Өнгөрсөн долоо хоногийн НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар Улаанбаатар хотын ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж, батлав.
Ингэхдээ ирэх таван жил нийслэл Улаанбаатар хотыг тогтвортой, иргэдийн амьдрах орчныг сайжруулж, хүртээмжтэй, эдийн засгийн өрсөлдөх чадвартай “20 минутын хот” бодлогын хүрээнд бүсчлэн улсын зэрэглэлтэй хоёр, орон нутгийн зэрэглэлтэй 14, дагуул хоёр хот болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ.
Тухайлбал нийслэлийн ерөнхий боловсролын нийт 150 сургууль байгааг 2030 он хүртэл 84 сургуулиар нэмэгдүүлнэ.
Одоогоор анги бүр 50-аас дээш сурагчтай бөгөөд нийслэлийн хэмжээнд 300 мянган сурагч байгаагаас хүчин чадлын хэтрэлт 150 мянга гарчээ. Тиймээс 84 сургууль шинээр барьснаар 25 сурагчаар буурна гэж тооцоолжээ.
Эрүүл мэндийн салбарт нийслэлийн хэмжээнд ажиллаж буй 1, 2, 3 дугаар шатлалын нийт 216 эмнэлгийн үйлчилгээ, хүртээмжийг нэмэгдүүлж эрт илрүүлэг, товлолт вакцины хамрах хүрээг нэмэгдүүлнэ.
Нийслэл хот 1.7 сая хүн амтай. Үүний 1.1 сая нь хөдөлмөрийн насных бөгөөд үүнээс 627 мянга гаруй буюу 55 хувь нь хөдөлмөр эрхэлж буй. 2030 он гэхэд ажиллах хүчний оролцох түвшнийг 0.642 байгааг 0.650 болгож нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Нийтийн тээврийн бодлогыг шинэчилж нийтийн тээврийн зорчилтыг нэмэгдүүлэх, авто замын томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлж нийт 191километр зам тавихаар байна. Одоогоор нийслэлд нэг хүнд ногдох ногоон байгууламж 6.5м.кв байгаа бол үүнийг 9м.кв болгон нэмэгдүүлэх болон бусад төлөвлөлтүүдийг нь салбар, бүсчлэлээр нь хийсэн гэдгийг танилцуулгадаа онцоллоо.
Эх сурвалж: НИТХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!