Мэргэжлийн боксын дэлхийн аварга асан Энтони Жошуа орон нутгийн цагаар өчигдөр буюу энэ сарын 29-нд зам тээврийн осолд оржээ.
Өдгөө 36 настай англи боксчин Нигерийн Огун мужийн хурдны замаар явж байхдаа өөр машинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас А.Жошуагийн хоёр найз нь амиа алджээ.
Харин боксчин эр хөнгөн гэмтэл авсан талаар мужийн цагдаагийнхан мэдээлэв. Тэд ослын шалтгааныг шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
Тус улсын замын аюулгүй байдал хариуцсан албанаас гаргасан мэдэгдэлд "Осолд таван хүн өртсөн. Э.Жошуа хөнгөн бэртэл авсан бол хоёр хүн амиа алдаж, хоёр нь гэмтээгүй" гэв.
Ослын дараа Э.Жошуаг эмнэлгийн хяналтад авсан бөгөөд бие нь тогтвортой байгаа аж.
Нигерийн Ерөнхийлөгч болсон үйл явдалд эмгэнэл илэрхийлсэн байна.
Энтони Жошуа Их Британид цагаачилсан Нигери гэр бүлд төрсөн юм. Хэдийгээр Англид төрсөн ч 12 нас хүртлээ эцэг эхийнхээ төрөлх нутагт бага сургуульд суралцаж байжээ. Улмаар 12 настайдаа Англи руу буцсан түүхтэй.
Мэргэжлийн боксын замналдаа 33 тулаан хийж 29 ялсан юм. Өнгөрсөн оны есдүгээр сард Даньел Дубиосд дийлдээд хэсэг завсарлага авсан ч энэ сарын 19-нд Youtube од Жэйк Полыг зургаадугаар үед хүнд цохилтоор буулган авсан билээ.
Цахим ертөнцөөс мэргэжлийн боксчин болсон Жэйк Пол уг тулааны дараа эрүү нь хугарсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!