Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Баясгалан: Ардчилал монголчуудын сонголт байсан

Б.Номин-Эрдэнэ, Өдрийн сонин
2019 оны 12 сарын 16
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Голомт санхүүгийн нэгдлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д. Баясгалантай ярилцлаа.

-Юуны өмнө гавьяат эдийн засагч цол хүртсэнд нь баяр хүргэе.

-Баярлалаа. Би эхлээд хүн андуурсан байх л гэж бодсон. Зарим хүн намайг спортын гавьяат авсан гэж бодсон гэсэн.

-Та аль нутгийн хүн бэ?

-Би унаган Улаанбаатарынх. Аав ээж хоёр маань хоёулаа Улаанбаатарын хүмүүс. Эмээ өвөөгөөр яривал аавын тал Хөвсгөл, ээжийн тал Сэлэнгийнх.

-Хаана сургууль төгсөж боловсрол эзэмшиж байв?

-Их дэлгүүрийн хажуугийн 39 дүгээр цэцэрлэгт, арван жилийн сургуулиа 24 дүгээр сургуулийг дүүргэж, тэр үеийн нэрээр Политехникийн дээд сургууль төгссөн. Инженер геологич мэргэжилтэй. Сүүлд Маастрихийн Их Сургуульд Бизнесийн мастер хамгаалсан.

-Таныг улс төрд ордоггүй болохоор зөв банкир гэж хардаг. Мэдээж банкир аль нэг намыг хүчтэй дэмжиж болдоггүй байх. Аль ч намын хүн мөнгөө хадгалуулж байгаа...

-Би ер нь аль ч намд байгаагүй. Надад гавьяат цолыг ардчилсан хувьсгалд оролцож байсан гэдэг утгаар өгсөн юм билээ. Тэр үед би дөнгөж 21 настай байсан.

Монголын ардчилсан холбоо, Шинэ дэвшилт холбоо, Ардчилсан социалист хөдөлгөөн, Оюутны холбоо гэх дөрвөн байгууллага нийлж ардчилсан үйл явцыг удирдан зохион байгуулж байсан. Би хамгийн залуу нь байсан гэж бодохоор тухайн үеийн хүмүүс одоо 50, 60, 70 нас хүрчихсэн байна.

30 жилийн ойг тохиолдуулаад дөрвөн холбооноос, зарим нэг салбараас, аймаг орон нутгийн төлөөллийг оролцуулаад шагнажээ гэж ойлгосон. Тэрнээс хэн нэгэн хүн намайг тодорхойлоогүй. Тэгээд ч би гавьяа шагналаас хол хөндий байя гэж боддог.

-Таны ардчилалд оролцож явсан түүхэн зураг байдаг. Өнөөдөр ардчилал 30 жил боллоо. Эргээд харахад ардчилал манайд ямар түвшинд байна вэ?

-Ардчиллыг 30 жилийн дараа хүмүүс өөр өөрийн өнцгөөс харж дүгнэж байгаа байх. Ер нь тэр үйл явцыг ардчилсан хувьсгал, ардчилсан хөдөлгөөн зэргээр нэрийддэг. Энэ бол зайлшгүй болох ёстой үйл явц гэж боддог. Бид байх байсан уу, өөр хүмүүс байсан уу хамаагүй. Түүхийн зайлшгүй болох ёстой үйл явц л болсон.

Монголын нэг хэсэг нь дэмжээд, нөгөө нь эсэргүүцээд байсан юм биш л дээ. Тэр үеийн МАХН, түүний жирийн гишүүд ч их дэмжиж байсан. Ардчилсан хөдөлгөөн гэх процесс хуучин төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, нэг намын дарангуйлал, нэг улсаас хэт хараат тогтолцооноос ардчилал, зах зээлийн эдийн засагтай тогтолцоо руу шилжих шилжилтийн эхлэл.

Нөгөө талаар, иргэд маань хэвлэл мэдээлэл нь чөлөөтэй, өөрсдөө хувийн өмчтэй болох, малчид нь малынхаа эзэн болох, амьдрах газар орон нутгаа сонгох, наад зах нь Монголынхоо, Чингис хааны түүхээ үнэнээр мэдэж авах, 1937 оны хэлмэгдлийн тухай үнэн бодит байдлыг мэдэж авах зэрэг маш олон хаалттай байсан зүйлсийг нээж ил тод болгохыг л хүсэж байсан. Мөн Зүүн Европт болсон үйл явдлууд маш их нөлөөлсөн.

Ерөнхийдөө ард иргэдийн дийлэнх нь энэхүү үйл хэргийг дэмжиж байсан болохоор амжилтад хүрсэн. Тэр үед хүмүүсийн ардчилал, хүний эрх, сонгууль, олон намын тогтолцоо, чөлөөт зах зээлийн тухай ойлголт бүдэг байсан. Хуучин тогтолцоог өөрчлөх нь гол зорилго байсан.

Монгол Улс ямар засаглалтай байх уу, намуудын үүрэг юу байх уу, Гүйцэтгэх засаглал, шүүх эрх мэдэл, хариуцлагын бүтэц, улсын үйлдвэрүүд яах уу, банкууд юу болох уу, хувьчлал гэх мэт өчнөөн олон асуудлаар нарийн зүйл яригддаггүй. Их л ерөнхий байсан үе. Тэр үед хар цагаан өнгө л байсан байх.

Өнөөдөр 30 жилийн дараа аливаа зүйл улам нарийсаад, олон зуун  хууль батлагдаж зохицуулалт хийгдээд, бараг иргэн болгон хувийн өмчтэй, хэдэн мянган иргэд гадаадад зорчиж, амьдарч, ажиллаж, дэлхийн жишгээр л юмыг хэмжиж, бүх зүйл ил тод, тодорхой болоод мэргэжил хүртэл мэргэшээд явж байна. Одоо амьдрал өнгөт болоод ирэхээр олон янзын санаа үзэл бодол, баяр хөөр, шүүмжлэл гарч ирж байгаа биз ээ.

Ардчилал хүмүүст зөвхөн сонголт хийх эрх чөлөөг л өгснөөс сайхан амьдруулах нөхцөлийг амлаагүй. Ардчилал бидэнд дуртай зүйлээ хийх, хүссэн газраа амьдрах, өмчтэй болох, өөрийгөө сорих, төрд ажиллах, улстөрч болох гэх  мэтээр дуусашгүй сонголтыг  санал болгосон.

Өнөөгийн нөхцөл байдлыг чөлөөтэй шүүмжилж чадаж байгаа нь ардчиллын л нэг элемент шүү дээ.

-Тухайн үеийн жагсаал цуглаан ямархуу болж байсан бэ. Ардчилалд хүрэхэд ямар замыг туулж байв?

-Монгол мэдээлэл гаднаас авдаг болчихсон. Ил тод байдал дэлгэрчихсэн, хүмүүс шүүмжилдэг болчихсон үе. Манай улс БНХАУ-тай харилцаагаа дөнгөж сайжруулж байсан үе. 1989 оны зургаадугаар сард Хятадад оюутны хөдөлгөөн гарч, түүнийг хүчээр дарсан. Тэр үйл явдлын мэдээлэл бидэнд бас сонсогдож байгаа юм. Хэдхэн сарын дараа 1989 оны сүүлээр Зүүн Европт социалист орнууд ардчилсан тогтолцоо руу ээлж дараалан шилжсэн.

Харин ЗХУ хэвээрээ байсан. Ийм нөхцөл байдал дунд Монголд ардчилсан хөдөлгөөн эхэлж, нийгмийн асар их өөрчлөлтийн эхлэлийг авчирсан. Зайлшгүй болох үйл явцад бид нар оролцсон л байхгүй юу. Бараг өдөр бүр цуглаж уулзаж ярилцана, мэтгэлцэнэ, бусдыг сонсоно.

Уулзаж ярьж цуглахад ажилтай, ажилгүй, боловсролтой, боловсролгүй, хот хөдөө гээд л эсэн бусын хүмүүс л ирж байгаа юм. Хүний тоогоор яривал оюутнууд тэр дунд хамгийн том хүч нь байсан. Хамгийн их зохион байгуулалттай хүч. Тиймээс оюутны холбоо ардчилсан хөдөлгөөнд маш их чухал үүрэг гүйцэтгэсэн.

Төр засагтай хэлэлцээр хийхэд бид оролцож байсан. Телевизээр ч шууд дамжуулаад л. Байдал ингэж өрнөсөөр гуравдугаар сарын 4-ний том жагсаал цуглаан болсон. Маш олон хүмүүс цугласан. Тэр өдөр төр засгийн удирдлагуудад шаардах хуудас гардуулж өгсөн. Дөрвөн байгууллагаас нэг нэг хүн гарч жагсаалын тэргүүнд нь яваад шаардах хуудсаа өгсөн. Шаардах хуудас егсөн хүн нь би. Түүнээс гурав хоногийн дараа улс төрийн товчоо огцорсон. Тэр үед түүх бүтээлцэж байгаагаа ч анзаараагүй.

-Та оюутны холбоонд хэдэн жил ажилласан бэ?

-Тухайн үед би гуравдугаар курсийн оюутан байсан. Сургуулиа төгсөхийн хажуугаар Оюутны холбоонд ажиллаж, “Оюутны Бамбар” сониныг эрхлэн гаргадаг байсан. Лу.Болд Ерөнхий нарийн бичгийн дарга, М.Зоригт ерөнхийлөгчөөр сүүлд сонгогдон ажилласан. Дараа нь өөрсдөө л ажил олж хийхгүй бол гэр бүл, ар гэрээ авч явахад хэцүү болоод хамтарч 1993 онд компаниа, 1995 онд банкаа байгуулсан.

-Л.Болд гишүүн, М.Зоригт та хэд одоо найзууд уу?

-Бид оюутан байхдаа хамт ардчилсан хөдөлгөөнд оролцож байсан. Компани, банкаа байгуулж, хамтарч ажиллаж байсан. Миний амьдралын сайхан дурсамжтай үеийн нэг. Болд, Зоригт хоёр өөрсдийн дур сонирхлоороо улс төрд орсон.

Хэд хэдэн удаа УИХ-д сонгогдож, сайд дарга хийцгээсэн. Тэд өөрсдийн, би ч өөрийн сонголтоо хийж, салцгаасан. 2013 онд би бизнесээ авч, тэд хувьцаагаа надад зараад улс төрийн амьдралдаа анхаарлаа хандуулцгаасан даа. Миний хувьд тэдэнтэй ямар нэг асуудал, элдэв хар буруу санаа байдаггүй. 

-Ардчилал руу бүх зүйлийн бурууг бухах зүйл нийгэмд ажиглагдаж байгаа. Ардчиллыг хэн авчирсан юм бэ?

-Ардчилал бол бүх хүмүүст ижил бололцоо олгож, иргэд нь тэгш эрхтэйгээр хуулийн дор эвлэлдэн амьдрах л утга шүү дээ. Харамсалтай нь амьдрал дээр манайх шиг ардчиллын уламжлал багатай оронд гажуудах үүд хаалга нээлттэй байдаг юм биш үү. Ардчилсан нам ардчиллын баяр, Ардын нам ардын хувьсгалын баяр тэмдэглээд хэдэн жил боллоо ш дээ.

Гуравдугаар сарын 1-ний өдрийг эх орончдын өдөр болгоод, Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгож буцаад Сүхбаатарын талбай болгосон. Өндөр хаан хотын нэрийг Чингис хот болгож өөрчлөөд л. Хүссэнээрээ л дургиж байгаа биз дээ. Энэ бол гажуудал.

Үүх түүхээ уншаад үзэхээр одоогоос 100 жилийн өмнө болж байсан үйл явдал манай үндэсний тусгаар тогтнолын хөдөлгөөн. Тэр нь явсаар ардын хувьсгал болоод өөрчлөгдчихсөн.

Ардчилал монголчуудын сонголт байсан. АН-ынханд харьяалагдаж байгаа зүйл биш. Одоо ч хурал цуглаан болоход АН-ынхан л орж байна. МАН-ынхан, өөр бусад намынхан ч оролцож яагаад болохгүй гэж. Ардчиллыг нүДний цөцгий мэт хайрлаж, хамгаалж, хариуцлагатай байхгүй бол амархан задраад эмх замбараагүй байдал руу ордог тогтолцоо. Баян хоосны ялгаа их гарч байна, төр засагт гарсан хүмүүс эрх мэдлээ урвуулан ашиглах бололцоо нь байдаг юм байна.

Эрх мэдэл, мэдээлэлд ойр нэгэн нь илүү баяжих бололцоо байдаг юм байна. Хүмүүст эрх тэгш, ижил бололцоо олгосон ч хүмүүс байгалиасаа харилцан адилгүй чадвартай, мэдлэг боловсрол, авьяас нь өөр төрдөг учраас хамгийн авхаалж самбаатай нь хөрөнгөжих илүү магадлалтай нь гарцаагүй.

Энэ бол буруу биш, харин төр засаг нь үүн дээр хуулийн зохицуулалт хийж, татварын бодлогоор орлогын хэт их ялгаа гаргахаас сэргийлж, дундаж давхарга бий болгоход зохицуулалт хийх хэрэгтэй санагддаг.

Ном эргүүлж, түүхийн тухай уншиж байхад улс төрийн зүтгэлтэн гэж их гардаг. Тийм хүмүүсээр л улстөрчдийг төсөөлдөг байлаа. Одоо хүмүүс улстөрчид гэж ямар хүн байдгийг сүүлийн 30 жил харж, ойлгож байх шиг. Өнөөдрийн улстөрчид гэдэг улс төрийн зүтгэлтнүүд биш юм байна. Сонгуульд орохоороо улстөрч болдоггүй юм байна. Физикт брауны хөдөлгөөн гэж байдаг.

Тогтсон зүйлийг, жишээ нь усанд байгаа булингартай зүйлийг сэгсэрчихээр бүгд холилдоод бужигнана. Хэсэг хугацааны дараа хоорондоо ялгагдаад цэвэрхэн болдог. Түүнтэй адил ургаж байсан хөрс ургамлыг сэндийчээд хаячихаар хамгийн түрүүнд зэрлэгүүд ургадаг. Зэрлэгүүд нь үхэж, дараагийн хөрсөө бэлдээд тэгээд цэцэг жимс нь гарч ирдэгтэй адил нийгэм бас энэ үеийг давах хэрэгтэй байх.

Зүйрлэвэл, бид чөлөөт зах зээл, ардчилал руу шилжихдээ сайн муугаа ялгалгүй хамаг юмаа бужигнуулаад хаячихсан. 30 жилийн хугацаанд бид юу эсийг харж үзэж байна даа. Эрүүл өвчтэй нь эргэлзээтэй хүмүүс улс төрд ороод дарга цэрэг болчихож л байна. Гайхамшигтай улсууд бүдгэрчихсэн л байж байна. Энэ бүх процесс болоод өнгөрөх байх.

-Бужигнаан хэзээ дуусна гэж та харж байна...

-Зарим оронд олон жил үргэлжлэх байх. Заримд нь хурдан дуусах байх. Манай улс чөлөөт ардчилсан болохоор бужигнаан хурдан өрнөөд дуусах байх. Хуучин ЗХУ-ын зарим нэг орны иргэдтэй харьцуулбал бид чинь элдэв зүйл үзсэн, хэвлэл мэдээлэл нь нээлттэй, чөлөөтэй ярьдаг, үзэл бодлоо илэрхийлдэг. Хүмүүс маань улам л хэрсүүжиж байгаа санагддаг.

-Ардчиллын 30 жилийн ой маш даруухан болж байна уу. Улс даяараа тэмдэглэх ёстой юм биш үү.

-Тэгж яах юм. Харин ч сүртэй болж байгаа юм биш үү, концерт тоглоод л байна. Шагнал өгөөд л.

-Банкирууд маш нууц байдаг...

-Банк бол маш нээлттэй болсон. Хэн хувь эзэмшдэг, хэн удирддаг гээд л. Харин ч одоо банкирууд ил болчихсон. 

-Банкир хүн гэж ямар хүн байх ёстой юм бэ?

-Банк баялаг үйлдвэрлэдэг салбар биш. Банк баялаг үйлдвэрлэхэд нь хүмүүст тусалдаг салбар. Хүний илүү мөнгийг авч хадгалаад хэрэгцээтэй хүнд нь мөнгийг нь зээлдүүлж, баялаг бүтээхэд нь туслаад ашгаасаа банкинд хүү төлөх замаар хуваалцаж л байгаа юм.

Маш энгийн зарчим нь энэ. Хэн нэгэн хүн ашиг олохгүй бол банк ашиг олохгүй. Ямар ч бизнес ялгаа байхгүй. Тэд ашиг олохгүй бол банк ашиг олж чадахгүй. Хүүгээ төлж чадахгүй. Эдийн засаг сайн байвал банк сайн байна. Эдийн засаг муу байвал банк муу болоод л байна.

Анхнаасаа банк байгуулахдаа гол философи болгосон зүйл маань хүнийг мөнгөтэй болох баялаг бүтээхэд нь дэмжих ёстой гэж үздэг. Миний хувьд цалингийн зээл, тэтгэврийн зээлд таатай ханддаггүй. Авах ёстой мөнгөө багасгаад авчихаж байгаа юм. Ямар ч баялаг бүтээхгүй байгаа.

-Өнөөдөр манайд зээлийн хүү өндөр байна. Зээлийн хүү буураад ирэхээр хадгаламжийн хүү буураад эхэлдэг сул тал бий. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Хүү бол мөнгөний үнэ цэнэ. Ховор бараа үнэд ордог шиг манайд мөнгө олдоц муутай ховор байгаа болохоор үнэтэй, өөрөөр хэлбэл хүү өндөр байгаа юм.

Энэ бол зах зээлээрээ өөрөө зохицуулагдах ёстой. Аль нь түрүүлж буурахыг хэн ч хэлж мэдэхгүй. Зээлийн хүүгийн түвшин сүүлийн 30 жилд хамгийн доод түвшинд байгаа. Анх биднийг банк байгуулж байхад зээлийн хүү сарын 15 хувь байсан. Ихэнх нь мартсан байх. Ам.долларын хүү сарын 10 хувь байсан. Түүнээс хойш буураад л яваад байгаа.

Хүмүүс өнгөрснөө хааяа дурсан санаж байвал зүгээр. Ам.долларын ханш 40 төгрөг байж байгаад жилийн дотор 400 төгрөг болсон. Сүүлдээ 800, 1,000 төгрөг болсон. Инфляцын түвшин жилийн 380 байсан. Манай улс Азийн хөгжлийн банкнаас 10 сая ам.долларын зээл авахын тулд хуулиа хүртэл өөрчилж байлаа.

Мөнгөний баримжаа өнөөдөр их өөр болсон. Зээлийн хүү ойрын хугацаанд буурна гэж бодохгүй байна. Ер нь хуримтлал ихтэй байж зээлийн хүү буурна. Бас эдийн засгийн байдал чухал нөлөөтэй. 

-Манайд хуримтлал хэр байгаа вэ?

-Маш бага. Хүмүүс бизнес эрхлээд мөнгөтэй болоод тэр мөнгөөрөө дахиад бизнес хийж байгаа юм. Бизнесийн бололцоо нь улам хумигдахын хэрээр хүмүүс чаддаг зүйлээ л хийх хандлагатай болно. Зарим улсууд бизнесээсээ хуримтлалтай болж эхлэнгүүт хадгалж эхэлнэ. Энэ процесс явж байгаа.

Бизнесмэнүүдтэй уулзахад ихэнхэд нь зээл хэрэгтэй. Яагаад гэхээр үйл ажлаа өргөжүүлж, зардлаа хэмнэх гэж хичээж байна. Илүү хуримтлалтай бизнесмэнүүд Монголд ховор.

Бүгд л зээл авъя гэсэн хандлагатай. Хэзээ манай бизнесмэнүүд, иргэд илүү их хуримтлалтай болсон үед хүү буурна. Эдийн засгийн ойрын хэдэн жилийн төлөвийг харахад хүү дорвитой буурах дүр зураг харагдахгүй байна. Хүүгийн түвшин хэдэн жил энэ янзаар үргэлжлэх байх гэж таамаглаж байна.

-Ам.долларын ханш хэд байвал зохистой вэ. Зарим хүмүүс гадаадын хөрөнгө оруулалттай банк ороод ирвэл сайхан болчихно гэж яриад байдаг...

-Манайх шиг импортоос хамааралтай оронд ханш маш их нөлөө үзүүлдэг. Бараг инфляц ханшаас хамаарах нь их. Ханшаа тогтвортой барихын тулд уул уурхайгаас орж ирэх орлогоо аль болох нэмэгдүүлэх шаардлагатай.

Гэхдээ уул уурхайг ярихаар иргэд их сөргөөр хүлээж авдаг болж. Үнэндээ уул уурхайгаас өөр дорвитой валютын орлого байхгүй. Мөн Хятадаас өөр гадаадын хөрөнгө оруулагчгүй болж байгаагаа анзаардаг болов уу.

Би хувьдаа гадаадын хөрөнгө оруулалттай банк орж ирээсэй гэж боддог. Хятадын банкууд орж ирнэ л биз. Мөнгөө барьж орж ирээд манай компаниудад зээл өгөөсэй гэж боддог. Тэд зээлийн хүү буурах хандлагад нөлөөлбөл сайн байна.

Зээлийн хүү ойрын хугацаанд буурна гэж бодохгүй байна.

Гэхдээ Монгол Улсыг эрсдэлээр нь дүгнээд авч үзэхээр Монголд гадныхан ирээд маш бага хүүтэй зээл өгөх нөхцөл харагдахгүй байгаа юм. Манай төрийн бодлого тогтворгүй, айлын нэг эрх хүүхэд шиг.

Нэг өдөр томоотой, нэг өдөр сахилгагүй.Төр засгийн бодлого гол нь тогтвортой байх хэрэгтэй юм билээ. Тогтвортой муу байж болно. Тогтвортой сайн болж болно. Нэг сайн, нэг муу байх хамгийн муу. Тэд тэр өнцгөөс нь харж байгаа учраас Монголд ирээд баялаг бүтээж байгаа хүмүүст зээл өгнө гэдэгт итгэдэггүй юм. Орж ирээд бид нартай өрсөлддөг.

-Голомт Монголын топ гурван банкны нэг. Ард түмэн ч маш их итгэл хүлээлгэдэг. Банкны салбарт хэр итгэх ёстой вэ гэдгийг танаас сонсъё.

-Манай хоёр гол өрсөлдөгч хуучин улсын банк байсан. Хаан банк Хөдөө аж ахуйн банк байсан. 100 хувь төрийн банк байлаа. Худалдаа хөгжил ч улсын банк байсан. Бид анх нойлоос нь эхэлж өрсөлдөж гарч ирсэн. Өдгөө энэ хэмжээнд хүрчээ.

Бид банкны системд маш олон шинэчлэлийг авчирсан. Манай банкийг дагаж, харж бусад банкууд ч өөрчлөгдсөн. Худалдаа хөгжлийн банк, Хаан, бусад банкууд ч тэр. Би дотроо тэгж боддог. Хүмүүс ч тэгж ярьдаг. Монголд ч банкны салбар бусад салбартай харьцуулбал хамгийн их хөгжсөн, хамгийн их өрсөлдөөнтэй, бас хамгийн их зохицуулалттай.

Монголд банканд дансгүй хүн гэж алга. Банкны карт хэрэглэдэггүй хүн гэж алга. Төлбөр тооцоо маш хурдан хийгдэж байна. Банкны системийн зах зээл дээрх нэвтрэл бусад оронтой харьцуулахад манайд маш өндөр. 2008 оны санхүүгийн хямралаас болж банкны салбар дэлхийн бүх оронд үндсээрээ өөрчлөгдсөн.

Одоо банкуудыг эздүүд нь биш мэргэжлийн баг удирддаг болчихсон. Банкуудад тавигдаж байгаа маш олон шалгуур үзүүлэлт шинээр бий болсон. Төв банкнаас тавигдаж байгаа шаардлагаас гадна хуулийн маш олон хязгаарлалттай болчихсон. Дээрээс нь банкууд олон улсын зах зээл дээр ажилладаг учраас олон улсын аудитаар байнга орно.

Монголд мөрдөгдөж байгаа стандартаас гадна олон улсын стандартыг заавал мөрдөх шаардлагатай. Эрсдлийг удирдах, зээлийг ангилах, харилцагчаа мэдэх, мөнгө угаалтаас сэргийлэх гээд өчнөөн дүрэм, журам байна.

Одоо банкуудыг эздүүд нь биш мэргэжлийн баг удирддаг болчихсон.

Энэ бүхнийг тоочихоор манайд банкны систем бусад оронтой адилхан. Хэн эзэн нь юм, ямар үүрэгтэй юм, төлөөлөн удирдах зөвлөл юу шийддэг, гүйцэтгэх удирдлагууд ямар үүрэгтэйг нарийн заагаад өгчихсөн.

Би банкны ажилд оролцоогүй олон жил болж байна. Банкин дээр ямар ч албан тушаал байхгүй. Банкны захирлаар 11 жил, ТУЗ-ийн даргаар таван жил ажилласан.

2013 оноос хойш банкны ТУЗ-ийн даргаар гэр бүлийн хүн маань ажиллаж байгаа. Ч.Мөнхцэцэг гэдэг. Эхнэр маань олон улсын байгууллага, Хөрөнгийн бирж, төслүүдэд ажиллаж байсан. Надтай хамт ШУТИС-ийг инженерээр төгсөөд, дараа нь АНУ-ын Жонс Хопкинсын их,сургуульд бизнесийн мастераар төгссөн.

Бид эдийн засгийн байдал, зах зээлийн төлөвийг харж байгаад банкаа олон нийтийн өмчтэй буюу хөрөнгийн биржээр хувьцаа нь арилждаг нээлттэй компани болгох зорилготой байгаа.

-Мэдээж банк өөрөө олон хүний амь амьдралыг хариуцаж яваа. Ард түмний итгэлийг дааж явах хүнд үү?

-Харилцагчид мэдээлэл сайтай, их гярхай, болгоомжтой болсон. Хүний итгэл даах чинь угаасаа хүнд, бас үнэ цэнэтэй. Банк маш олон мэдээллийн дунд байдаг.

Жишээ хэлэхэд, газар тариалангийн компанид зээл өглөө гэж бодъё. Газар тариалангийн компанийн олох гэж байгаа ашиг, тухайн компанид тоног төхөөрөмж нийлүүлж байгаа компанийн ашиг, үр тариа буудайг нь авч зарж байгаа ченжүүдийн ашиг, гурил үйлдвэрлэж байгаа компаниудын ашиг, гурилыг нь аваад талх хийгээд зарж байгаа үнэ, дэлгүүрийн эздийн ашиг зэргийг бүгдийг нь мэдэж байгаа юм. Гинжин холбоог харж байна гэсэн үг.

Маш олон хүмүүсийн бизнесийн нууцыг мэдэж байна гэсэн үг. Бид энэ нууцыг мэдчихээд хэн нэгэнд хэлбэл дээд зэргийн ёс суртахуунгүй асуудал болно.

Хоёрдугаарт, бид өөрсдөө энэ бизнес рүү орно гэдэг өөрөө ёс суртахуунгүй асуудал. Манай банк ямар ч бизнес рүү ордоггүй. Хуучин янз янзын бизнес хийх гэж компанитай байсан.

Одоо ихэнхийг нь зараад үрээд хүмүүст нь өгөөд дууссан. Зарим банкирууд харилцагчтайгаа өрсөлдөөд харилцагчийн бизнесээ хийх гээд байдаг. Энэ бол ёс суртахуунгүй асуудал. Итгэл иймэрхүү зүйлээс эхэлж байгаа юм.

Бас ажилдаа үнэн сэтгэлээсээ ханддаг, дуртай, мэргэжлийн хамт олон байна. Би хамт ажилладаг хүмүүсийнхээ гарал үүсэл, хаана төрсөн, сайхан муухай, хот, хөдөө, аль нам, эвсэл, шашин шүтлэгийг нь огт тоодоггүй. Гагцхүү ажлаа л үнэнч шударга, сайн хийдэг байх хэрэгтэй гэдэг л шаардлага тавьдаг. 

-Хувийн хэвшлүүдэд та ямар байр суурьтай байдаг вэ?

-Би өөрөө хувийн хэвшилд ажилладаг.

Өнгөрсөн хугацаанд элдэв янзын бизнес хийж үзлээ. Олон бизнес амжилтад хүрч, оролцсон хүмүүсээ баярлуулж, мөн олон бизнес дампуурахыг харлаа.

Бизнесийн ёс суртахуунтай. ажилдаа үнэн голоосоо хайртай, туйлбартай, бодит байдлаа зөвөөр дүгнэдэг хүмүүс л амжилт гаргаж байна. Манайд ихэнх бизнесийнхэн шударга хөдөлмөрөөрөө ажиллаад авьяас чадвараа гаргаад чаддаг зүйлээ хийгээд ашиг олоод явж байгаа. Тийм хүмүүс шударга бус зүйлд дургүй байдаг.

Яг өөртэй нь ижил нөхцөлөөр өрсөлдөж байхад ердөө дургүйцэхгүй. Гэтэл өрсөлдөгч нь ямар нэгэн зохиомол дэмжлэг аваад, төрөөр тэтгүүлээд шударга бусаар хөрөнгөжихөд дургүй байдаг. Зарим хувийн хэвшлийнхэн хулгай хийнэ, худлаа ярина, хүн хулхидна. Ярьсан хэлснээсээ буцна. Тохирсон гэрээгээ зөрчинө. Улстөрчдийг очиж тойглоно.

Түүгээрээ ашиг олоод байгаагаа мундаг бизнес хийж байна гэж бодоод байдаг. Тиймэрхүү хүмүүстэй харьцахгүй байх хэрэгтэй. Тухайн хүний түүх, юу хийж байсан, ямар мэдлэг боловсролтой, ямар итгэл үнэмшилтэй хүн байгааг сайн судалж харах хэрэгтэй. Чөлөөт зах зээлийн үл үзэгдэгч гар бүхнийг зохицуулна, төрөөс юунд ч битгий оролц гэдэг зарчмаар ажиллалаа ш дээ.

Үр дүнд нь баян хоосны ялгаа нэмэгдэж, байгаль орчин сүйдэж, шударга бус зүйл газар авч, хүмүүс одоогийн нийгэм, эдийн засгийн байдалд сэтгэл ханамжгүй байгаа нь мэдрэгддэг. Тиймээс эдийн засагт тодорхой хэмжээний зохицуулалт хэрэгтэй.

Зохистой хяналт зайлшгүй шаардлагатай. Нөгөө талаар манайд олон сайн сайхан гэгээлэг зүйл байгаа. Би зарим хүмүүсийн хийж бүтээсэн ажил, амжилтыг хараад үнэхээр бахархдаг.

-Төр бизнест яаж нөлөөлж байна вэ?

-Төр засаг надад битгий саад бол тэгээд болоо гэж хүмүүс ярьдаг. Төр засгийн шийдвэр бизнест маш их нөлөөтэй. Жишээ нь, АН Засаг барьж байхдаа орон сууцны зээлийн хөтөлбөр эхлүүллээ.Энэ зээл эдийн засагт яаж нөлөөлснийг хүмүүс ярьдаггүй.

Төр ард түмнээ бага хүүтэй зээлээр орон сууцтай болгоно оо гээд, журам гаргаад банкуудаар дамжуулаад жилийн 8 хувийн моргейжийн зээл гаргачихсан. Хэдэн триллион төгрөг. Тэр үед банкны хүү жилийн 20 хувь байсан. Иргэд 8 хувийн хүүтэй зээл авахын тулд худлаа үнэн баримт бүрдүүлээд найман хувийн зээл авч эхэлж байгаа юм.

Тэр найман хувийн зээлээр орон сууцтай болсон хүмүүс олон байгаа. Нөгөө талдаа маш олон хүмүүс тэр мөнгийг буцаагаад банканд хадгалчихсан. Хөдөлмөрийн оролцоогүй ашиг олох боломж бий болсон. Зах зээл дээр гажуудал үүсэж байгаа юм. Нөгөө талдаа маш олон компаниуд барилга барьж эхэлсэн. Тэртэй тэргүй зарагдчих юм чинь гээд л. Яагаад ч юм 80 м.кв талбайтай орон сууц гээд журам гаргасан.

Бүх компаниуд 80 м.кв дотор барьж эхэлсэн. 80 м.кв-аас дээш барьсан барилгууд өчнөөн зардал гаргаж 80 м.кв болгосон.

Үл хөдлөх хөрөнгө дээр худал бүртгэл хийлгэж 80 м.кв болгож эхэлсэн. Ингээд МАН 2016 онд сонгуулиар ялж, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, энэ хөтөлбөрийг зогсооно гээд зээл олголтыг багасгаад эхэлсэн.

Үр дүнд нь маш олон хүмүүс хөрөнгөөрөө шатсан. Барилга нь зарагдахаа больсон. Зээл нь олдохоо больсон. Энэ бол хэн нэг хувь хүний лобби биш. Төр засгийн шийдвэр зах зээл дээр яаж нөлөөлдгийн нөлөөлөл. Тийм учраас төр шийдвэр гаргахаасаа өмнө маш нарийн судлах хэрэгтэй. Үр дүнг нь тооцох хэрэгтэй. Сайн мууг нь тооцох хэрэгтэй. Харамсалтай нь манай төр засаг ихэнхдээ тэгж шийдвэр гаргадаггүй.

Мэдээллээ хов живээр цуглуулна. Найз нөхдийн хүрээнд асуудал шийднэ. Юм уншихгүй. Мэргэжилтнүүдийнхээ гаргаж өгсөн материалыг огт анхаарахгүй. Сэтгэлийн хөдөлгөөн, намын үзэл бодол давамгайлна. Гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг огт хүлээхгүй. Процессын маш их алдаатай. Ингэж л шийдвэр гардаг. Одоо ч хэвээрээ. Энэ бол засах ёстой л гажуудлын нэг. Яг иймэрхүү хор уршигтай шийдвэрүүд бол алтны 68 хувийн татвар, урт нэртэй хууль гэх мэт.

-Банк дампуурна гэдэг аюултай. Саяхан гэхэд Зоос, Капитал банк дампуурлаа. Иргэд банкийг дампуурах гэж байгааг хэрхэн мэдэх вэ?

-Төв банкнаас урьдчилан сэргийлж, эздүүдтэй нь тохирч, активыг нь зараад, хадгаламжийг бууруулаад явах боломжийг ашиглаагүй юм болов уу гэж бодогддог. Хэн ч банкаа дампууруулъя гэж бодохгүй шүү дээ.

ОУВС-гийн шахалтаар л шийдвэр гаргасан байх. Нэгэнт алдагдалтай болоод татан буулгах байсан бол Төв банк бүх лицензүүдийг нь цуцлаад, алдагдлыг нь олон жилд хуваавал нөлөө нь бага болох байсан байх гэж боддог. Олон улсын байгууллагын хүмүүсийн баримталдаг зарчим бол газар дээр нь арга хэмжээ ав гэдэг. Тухайн орны нөхцөл байдал, уламжлал, эдийн засгийн бүтэц, хэмжээг огт харгалздаггүй. Сургуульд үзэж байсан зах зээлийн эдийн засгийн онолоо шууд тулгадаг.

Монголын эдийн засгийн сүүлийн хэдэн жилийн өсөлт бол үнэндээ манай экспортын бүтээгдэхүүний үнэ өссөнөөс гарсан эерэг нөлөө. Манайхан чинь гадныхны үгийг их сонсдог хэр нь хэлэлцээр хийж чаддаггүй. Үгэнд нь ороод байдаг.

Би хувьдаа гадаадын хөрөнгө оруулалттай банк орж ирээсэй гэж боддог.

Гадныханд Монголын эдийн засаг нэг их сонин биш ш дээ. Төв банк хяналт шалгалтаа сайн тавихаас гадна зохицуулах арга хэмжээнүүдээ зөв авах ёстой байсан. Иргэд банкийг дампуурах гэж байгааг мэдэх бололцоотой. Санхүүгийн мэдлэгтэй холбоотой л доо.

Нэгдүгээрт, мэдээллээ банкууд гаргаж байгаа. Түүнд нь анализ хийж чаддаг байх хэрэгтэй.

Хоёрдугаарт, хүүгийн хэмжээ гэдэг эрсдэлийн хэмжээ. Өндөр хүү амлаж байна гэдэг эрсдэлтэй болж байгаагийн шинж. Капитал банкнаас мөнгөө аваад банкуудад буцаагаад байршуулсан зарим нэг хүнтэй би уулзсан.

Маш өндөр хүүтэй хадгалуулж байсан байгаа юм. Бидний өгдөг зээлээс өндөр хүүтэй хадгалуулж байсан байгаа юм. Тэгэхээр эрсдэлтэй л байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл жижиг шунал тэднийг хөтөлчихсөн. Хэдхэн хувийн хүүний зөрүүн дээр очоод хадгалуулчихсан байх жишээтэй.

 -АТГ-аас Д.Дорлигжавыг Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг айлган сүрдүүлж, онц их хэмжээний мөнгө дүүгийнхээ дансаар дамжуулан авсан гэх асуудалд та нэр холбогдсон. Одоо энэ асуудал юу болж байна вэ?

-Энэ хэргийг өмнө нь цагдаа зөндөө шалгасан. Тэгээд хэрэгсэхгүй болгож байсан. Одоо АТГ шалгаж байгаа. Хэрэгсэхгүй болгосон, гэсэн мэдээлэл гарсан байна лээ. Би лав юу ч мэдэхгүй байна. Намайг дуудаагүй олон cap болж байна.

Үнэхээр авлига байсан бол дүүгийнхээ дансаар бэлэн бусаар авах тийм тэнэг хүн байх уу. Юу нэхэж, ямар асуудлаар дарамталсан юм. Тэрийгээ яагаад ярихгүй байгаа юм. Тэрнээс авлигад зуучилсан өгсөн зүйл огт байхгүй. Байсан бол хэвлэл мэдээллээр хөөрч явахын оронд хууль хяналтын байгууллага дээрээ гаргаад өгчихгүй яасан юм. Юу ч байхгүй болохоор л шударга үнэний дүрд муухан тоглож яваа байлгүй.

Гол асуудал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ямар ч хүсэлгүйгээс болж банкны өмнө, хамтарсан, тусалсан бүх хүнийхээ өмнө, компаниа зарсан хүний өмнө, төрд өгөх татварын ер зэрэг хариуцлагаас мултрах гэж оролдсон луйврын нэг хэлбэр. Энэ хэргийг хуулийн байгууллага хөдөлшгүй нотлох баримтаар үндэслэж шударгаар шийдэх байлгүй.

-Таныг хэлмэгдсэн гэж ойлгох уу. Улс төрийн хэлмэгдүүлэлт банкны итгэлд хортой юу?

-Би Дорлигжавыг ч хэлмэгдсэн гэж бодож байгаа. Мэдээж банкны итгэлд хортой. Өчнөөн жил шүүхдэлцэж их алдагдал хүлээсэн. Тиймээс луйварчин сэтгэлгээтэй, худалч, хулхины хүмүүсээс аль болох хол явах хэрэгтэй.

Зураг