Цахим орчинд гэмт хэрэг үйлдэж, иргэдэд 1.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан сэжигтэн Б-г шилжүүлэн авчирсан талаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас мэдээллээ.
Тодруулбал ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас кибер орчинд Тайландын Хаант Улсаас Монгол Улсын иргэд рүү чиглэсэн хууль бусаар халдах, залилах гэмт хэрэг үйлддэг сэжигтэй этгээд Б-г олон улсад эрэн сурвалжлан арванхоёрдугаар сарын 22-ны өдөр ЦЕГ-ын Интерполын үндэсний төв товчоотой хамтран албадан авчрах ажлыг зохион байгуулж, шүүхийн зөвшөөрлөөр баривчилжээ.
Яллагдагч Б нь 2023 оноос хойш бусдын Фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч, улмаар тухайн хакердсан Фэйсбүүк хаягаа ашиглан бусдаас "мөнгө зээлээч" гэх утга бүхий зурвас илгээж мөнгө шилжүүлэн авах, "бараа бүтээгдэхүүн худалдан борлуулна" гэх нэрийдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэдэд 1.1 тэрбум төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон.
Иргэд та бүхнийг цахим орчинд үйлдэгдэж байгаа залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлж, бусдад хувийн мэдээлэл, захидал харилцааны нууцаа задруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!