АНУ-ын зэвсэгт хүчин өнгөрсөн долоо хоногт Венесуэлийн нутаг дэвсгэрт оршдог “том байгууламж”-д цохилт өгснийг ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн ч энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Тэрбээр Баасан гарагт болсон арга хэмжээний үеэр “Бид дөнгөж сая том цохилт өгсөн. Та нар энэ талаар уншсан, эсвэл харсан эсэхийг мэдэхгүй байна. Тэдэнд хөлөг онгоцнууд ирж очдог томоохон станц ч юм уу нэг байгууламж байдаг. Бид түүнд маш хүчтэй цохилт өгсөн” гэж хэлжээ.
Өчигдөр буюу Даваа гарагт Трамп энэ талаар үргэлжлүүлэн ярихдаа “Энэ юу байсан нь хамаагүй. Гэхдээ завинуудыг хар тамхиар дүүргэдэг тэдний зогсоолын орчимд томоохон дэлбэрэлт болсон. Бид тэр хэсэгт цохилт өгсөн” гэж хэлсэн байна.
Өчигдөр Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай уулзсаныхаа дараа Трамп “Бид бүх завинуудыг устгасан бол сая хэрэгжүүлдэг хэсэгт довтолсон. Одоо тэр нь байхгүй болсон” гэж хэлжээ.
Тэрбээр аравдугаар сард Венесуэлд нууц ажиллагаа явуулах зөвшөөрлийг Тагнуулын Төв Газарт өгснөө анх баталж байсан юм.
“Би хоёр үндсэн шалтгаанаар уг зөвшөөрлийг өгсөн. Нэгдүгээрт, тэд шоронгуудаа хоосолж, гэмт хэрэгтнүүдээ АНУ-д илгээж байгаа. Манай хил нээлттэй байсан тул тэд чөлөөтэй орж ирсэн. Нөгөө нэг шалтгаан нь хар тамхи” гэж Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа Трамп тайлбарлаж байв.
АНУ-ын нууц ажиллагаа, агаарын цохилтын аль нь ч байсан энэ бол Венесуэлийн нутаг дэвсгэрт халдсан анхны тохиолдол юм.
Гэхдээ онолын хувьд ийм ажиллагаа явуулахын тулд Конгрессоос зөвшөөрөл авах шаардлагатай.
Одоогоор Венесуэлийн талаас Трампын мэдэгдэлтэй холбогдуулан ямар нэг тайлбар өгөөгүй байна.
Есдүгээр сараас хойш Карибын тэнгисийн өмнөд хэсэгт Пентагон цэрэг, зэвсгийн хүч төвлөрүүлж, картелын хар тамхи тээвэрлэгч гэх завинуудыг устгаж байгаа.
Сүүлд Венесуэлийн газрын тосыг гадаадад экспортлох үүргийг гүйцэтгэдэг тээвэрлэгч хөлгүүдийг олзлон авах болсон юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!