ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров тус улсын ерөнхийлөгч Путиний өргөөнд Украины тал нисгэгчгүй онгоцоор халдахыг завдсан тухай өчигдөр мэдээлжээ.
Харин Украины эрх баригчид үүнийг эрс няцааж, Киев дэх засгийн газрын байранд халдахын өмнөх бэлтгэл болгон худал мэдээ тарааж байж болзошгүй гэж Оросын талыг буруутгасан байна.
Лавровын мэдээлснээр Даваа гарагийн шөнө ОХУ-ын Новгород мужид байрладаг ерөнхийлөгчийн өргөөнд Украины алсын тусгалын 91 дрон дайрсныг Оросын агаарын довтолгооноос хамгаалах систем бүрэн устгасан гэнэ.
Уг халдлагын улмаас ямар ч хохирол учраагүйг тэр баталсан байна.
“Энэ бол Оросын Холбооны Улсын бас нэг худал үг. Тэд зүгээр л манай нийслэл болон засгийн газрын барилга байгууламжуудад довтлохоор бэлдэж байна. Одоо хүн бүр сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Нийслэлд довтолж магадгүй, ялангуяа тэр хүн (Путин) зохих хариуг нь өгнө гэж хэлсэн болохоор” гэж Украины ерөнхийлөгч Володимир Зеленский сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ.
Оросын тал хариу цохилт өгөх байнуудаа хэдийнээ сонгосныг Лавров өмнө нь анхааруулсан юм.
“Ийм болгоомжгүй үйлдлийг зүгээр өнгөрөөх ёсгүй” гэж хэлсэн Лавров дээрх халдлагыг “төрийн терроризм” гэж тодорхойлжээ.
Уг халдлага Украины энхийн яриа хэлэлцээ үргэлжилж буй цаг үетэй давхцаж байгаа ч “Орос улс уг хэлэлцээнээс гарахгүй, гэхдээ байр сууриа эргэн харах болно” гэж тэр бас хэлсэн юм.
Даваа гарагт “Долгие Бороды” гэх нэртэй өргөөндөө Путин байсан эсэх нь тодорхойгүй байна. Уг өргөөг өмнө нь Иосиф Сталин, Никита Хрущев, Борис Ельцин нар ашиглаж байжээ.
Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярихдаа Путин өргөөнд нь халдах оролдлого гарсан талаар, бас үүний улмаас Оросын тал байр сууриа эргэн харж байгааг дуулгасан тухай Кремлийн гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Уг халдлагын талаар сонсоод Трамп “цочирдсон”-ыг Ушаков хэлжээ.
Украины гадаад хэргийн сайд үүнийг Оросын тал дараагийн халдлагаа зөвтгөхийн тулд “хуурамч үндэслэл” гаргаж ирж буйг дэлхийн удирдагчдад анхааруулаад энэ үйлдлийг нь буруушаахыг уриалсан байна.
“Энэ бол Оросын ердийн тактик: Өөрийн хийхээр төлөвлөж байгаа зүйлийнхээ төлөө нөгөө талыг буруутгах” гэж Украины гадаад хэргийн сайд Андрей Сибига сошиал хуудсаараа мэдэгджээ.
Өчигдөр Зеленский энэ талаар Германы канцлер Фридрих Мерцтэй утсаар ярилцсан юм байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!