Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Пунсалдулам: Монголчууд ямар нэгэн өвчин гарахад саахалтын зайтай нутагладаг байсан

Өдрийн сонин
2020 оны 3 сарын 10
Өдрийн сонин
Зураг зураг

Түүхийн ухааны доктор, профессор Б.Пунсалдуламтай Улаанбаатар хотын түүхийн талаар ярилцлаа.

-1639 онд Хутагтын Өргөөний шавыг анх тавьсан цагаас Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүх эхэлдэг. Үүнээс хойш Улаанбаатар хот түүхэндээ хэдэн удаа бууриа сэлгэсэн бэ?

-1639 онд тэр цагийн Халхын Түшээт хан аймгийн нутаг, одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Ширээт Цагаан нуур хэмээх газар Халхын шашны тэргүүнээр Занабазарыг өргөмжилсөн. Тэр үеэс л Хутагтын өргөөг тойрч өргөсөн шавь нар, харьяат албатууд тойрч буун, нэг ёсны суурьшил үүссэн түүхтэй. Цаашлаад энэ газар Монголын шарын шашны төв болж, гадаад дотоодын худалдааны чухал зангилаа голомт болсон юм. Хутагтын Өргөө байгуулагдсан цагаасаа хойш 22 газар, 28 удаа нүүдэллэсэн байдаг.

-Яагаад ингэж олон нүүдэллэх болов?

-Судлаачид өөр өөрөөр тайлбарладаг. Нэг газар төвлөрөн суухад хүн малын ундны ус, малын бэлчээр, түлшний мод зэргийг хангахад бэрхшээлтэй байсан тул нүүдэллэдэг байсан гэж үзэх хүмүүс ч бий. Нөгөө хэсэг нь улс төрийн учир холбогдол, нүүдэлчин зан байдалтай холбож тайлбарладаг.

Хутагтын өргөө гэх энэ газар Өргөө, Номын хүрээ, Их хүрээ хэмээн нэршиж, 1912 оны хоёрдугаар сарын 7-нд Богд хааны зарлигаар Нийслэл хүрээ болсон байдаг.

-1911 онд монголчууд Манж Чин улсын эрхшээлээс ангижраад төр улсын тусгаар тогтнолоо байгуулсан. Их хүрээнийхэн “мах магнаг болж, манай ноён чөтгөр боллоо” гэж ярьцгаадаг байсан гэдэг. Тэр үед монголчууд эдийн засаг, худалдаа наймаанд орсон байсан уу?

-Ер нь Монгол орон дэлхийн эдийн засгийн зах зээлийн хүрээнд малын түүхий эдээрээ татагдаад орчихсон байсан. Монголчууд мал аж ахуй эрхлэхийн хамт, газар тариалан эрхлэх, жин тээх, худалдаа арилжаа хийх, газраа түрээслүүлэх гэх зэргээр ашиг олох болсон. XX зуун эхэн үе гэхэд Монголын нийгэмд хөдөлмөрөө үнэлэн амьдрах хотын борчууд үүссэн байсан. Борчууд гэдэг ядуу хүмүүс биш. Тэд бол дархан, оёдолчин, эмээл, хазаар зэрэг олон төрлийн эд зүйлсийг хийх мэргэжил эзэмшсэн хүмүүс юм.

1911 он тусгаар тогтнол олсны дараагаас монголчууд дөнгөж олж авсан тусгаар тогтнолоо дэлхийн улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлж баталгаажуулах асуудал эн тэргүүний зорилт байсан.

Дараа нь эдийн засгаа хөл дээр нь босгохыг зорьж, Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар давсны үйлдвэр, гар үйлдвэр, газар тариалангийн хөгжлийг шинэ шатанд гаргахыг зорьж эхэлсэн. Харамсалтай нь эдийн засгийн хөгжлийг өөд татах санхүү мөнгөний боломж бололцоо хэцүү байсны улмаас энэ ажлууд эхлэл төдий хэмжээнд зогссон.

-1924 онд Улаанбаатар нэртэй болсон. Нэрээ солих шаардлага гарсан гэсэн үг үү?

-1924 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Анхдугаар их хурлаар Нийслэл хүрээний талаар хэлэлцсэн. Улс төрийн ахмад зүтгэлтнүүд хуучнаараа байх нь зөв гэж үзсэн.

Гэтэл энэ хурал дээр өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн байгаа юм. Олон ч санаа гарсан гэдэг. Жишээ нь, монголчуудын баатарлаг тэмцлийг үзүүлсэн утгаар нийслэлийг Баатар гэж нэрлэх санал ч гарч байсан юм билээ. Харин Улаанбаатар гэж нэрийдсэн нь тухайн цаг үеийн улс төрийн өнгө аяс нөлөөлсөн. Гэхдээ Улаанбаатар хэмээн нэрлэснээр Монголын тусгаар тогтнол, монголчуудын бүтээн байгуулалт ололт амжилтад ямар нэгэн саад нөлөө үзүүлээгүй.

-Монголчууд эрт дээр үеэс тахал өвчин гарахад хэрхэн урьдчилан сэргийлдэг байсан бэ?

-1842 онд Оросын Газар зүйн нийгэмлэг байгуулагдсан цагаас XX зууны эхэн хүртэл Оросоос Монголд аянчин, жинчин судалгааны 100 гаруй хүмүүс ирсэн байдаг. Тэдний бичсэн тэмдэглэл, номонд монголчууд ямар нэгэн өвчин гарахад саахалтын зайтай нутагладаг байсан тухай дурддаг.

Мөн монголчуудын байгальтайгаа дасан зохицох, харьцах чадвар агуу. Өвчин гарсан үед гэрийн авдар, сав, эдлэлүүдээ хээр орхиод хэд хоногийн дараа авчирдаг байсан байгаа юм. Тэр хугацаанд эд эдлэлүүдэд наалдсан нян бактери нарны туяанд үхэж цэвэршдэг байна.

Ингэсэн тохиолдолд буцаад айл саахалтаараа буудаг. Мөн Зарлигаар Тогтоосон Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яамны дагаж явуулах Хууль зүйлийн бичигт “Ховор гарах өвчтэй хүн хүний гэрт хэвтэж түүнээс өвчин наалдсаар хүн үхэхэд хүргэвээс гурван ест малаар торго.

Өвчин наалдсан хүн илаар болбоос нэгэн ест малаар торго. Цөмийг нь наалдсан наалдагдсан хүний гэрт өгөгтүн хэмээн заасан байдаг. Энэ ялын ест мал гэдэг тоо нь өөр өөр хэмжээтэй байжээ. Жишээ нь, Халх Журам-д ест-ийг дөрвөн бод, таван бог, малын нас нь цөм шүдлэн хэмээн заадаг бол, Монгол Цаазын бичигт ялын естийг морь-2, шар үхэр-2, үнээ-2, гуна-2, бяруу-1 хэмээн тогтоож өгсөн байдаг.

Энэ бол их өндөр тоо шүү дээ. Ийм их хариуцлага хүлээлгэж байжээ. Мөн айл гэр өвчтэй бол үүдэндээ улаан дээс уядаг. Ингэж үүдэндээ дээс уяж улаан даавуу уях нь социализмын үед ч байсан. Энэ бүгд өвчтэй бол айлд очиж болохгүй, мөн өвчтэй айл ч хүн оруулж болохгүй гэдгийг гэдгийг сануулдаг буй хэрэг ажээ.

-XIX зууны сүүл XX зууны эхээр нийслэл хот жуулчдын нүдэнд өртдөг байсан. Чухам юуг нь илүү онцолдог байсан юм бол?

-Нүүдлийн мал аж ахуй дэлхийн зах зээл рүү орсон учраас гадаад ертөнц биднийг сонирхож эхэлсэн. Нөгөөтэйгүүр монголчуудын ахуй амьдрал, шашин, байгальтай харьцах мэдлэг зэрэг өвөрмөц соёл гадныхныг татаж байсан. Монголоор жуулчилсан хүмүүс Монголын хот, хүрээ хийдийг өнгө алагласан их сонин сайхан байсан тухай тэмдэглэдэг.

Учир нь Монгол, Төвд, Европ, Хятад хийцийн сүм дуган, барилга, хийцийн байгууламжууд хийц маяг донж хэлбэрээрээ алаглаж харагддаг байна л даа. Жуулчид Оросын Консулын дэнж, Хятадын наймаачин хот, Монголын гандан хүрээ хийдүүдийг үзэж бүгд өөр өөрийн хэв маягтай, өнгө хийцтэй байсан учраас сонирхлыг нь их татсан байна.

Үүнээс гадна тухайн үед Монголд ирж байгаа жуулчдын хамгийн их хувийг оросууд эзэлдэг. Оросууд XVII зууны үеэс дэлхийн зах зээлийн системд орж үйлдвэрлэлийг хөгжүүлэх болсон. Ийм учраас тэдний хүнсний болоод хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэхэд хэрэглэх түүхий эдийг Монголоос авах арга замыг судлах эрж хайхын тулд олноороо ирэх болжээ.

-1954 оноос Хот төлөвлөлт явагдаж олон барилга байгууламж барьсан. Гэтэл сүүлийн үед түүхэн дурсгалт газруудаа нураах зүйл гарч нийгэмд бухимдал үүсэж байх шиг. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Улаанбаатар хотыг хөгжүүлэх төлөвлөгөөтэй явж ирсэн. Хотыг хөгжүүлэх 1954,1961, 1975, 1986, 2002, 2013 оны төлөвлөгөөнүүд бий. 1975 оны төлөвлөгөөгөөр тус хотод 400 мянган хүн амьдарна хэмээн төлөвлөж байжээ. Энэ нь тухайн үеийн тооцоо шүү дээ.

Түүнээс биш Улаанбаатар хотыг төлөвлөгөөгүй явж ирсэн гэж хэлж болохгүй л дээ. Харин хотын төлөвлөгөөнд саад гэх үү сөрөг зүйл нь 1990 оноос хойших шилжилтийн үеийн замбараагүй байдал нөлөөлсөн. Энэ үед газар олголтыг судалгаагүй буруу аргаар олгогдсон зэрэг олон учир байдлаас болоод барилга байгууламжууд замбараагүй баригдсан тал бий гэж боддог.

Миний хувьд түүхч хүн учраас түүхийн хуучны байшин савыг аль болох үлдээх арга замыг сонгох хэрэгтэй хэмээн боддог. Эдгээр дурсгал нь бидний туулсан замыг өгүүлдэг шүү дээ.

-Одоогийн Сүхбаатарын талбай, Бөхийн өргөө, Баруун дөрвөн зам, Урт цагаан зэрэг газруудын сууринд өмнө нь ямар барилга байгууламжууд байсан юм бэ?

-1938-1946 он хүртэл Улаанбаатар хотын төвийг хөгжүүлэх бодлогын асуудлыг Монгол Улсын Засгийн газар баталж шийдвэрлэсэн байгаа юм. Үүгээр Улаанбаатар хотын төв бий болсон. Одоогийн Засгийн газрын ордон бол хуучнаар Бөмбөгөр ногооны байран дээр байна. Монголын анхны дөрвөн замын уулзвар одоогийн Холбооны шуудангийн энд байсан.

Дүрслэх урлагийн музейн сууринд Өндөр хоршоо гэж газар байсан. Мөн Бөхийн өргөөний орчимд Санхүүгийн гудамж зэрэг байлаа. Цаашлаад Урт цагааны сууринд тухайн үеийн зээлийн хоршоо, худалдааны төвүүд, Гандэнтэгчинлэн хийдээс нарны гүүр хүртэл борчууд, хэрмэлүүдийн хороо гэж явдаг байлаа. Борчууд, хэрмэлүүд гэдэг одоогийнхоор бол жижиг дунд үйлдвэрлэгчид юм л даа.

-Аливаа улс гүрэн нийслэл хот орчимдоо археологийн судалгаа явуулж олсон дурсгалаа өсвөр залуу үе болон гадаад дотоодынхонд танилцуулдаг. Тэгвэл Улаанбаатар хот орчмын археологийн судалгаа тэр дундаа гэр хорооллуудын археологийн судалгааг хэр хийсэн бэ?

-Монголчууд нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг ард түмэн. Нүүдлийн соёлтой байсан ч гэсэн хотжих соёлтой байсан. НТӨ II зуунаас XVII зууны эхэн хүртэл Монголын газар нутгаар 300 гаруй хот суурины туурь байна. Тухайлбал, Хүннү гүрний үед байсан Луут хот, Нирун улсын нийслэл Мөөмт хот, Эрдэнэ зуу зэргийг дурдаж болно.

Эдгээр хот суурин нь Орхоны хөндийн байрладаг. Энд, зарим нэг хүмүүс, ялангуяа гадаадын хүмүүс ямар хот гэхээрээ 20 гаран удаа нүүдэг байна аа хэмээн асуудаг. Монголчуудын хувьд хотын асуудал нь суурин гэхээсээ илүү улс төрийн төв гэдэг ухагдахуун нь илүү давамгайлдаг хэмээн боддог.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт түүх соёлын эд өлгийн дурсгал ихтэй. Үүнийг дурдах гэвэл би барахгүй, тэгээд ч бараг ном биз. 2015 онд ШУТИС-ийн НТС-ийн багш нар СХД-ийн Баянхошуу, 22-ын товчоо, Зүүнсалаа БЗД-ийн Гачуурт, Хуандайн ам зэрэг газарт хайгуул, малтлага хийж Зүүн салаанд Хүннүгийн үеийн 27 булш, хүрэл зэвсгийн үеийн зургаан булш, хиргисүүр олж илрүүлсэн байдаг.

Үүнээс гадна Хүрэл зэвсгийн үед холбогдох Их тэнгэрийн амны хадны зураг, Бэлхийн амны хүннүгийн язгууртны оршуулгын дурсгал, Туулийн Хар Түнийн ордны тууриас эхлүүлээд олон дурсгал бий.

 

Ярилцсан: М.Лхамсүрэн 

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.