Цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэх зорилготой АНУ-ын Rivian стартап компани пикап ангиллын R1T, SUV ангиллын R1S загваруудаа зах зээлд гаргахаар ажиллаж байгаа юм.
Тэгвэл тус компани саяхан эдгээр загварууддаа нэвтрүүлэхээр төлөвлөж буй нэгэн өвөрмөц чадварыг нийтэд үзүүлжээ. Энэ нь автомашиныг байран дээр нь 360 хэм эргүүлэх чадвар юм.
Rivian компаниас гаргасан тайлбарт өгүүлснээр тэдний загварууд нь дөрвөн дугуйны эргэлтийг удирдах дөрвөн тусдаа хөдөлгүүртэй бөгөөд эдгээр хөдөлгүүрүүд нь тус бүрийн дугуйны барьцалдаж буй гадаргын нөхцөлд тааруулан тал талаараа эсрэг чиглэлд эргэснээр ингэх боломж олгож байгаа гэнэ.
Уг өвөрмөц чадварыг Quad Motor Tank Turn буюу утгачилбал “дөрвөн хөдөлгүүрийн танкын эргэлт” гэж нэрлэжээ. Rivian шинэ загваруудаа 2020 оны сүүлээр тус бүр $69,000 (R1T), $72,500 (R1S) үнэтэй зах зээлд гаргахаар ажиллаж байгаа юм.
Тэдний гол өрсөлдөгч Теслагийн Cybertruck 2021 онд үйлдвэрлэгдэж эхлэх төлөвтэй байна.
Теслаг байгуулагдсан цагаас хойш гарсан компаниудаас хамгийн ирээдүйтэйд тооцогдож буй цахилгаан автомашины брэнд нь Rivian юм.
Тус компанид одоогоор Amazon, Ford, Cox Automotive зэрэг аварга компаниуд хөрөнгө оруулаад байгаа. Хэдхэн хоногийн өмнө тэд T.Rowe Price тэргүүтэй хөрөнгө оруулагчдаас $1.3 тэрбумыг амжилттай татсан байна.
Rivian компаниас гаргасан видео:
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!