Уншиж байна ...

НҮБ-д үзүүлдэг хүмүүнлэгийн тусламжаа АНУ эрс бууруулаад үүнд “дасан зохицохгүй бол үхэх”-ийг зөвлөв

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын засаг захиргаа НҮБ-ын хүмүүнлэгийн төсөл хөтөлбөрүүдэд $2 тэрбумын санхүүжилт амлаж байгаагаа мэдэгджээ.

Өчигдөр буюу Даваа гарагт Женев хотод АНУ-ын ерөнхийлөгчийн гадаад тусламжийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн орлогч дарга Жереми Левин, НҮБ-ын яаралтай тусламжийн газрын дарга Том Флетчер нар уулзах үеэр үүнийг зарласан юм.

Флетчер уг санхүүжилтийг талархан хүлээж авч байгаагаа хариу мэдэгджээ.

Гэхдээ энэ бол АНУ-ын засаг захиргаанаас НҮБ-д өгдөг байсан тусламжийн өчүүхэн хэсэг юм. Тухайлбал 2022 онд НҮБ-ын хүмүүнлэгийн төслүүдэд АНУ-ын эрх баригчид $17 тэрбумыг хандивлаж байжээ.

АНУ-ын санхүүжилтийн хэмжээ эрс багассанаас гадна бас зарцуулалтад нь тодорхой нөхцөл шаардлагууд тавигдсан байна.

Тухайлбал энэ мөнгийг Афганистан, Йеменд огт зарцуулах ёсгүйг ноён Левин анхааруулжээ.

Талибаны дэглэмд тусламж үзүүлж байгааг батлах баримт байгааг анхааруулсан Левин “татвар төлөгчдийн мөнгөнөөс террорист байгууллагуудад сохор зоос ч зарцуулахыг ерөнхийлөгч Трамп тэвчихгүй” гэж мэдэгдсэн байна.

АНУ-ын санхүүжилтэд тавигдаж буй өөр нэг шаардлага нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх төслүүдэд зарцуулахгүй байх гэнэ.

Ийм төслүүдэд мөнгө зарцуулах нь “амин чухал биш”, “АНУ-ын ашиг сонирхолд нийцэхгүй” болохыг Левин анхааруулжээ.

Ингэхдээ тэр тавьсан нөхцөл шаардлагад “дасан зохицож чадахгүй бол үхэх”-ийг НҮБ-д зөвлөсөн байна.

“Хуучин системээрээ явахыг хүсэж байгаа байгууллагуудад АНУ-ын ‘мөнгөний гахай’ нээлттэй биш” болохыг Левин анхааруулжээ.

Гэхдээ нөгөө талаар АНУ-ын санхүүжилтийн хэт улс төржсөн байдал том асуудал үүсгэж байна.

Хүмүүнлэгийн тусламжийн үндсэн зарчим нь төвийг сахисан, тэгш хүртээмжтэй, хамгийн их хэрэгцээтэй хэсэгт хүрдэг байх юм.

Гэсэн хэдий ч мөнгө санхүүгийн гачигдалд ороод байгаа НҮБ-ын хувьд $2 тэрбум нь “юу ч үгүй байснаас дээр” гэж зарим ажиглагчид үзэж байна.

 

Эх сурвалж: BBC