Уншиж байна ...

Японд урсдаг замд гараа хавчуулсан таван настай хүүхэд амиа алдсан осол гарчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Японы цанын баазад гэр бүлээрээ амарч явсан таван настай хүүхэд уул руу өгсөх урсдаг замд гараа хавчуулсны улмаас амиа алдсан осол гарчээ.

Ням гарагийн өглөө Хоккайдо арлын цанын баазын урсдаг замаас буух гэж байгаад тэнцвэр алдан  унасан Хината Гото хүү баруун гараа уг замын механизмд хавчуулсныг Японы хэвлэлүүд мэдээлсэн байна.

Уг зам хөдөлгөөнд нь ямар нэг зүйл тээглэхийг мэдрээд зогсох аюулаас хамгаалах системтэй боловч тухайн үед ажиллаагүй гэнэ.

Тиймээс хүүгийн ээж шуурхай зогсоох товчийг дарж зогсоожээ.

Аврагчид хүүг гаргахын тулд урсдаг замын механизмыг задлахад 40 минут зарцуулсан байна. Энэ үед ухаангүй байсан хүү хожим эмнэлэгт амьсгал хураасныг эмч нар мэдээлжээ.

Цагдаа нар урсдаг замыг үйлдвэрлэх, засвар үйлчилгээ хийх үед мэргэжлийн алдаа зөрчил гарсан эсэхийг мөрдөн шалгаж эхэлсэн байна.

Цанын баазын ажилтнууд замын аюулаас хамгаалах систем өмнө нь ажиллаж байсныг мэдүүлжээ.

Зургаан жилийн өмнө суурилуулсан уг зам 30 метр урт, 60 см өргөн бөгөөд хашилт, бариулгүй юм байна.

Уг зам амралтын газрын автомашины зогсоолыг цанаар гулгадаг уулын налуу хэсэгтэй холбодог байжээ.

Замын хашилт, бариулгүй бүтэц нь насанд хүрсэн хүмүүсийг зорчиход ч эрсдэлтэй санагддаг байсныг тус цанын баазын байнгын үйлчлүүлэгч Асахи Шимбун сонинд ярьсан байна.

Осол гарсан Асаригава Онсен цанын баазын төлөөлөгч болсон явдлын төлөө уучлал гуйж, дахин ийм зүйл тохиолдохоос урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авахаа амлажээ.

Японы цанын баазууд Хоккайдо аралд төвлөрдөг бөгөөд жил бүрийн өвөл олон сая амрагч хүлээн авдаг юм.

 

Эх сурвалж: BBC