Уншиж байна ...

OpenAI компани “хамгийн стресстэй” ажлын байрандаа хагас сая долларын цалин санал болгожээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

ChatGPT платформыг хөгжүүлэгч OpenAI компани жилийн $555,000-ын цалинтай ажлын байр зарлажээ.

Гэхдээ уг ажлын байраа хиймэл оюуны технологийн салбарын “хамгийн их стресстэй ажил үүрэг” гэж тодорхойлсон байна.

“Бэлтгэл хангах хэлтсийн дарга” нэртэй ажил нь улам бүр хүчирхэг болж буй хиймэл оюунаас хүний сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, учруулж болзошгүй бусад аюул эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй байх гэнэ.

Өөрөөр хэлбэл хэзээ нэгэн цагт хүн төрөлхтний эсрэг ажилладаг болж магадгүй хиймэл оюунаас хамгаалах бэлтгэл ажлыг хангах үүрэгтэй юм байна.

“Энэ бол маш их стресстэй ажил байх бөгөөд томилогдсон хүн тэр даруй гүн рүү нь үсрэн орох болно” гэж OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Олтмэн тайлбарлажээ.

Өмнө нь уг албан тушаалд томилогдсон хүмүүс удалгүй ажлаа өгч байсан гэнэ.

Сүүлийн үед хиймэл оюуны салбарын мэргэжилтнүүд өөрсдөө ирээдүйн аюул заналын талаар анхааруулах нь улам нэмэгдэх болсон.

Даваа гарагт Microsoft AI компанийн гүйцэтгэх захирал Мустафа Сулейман BBC Radio 4 сувгийн “Today” нэвтрүүлгээр ярихдаа “Хэрвээ та яг одоо бага ч гэсэн айхгүй байгаа бол үүнд огт анхаарал хандуулаагүй байна гэсэн үг гэж би бодож байна” гэжээ.

Google DeepMind компанийн үүсгэн байгуулагчдын нэг, Нобелийн шагналт Демис Хассабис саяхан “хиймэл оюун замаасаа гарч, хүн төрөлхтөнд хор хөнөөл учруулах” эрсдэлийн талаар анхааруулж байв.

Дэлхийн улс орнууд хиймэл оюуны талаар бараг ямар ч зохицуулалтгүй, эрх баригчид анхаарлаа хандуулахгүй байгаа.

Хиймэл оюуны загалмайлсан эцгүүдийн нэг гэгддэг судлаач Ёшуа Бенгио саяхан “Өнөөдөр сэндвич хүртэл хиймэл оюунаас илүү их зохицуулалттай байгаа” хэмээн анхааруулж байв.

Өнөөдөр ийм зохицуулалтыг голдуу компаниуд өөрсдөө хариуцаж байгаа.

Ажлын байрны зарлалдаа Сэм Олтмэн “Бид өсөн нэмэгдэж буй чадавхыг хэмжих бат бэх суурьтай боловч эдгээр чадавхыг хэрхэн буруугаар ашиглаж болох, мөн бид бүтээгдэхүүнийхээ сул талуудыг хэрхэн хязгаарлах талаар илүү нарийн ойлголттой болох шаардлагатай шинэ ертөнцөд шилжиж байна. Ингэж чадвал бид бүгд асар их ашиг тусыг хүртэх боломжтой. Энэ асуудал их хэцүү бөгөөд өмнө тогтсон жишиг бараг байхгүй юм” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: The Guardian