Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Дорноговь, Говьсүмбэрийн замд дундаж хурд тодорхойлох цахим системийг туршиж эхэлсэн"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 12 сарын 25
iKon.MN
Гэрэл зургийг Mpa.mn

Тээврийн цагдаагийн албаны 2019 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлангийн хурал өчигдөр боллоо.

2019 он Тээврийн цагдаагийн албаны хувьд амжилт бүтээлээр арвин жил байлаа

 
Гэрэл зургийг Mpa.mn

Тайлангийн хурлыг нээж Тээврийн цагдаагийн албаны дарга Д.Амарсайхан "Өнгөрч буй 2019 он Тээврийн цагдаагийн албаны хувьд амжилт бүтээлээр арвин, алба хаагчид ажил хөдөлмөрийнхөө үр шимийг хүртсэн жил байлаа" хэмээн онцлов.

Мөн тэрбээр “Сүүлийн жилүүдэд Монгол Улсын хэмжээнд авто замын урт нэлээд ихэссэнээс гадна автомашины тоо ч нэлээд нэмэгдсэн. Тээврийн цагдаагийн албанаас 2019 онд ялангуяа хөдөө орон нутгийн улсын чанартай авто замд гарч буй осол, гэмт хэргийг бууруулах чиглэлд гол анхаарлаа хандуулж ажилласан.

Түүнчлэн сүүлийн хоёр жил нийт улсын чанартай авто зам дээр хяналт, шалгалтын чиглэлээр 60 постыг шинээр байгуулсан. Эдгээр постыг түшиглэн манай алба хаагчид 6,500 орчим километр улсын чанартай авто зам дээр хяналт шалгалтын үйл ажиллагааг хийж, 20 гаруй пост дээр 24 цагаар ажиллаж байна.

Орон нутагт гарч буй осол хэргийг бууруулах чиглэлээр бид энэ онд хамгийн  амжилттай зохион байгуулсан ажлаас дурдвал, Дорноговь, Говьсүмбэр аймгуудын замд тээврийн хэрэгслийн дундаж хурдыг тодорхойлох цахим программ системийг туршиж эхэлсэн. Үүнийг цаашид ч улсын чанартай авто замуудад бүрэн нэвтрүүлснээр бүрэн бус тээврийн хэрэгслээр зорчих, зорчигчдын аюулгүй байдлыг хангах, хурдыг тохируулах зэрэг жолооч нарт тавигдах шаардлага өндөрснө” гэдгийг нэмж хэлэв.

2019 онд Тээврийн цагдаагийн албанаас орон нутгийн замын осол, зөрчлийг бууруулах чиглэлээр зохион байгуулсан “Яараад яахав дээ” аяны хугацаанд зам тээврийн гэмт хэрэг 63.9 хувиар, амь нас эрсдсэн тохиолдол 21.7 хувиар, гэмтсэн тохиолдол 59.5 хувиар өмнө оны мөн үеэс буурсан эерэг үр дүн гарчээ.

Харин “Дураараа биш ээ дүрмээрээ” аян хэрэгжсэн нэг сарын хугацаанд улсын хэмжээнд бүртгэгдсэн зам тээврийн осол, гэмт хэрэг 16.3 хувиар, хүний амь нас эрсдсэн тохиолдол 22.2 хувиар, гэмтсэн хүн 22.4 хувиар, нийслэлд гарсан гэмт хэрэг 24.5 хувиар, орон нутагт гарсан гэмт хэрэг 7 хувиар тус тус буурсан үзүүлэлт гарсан аж.

Манай улсад жилд 100 орчим мянган тээврийн хэрэгсэл нэмэгддэг

 
Гэрэл зургийг Mpa.mn

Тээврийн цагдааийн албаны Замын цагдаагийн газрын Техник замын хэлтсийн дарга Ч.Жаргалсайхан энэ онд хийсэн ажлуудаа дүгнэн хэлэхдээ “2019 онд замын бүтээн байгуулалтын ажил нэлээд өргөн цар хүрээтэй боллоо.

Ялангуяа шинээр байгуулагдаж байгаа нисэх онгоцны буудалд хүрэх Монголын анхны тууш замыг ашиглалтад оруулсан. Үүнээс гадна Налайхын чиглэлийн замыг засаж, сайжруулснаас гадна аймаг хотуудыг холбосон замууд ч шинээр ашиглалтад орсон.

Манай улсад жилд 100 орчим мянган тээврийн хэрэгсэл нэмэгддэг. Үүнийг дагасан сөрөг үр дагаврууд нэлээд их байдаг ч энэ жилийн хувьд дэвшилттэй тоо мэдээнүүдийг хэлж болохоор байна.

Энэ бол хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр бидний зохион байгуулсан олон арга хэмжээнд иргэд маань идэвхтэй оролцсоны үр дүн гэж бодож байна” гэсэн юм.

2019 онд улсын хэмжээнд зам тээврийн ослын холбогдолтой 68,369 дуудлага мэдээллийг хүлээн авсан нь өнгөрсөн онтой харьцуулахад 3.1 хувиар буурчээ.

Мөн зам тээврийн осолд хүүхэд өртсөн тохиолдол 694 бүртгэгдсэн нь өнгөрсөн оноос 23,1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Харин гудамж замд хийсэн хяналт шалгалтаар 1,741,582 зөрчлийг илрүүлжээ.

Тус албанаас 2019 онд авч хэрэгжүүлсэн ажил, үйлчилгээний үр дүнг дү хэлэлцэж, ирэх онуудад авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, арга хэмжээний тал төлөвлөлтийг танилцуулахын зэрэгцээ ажил үйлсээрээ бусдыгаа хошуучилсан гаруй албан хаагчдад Зам, тээврийн хөгжлийн яам, Цагдаагийн ерөнхий газар,  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Тээврийн прокурор болон бусад төрийн болон төрийн бус байгууллагын нэрэмжит шагнал гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгуулсан юм.

Тээврийн цагдаагийн албаны “Хөдөлмөрийн тэргүүний алба хаагч”-аар:

  • Замын цагдаагийн газрын Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Э.Мөнх-Амгалан
  • Налайх дүүрэг дэх цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Сүхбат

Тээврийн цагдаагийн албаны “Шилдэг газар, хэлтэс, тасаг”-аар:

  • Замын цагдаагийн газрын Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс
  • Булган аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг

Тээврийн цагдаагийн албаны “Оны тэргүүний удирдах ажилтан”-аар:

  • Мөрдөн шалгах газрын Эрүүгийн цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Чинбаатар

Тээврийн цагдаагийн албаны “Ажил мэргэжлийн шилдэг алба хаагч”-ийн төрөлд:

  1. "Эрүүгийн мөрдөгч”-өөр: Мөрдөн шалгах газрын Эрүүгийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ө.Батбуян
  2. “Мөрдөг”-өөр: Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ө.Энхболд
  3. “Хэрэг бүртгэгч”-ээр: Замын цагдаагийн газрын Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн дэслэгч Ж.Энхтайван
  4. “Зохицуулаг”-аар: Замын цагдаагийн газрын Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Н.Баттулга нар тус тус шалгарчээ.

Гэрэл зургийг Mpa.mn