж байна. Гэвч аливаа шалгалтыг бэлтгэл сайтай нь амжилттай давж гардаг жамтай.

Одоогийн байдлаар  БНХАУ  Ковид 19 халдвар ба өвчлөлтэй  амжилттай тэмцсэн улсын тоонд ороод байна.

ДЭМБ-ын үнэлгээний баг БНХАУ-ын Засгийн газар шийдвэртэй алхмуудыг цаг алдалгүй авч нягт хамтран ажилласны үр дүнд өвчлөлийн тоо, мэдээ шуурхай, ил тод байдлаар дэлхий нийтэд өдөр тутам мэдээлэгдэж ирсэн нь бусад улс орны судлаачид өөрийн оронд өвчлөлөөс хамгаалах, сэргийлэх, тархах үед авах арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх боломж олгосон гэж сайшаажээ. БНХАУ болон бусад оронд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тулгарсан бэрхшээл, алдаа оноог харвал бидэнд тэднээс суралцах зүйлс олон байна.

Жишээ нь БНХАУ-ын Засгийн газар өвчний дэгдэлтийн үед 3 үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Эхний шатанд, халдвар хүн амын дунд өргөн хүрээнд тархахаас сэргийлэн зах, худалдааны төв, нийтийн үйлчилгээний газруудыг хааж, хөл хорио тогтоов. Мөн энэ үед хэрэгжүүлсэн бас нэг чухал арга хэмжээ нь хавьтлыг илрүүлэх явдал байв. Үүнд тус бүр 5 гишүүнтэй 1,800 тархвар судлалын баг зохион байгуулж, тархвар судлалын тандалтыг гүйцэтгэсэн байна. Хоёрдугаар шатанд, хөл хориог чангатгаж, бүх өвчилсөн тохиолдлыг эмчлэх, нас баралтыг бууруулах арга хэмжээг авчээ. Тархвар судлалын багууд өдөрт хэдэн мянган хүний хавьтлыг тогтоож, хавьтлуудыг эмнэлзүйн хяналтанд авч, өвчний шинж тэмдэг илэрмэгц эмчилгээг нян даруй эхлүүлэх арга хэмжээ авч байв. Ингэснээр нас баралтын хувийг огцом бууруулж чаджээ. Тухайлбал, 1-р сарын 1-нээс 1-р сарын 10-ны өдрүүдэд өвчлөгсдийн дундах нас баралт 17.3%-тай байсан бол 2 сарын 1-нээс хойш 0.7% болж буурчээ. Хоёрдогч халдварлалт халдвартай хүнтэй хэр ойр байснаас хамаарч 1%-5% байсныг мөн судалж тогтоосон байна. Мөн энэ хугацаанд шинээр эмнэлэг барьж байгуулав.

Гуравдугаар шатанд, кластер (бөөгнөрсөн) өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэлтэнд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээс гадна эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, хамгаалах арга хэмжээг түлхүү авч эхэлсэн байна. Ингэхдээ өвчлөл тархах эрсдэлтэй бүс мужууд, өвчлөх эрсдэлтэй хүн амд чиглэсэн арга хэмжээг тархвар судлалын дүгнэлтэнд тулгуурлан тогтмол шинэчлэн хэрэгжүүлж байжээ. Хавьтлын судалгаа, өвчлөлийн тоо мэдээнд дүн шинжилгээ хийхдээ  хиймэл оюун ухаан зэрэг орчин үеийн мэдээлэл, технологийг ашиглаж, шинжлэх ухааны салбараа хөгжүүлэх, судалгаа шинжилгээнд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Хүн амын дундах өвчин, эмгэг, эрүүл мэндтэй холбоотой асуудлын тархац, эрсдэлт хүчин зүйлийг судалж, судалгааны үр дүнг тухайн асуудлыг хяналтанд авахад хэрэглэдэг анагаахын шинжлэх ухааны нэг салбар бол тархвар судлал юм. Тархвар судлалаар аливаа өвчнөөр хэн, хэзээ, хаана өвчилж байна, өвчлөлд ямар хүчин зүйл нөлөөлж байгааг судлан, судалгааны үр дүнг өвчний эсрэг тэмцэх, хамгаалах, сэргийлэхтэй холбогдсон асуудлыг шийдэхэд хэрэглэдэг. Эрүүл мэндийн бодлого, шийдвэртэй холбоотой аливаа асуудлын шийдэл ямар ч үед үнэн зөв тоо баримт, нотолгоонд суурилах ёстой. Энэ утгаар тархвар судлаачдын хэрэглэдэг статистик арга, загварчлал, түүгээр дамжиж гардаг өвчний тоо мэдээнд хийсэн дүн шинжилгээ, баримт, нотолгоо эрүүл мэндийн бодлогод чухал нөлөөтэй байдаг.

Өнөөгийн үүссэн нөхцөл байдлыг зөв үнэлж, байгаа боломж, давуу талаа ашиглаж тархвар судлал, вирусологийн судалгааны чадавхийг бэхжүүлэх, шинжлэх ухааны салбараа хөгжүүлэхэд анхаарах шаардлагатай нь харагдаж байна. Өвчлөлтэй холбоотой тоо мэдээнд тархвар судлалын дүн шинжилгээ хийж, судалгааны үр дүнг тухай бүр дараагийн шатанд хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөхөд ашиглаж ажиллах нь маш чухал байна. Дэлхийн бусад улс орны эрдэмтэн, судлаачид тоо мэдээгээ ашиглан өвчлөл, тархалтын талаар таамаглал дэвшүүлэн, нөхцөл байдал хэр удаан үргэлжлэх, хэрхэн өрнөх тухай олон хувилбар дэвшүүлэн, ойрын болон дунд хугацаанд ямар стратеги барьж ажиллах талаар олон улсын хэмжээнд шийдэл хайсан мэтгэлцээн өрнөөд байна.

Аливаа шинэ өвчин гарахад маш олон асуултад хариулах шаардлагатай болдог тул КОВИД 19 судалгаа шинжилгээний өргөн сэдэв болж байна.

Манай орны хувьд өвчлөлийн тоо цөөн боловч, хамгийн наад захын Монгол хүнд энэ шинэ вирусийн өвчлөлийн онцлог, эмнэлзүйн төрх, хоёрдогч халдварлалт, халдвар дамжиж буй байдал, эмчилгээний үр дүн зэргийг тодорхойлсон тархвар судлал, вирусологийн судалгаа хэрэгтэй байна.

Мөн Монгол орны хүн ам зүйн өвөрмөц онцлогийг харгалзан, математик загварчлалаар халдвар өргөн хүрээнд хүн амын дунд хэрхэн тархаж болох таамаглал, хувилбар дэвшүүлэн хэтийн төлөв байдал, хариу арга хэмжээг төлөвлөх ажлыг хийх шаардлага гарч байна.

Түүнчлэн, нийтийн эрүүл мэндийг хамарсан ийм онцгой нөхцөл байдлын үед ажиллах ёстой механизм, тогтолцоогоо эргэн харж, дүгнэх боломж гарч байна. Өөрөөр хэлбэл, халдварт өвчний дэгдэлтийн асуудал бол зөвхөн Халдврт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн биш харин улс орны хэмжээнд эмч мэргэжилтнүүдийн үйл ажиллагаа , хариу арга хэмжээний ажлын баг, дайчилгаа,  зохион байгуулалт, эмнэлзүйн тусламж, үйлчилгээний байдал, тоног төхөөрөмж, хүн хүчний нөөц, ариутгал халдваргүйтгэл, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдвар хяналтын тогтолцоо, эрүүл мэндийн салбарын удирдлага, санхүүжилт, салбар хоорндын хамтын ажиллагаа гээд өргөн хүрээтэй тул нариййвчлан судалж, нөөцийн хуваарилалт бүхий нарийвчилсан төлөвлөгөөтэй ажиллаж хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага байна.  Түүнчлэн, хүн амын мэдээллийн хэрэгцээ, өвчний талаарх мэдлэг, дадал, зовнилыг судлан цаашид үнэн зөв мэдээллийг хэн, хаана, хэнд, хэрхэн хүргэх стратеги боловсруулж ажил дээрх төлөвлөгөөний салшгүй нэг хэсэг байх ёстой нь харагдлаа.

Монголчууд бидэнд КОВИД 19 өвчлөлийн нөхцөл байдалд тархвар судлалын дүн шинжилгээ хийж, эрүүл мэндийн тогтолцоо, удирдлага, санхүүжилт, нийтийн эрүүл мэндийг хамарсан онцгой байдлын үед ажиллах механизмаа улам боловсронгуй болгох шаардлага байна. Энэ ажлыг өөрийн орны онцлог, тухайлбал харьцангуй залуу хүн ам зүйн өвөрмөц бүтэц, байгал, цаг уур, улс төр, нийгэм, эдийн засгаа онцлогт нийцүүлж цаашид авах арга хэмжээний төлөвлөгөөг салбар хоорондын түвшинд хамтран нэн яаралтай боловсруулж хэрэгжүүлэх, цаашдын баримтлах стратегийг улам тодорхой болгох нь өнөөгийн тулгамдсан асуудал болов.

 

 

О.Батбаяр ( MSc London School of Hygiene and Tropical Medicine)

Ж.Байгалмаа ( Финланд улсын Тамперийн их сургуулийн нийтийн докторант)

Д.Мөнхжаргал (Японы Кансай их сургуулийн тархвар судлалын докторант )  Ж.Эрдэнэбилэг ( хүний их эмч )

Санал зөвлөгөө өгсөн Д.Баярсайхан (ДЭМБ Ахлах зөвлөх, Женев )