Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Түүх, соёлын хосгүй үнэт үзмэр: Билгэ хааны алтан титэм

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Монголын Үндэсний музей нь албан ёсны цахим хуудсаараа сан хөмрөгтөө буй түүх, соёлын хосгүй үнэт үзмэрийг дээжлэн толилуулж байгаа билээ.

Энэ удаад Архангай аймгийн Хашаат сумын нутгаас олдсон Билгэ хааны алтан титмийг танилцуулж байна

Билгэ хааны алтан титэм:

  • Холбогдох он цаг: VI-VIII зуун
  • Хэмжээ: өндөр 9.3 см, урт 23 см, жин 80 гр

Түргийн Билгэ хаан 734 онд тэнгэрт халихад түүнд зориулан тахилын онгон байгуулсан нь одоогийн Архангай аймгийн Хашаат сумын нутагт буй. Уг тахилын онгоныг 2001 онд Монгол-Туркийн хамтарсан археологийн судалгааны анги малтан судлах үеэр олон тооны алт, мөнгөн эдлэл олдсоны нэг нь энэхүү титэм билээ.

Титэм нь алтаар бүтээгдсэн, 23 см орчим хагас дугуй хэлбэртэй, 5 хэсэг бүхий. Төв хэсэгт нь хошуундаа эрдэнийн чулуу зууж жигүүрээ дэлгэсэн жигүүртэн байх бөгөөд шувууны их бие, өд сөд, далавчийг нь тод томруун сийлсэн. Түүний хоёр хажууд цэцэг навчин хээтэй дэлбээ мэт хэсэг үргэлжлэх хийгээд титэмний суурь бүслүүр, их бие дээр эрдэнийн чулуу шигтгэж байсан нуух хоногууд харагдана. Уг дурсгалыг Монгол Улсын Засгийн Газрын 2003 оны 124 тоот тушаалаар “Хосгүй үнэт дурсгалт зүйл”-ээр баталсан юм.

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж УОК-оос үзвэр үйлчилгээний газруудын үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 30-ныг хүртэл зогсоогоод байгаа. Тиймээс сонирхолтой үзмэрүүдээсээ цахимаар танилцуулж буйг Монголын Үндэсний музейгээс онцоллоо.