Уншиж байна ...

"The MongolZ" багийн дасгалжуулагч maaRaa, ахлагч bLitz нарыг 2025 оны шилдэгт нэр дэвшүүлжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Цахим спортын Counter Strike-2 тоглоомын 2025 оны шилдгүүдийг шалгаруулах "HLTV Awards 2025" ёслолын арга хэмжээ 2026 оны нэгдүгээр сарын 10-нд Сербийн Белград хотноо зохион байгуулагдана. 

Тус наадмын үндсэн зургаан төрлийг Counter Strike-2 тоглоомын мэргэжлийн тамирчид, шинжээчдээс бүрдсэн зөвлөлийн саналаар тодруулдаг.

Арванхоёрдугаар сарын дунд үед зургаан төрөлд өрсөлдөх тус бүр 10 тамирчныг урьдчилсан байдлаар танилцуулж байсан бөгөөд "The MongolZ" багийнхан өөр өөрсдийн байрлал дээрээ шилдгийн өрсөлдөөнд нэрлэгдсэн юм.

Тэгвэл өчигдөр (2025.12.29) зургаан төрөлд шилдгийн төлөө өрсөлдөх тус бүр гурван тамирчин, дасгалжуулагчийн нэрсийг эцэслэн зарлалаа.

"HLTV Awards 2025" ёслолын арга хэмжээний шилдэг дасгалжуулагч төрөлд "The MongolZ" багийн дасгалжуулагч "maaRaa" буюу Б.Эрдэнэдалай, шилдэг багийн ахлагч төрөлд "bLitz" буюу Б.Гарьдмагнай нар шалгарч үлдсэн байна. 

HLTV байгууллагын зүгээс Б.Эрдэнэдалайг энэ оны шилдэг гурван дасгалжуулагчийн нэгээр нэрлэхдээ шилдэг тамирчин бойжуулдаг авьяас ур чадварыг нь онцлон дурдсан байна.

Түүний үл танигдам байснаас нь олж ирсэн тоглогчид The MongolZ багийг дэлхийн чансааг тэргүүлэгч баг болтол хөтөлсөн юм. Мөн оны төгсгөлд багийн гол тоглогч “Senzu”-ийн оронд “controlez”-ийг ашигласан нь, багийн од тоглогчгүй байсан ч түүний систем үр дүнтэй ажилладгийг дахин нотолсон хэмээн дурджээ.

Харин Б.Гарьдмагнайн хувьд The MongolZ багийг удирдан богино хугацаанд ч болов дэлхийн чансааны нэгдүгээрт байрт гаргаж, Монголын төдийгүй Азийн бүс нутгийн түүх бүтээлээ. Тэд Esports World Cup дээр анх удаа томоохон тэмцээний аваргын цом өргөсөн хэмээн тодорхойлжээ.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг