Уншиж байна ...

Холливүүдийн од Жорж Клуни болон түүний гэр бүлийнхэн Францын иргэд болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
28 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Холливүүдийн од Жорж Клуни, түүний гэргий Амал Аламуддин Клуни болон тэдний хоёр хүүхэд Франц улсын иргэд болсныг тус улсын засгийн газрын хэвлэл өчигдөр мэдээлжээ.

Энэ сарын эхээр Клуни иргэдийн хувийн нууцыг хамгаалах Францын хууль эрх зүйн орчныг магтаж ярихдаа энэ санаагаа цухас илэрхийлж байв.

“Би Францын соёлд хайртай, хэдийгээр 400 хоногийн сургалтад хамрагдаад төдийлөн сайжирч чадахгүй байгаа ч би танай хэлэнд хайртай” гэж 64 настай жүжигчин тухайн үед RTL радиод ярьжээ.

Тэрбээр цааш нь “Энд хүүхдүүдийн зургийг авдаггүй. Сургуулийн үүдэнд ямар ч папарацци нуугддаггүй. Энэ бол бидний хувьд нэгдүгээрт тавигдах асуудал” гэж ярьсан юм.

Одоо Клуни нь АНУ, Францын давхар иргэний харьяалалтай болж байгаа юм байна. 2014 онд тэр франц хэлээр чөлөөтэй ярьдаг Британи-Ливаны давхар иргэн, хүний эрхийн хуульч Амалтай гэрлэж байв.

Үүнээс ч өмнө Клунигийн амьдрал Европтой ойр холбоотой байсан юм.

Тухайлбал тэр 2002 онд Италийн үзэсгэлэнт Комо нуурын сав газарт үл хөдлөх хөрөнгө худалдан авч байсан бол сүүлд гэргийн хамт Английн түүхэн харшийг худалдан авчээ.

Тэд Францын өмнөд хэсэгт оршдог Бринолес тосгоны дэргэдэх “Domaine du Canadel” нэртэй хуучин дарсны эдлэн газрыг 2021 онд худалдан авсан юм.

Тэд бас АНУ-д хэд хэдэн үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг бол сүүлийн арван жилийн хугацаанд Лос-Анжелес болон Мексик дэх хөрөнгүүдээ зарсан гэх мэдээлэл бий.

Клуни, Амал нар найман настай ихэр хүүхдүүдтэй юм.

RTL радиод ярихдаа Клуни гэр бүл нь хэдийгээр олон газарт амьдрах орон сууцтай ч Франц дахь гэрээ “бидний хамгийн аз жаргалтай газар” гэж тодорхойлжээ.

Жүжигчин, найруулагч Клуни хоёр удаагийн Оскарын шагналтай бөгөөд нэгийг нь 2006 оны “Syriana” киноны туслах дүрээр, 2012 онд “Argo” киноны продюсерын хувиар хүртэж байв.

Киноноос гадна тэр Nespresso зэрэг бараа бүтээгдэхүүний сурталчилгаанаас олон саяын орлого олдог. Бас текила архины томоохон үйлдвэрлэгчид эзэмшдэг хувьцаагаа зарсны үр дүнд их хэмжээний ашиг олж байжээ.

Клунигаас гадна АНУ-ын найруулагч Жим Жармуш өнгөрсөн долоо хоногт хэвлэлд ярихдаа Францын иргэн болохоор төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.

Мөн Францын соёлд татагддагаа илэрхийлсэн найруулагч “Би АНУ-аас зугтах боломж олгох газрыг хайж байна” гэж ярьжээ.

 

Эх сурвалж: AFP