2020/11/30
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.51₮
B30
УЛААНБААТАР
-15°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-16°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-23°
03:00
S31
-20°
04:00
S31
-20°
05:00
S31
-20°
06:00
S31
-21°
07:00
S31
-21°
08:00
S31
-21°
09:00
S32
-19°
10:00
S32
-18°
11:00
S32
-16°
12:00
S32
-15°
13:00
S32
-14°
14:00
S32
-12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Алтангэрэл: Олон улсын стандартыг нэвтрүүлсэн Монгол Улсын анхны эрдэм шинжилгээний хүрээлэн боллоо

ikon.mn
2019 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн нь үйл ажиллагаандаа чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 (MNS ISO 9001:2016) олон улсын стандартыг амжилттай нэвтрүүлжээ. Энэ талаар Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал, хурандаа Д.Алтангэрэлтэй ярилцсан юм.

- Олон улсын ISO 9001:2015 (MNS ISO 9001:2016) стандартыг нэвтрүүлсэн анхны хүрээлэн болсонд баяр хүргэе?

- Баярлалаа. Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний дараа буюу 2005 онд Сургалт шинжилгээ, судалгааны хэлтэс, Гамшгийн судалгааны төвийг нэгтгэн Гамшиг судлалын хүрээлэнг байгуулж байсан. Энэ 15 жилийн хугацаанд  Монгол Улсын гамшгаас хамгаалах бодлого, төлөвлөлтийг судалгаа, шинжилгээ, инновацийн бүтээлийн үр дүнд тулгуурласан, шинжлэх ухааны үндэслэлтэй бодлогын хувилбарыг боловсруулан Монгол Улсын гамшгаас хамгаалах, аюулгүй байдлын салбарт хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Гэтэл сүүлийн жилүүдэд  шинжлэх ухаан, техник технологийн дэвшил өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж, шинэчлэгдэн, хурдацтай хөгжиж байгаа. Тэр утгаараа гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд орчин үеийн дэвшилтэт техник, технологи, инновацийг нэвтрүүлэх шаардлага тулгарч байна.

Мөн Гамшиг судлалын хүрээлэнгийн гал, хими, цацрагийн лабораториуд нь Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхд тавих ерөнхий шаардлага MNS ISO/IEC 17025:2007 стандартын шаардлагыг хангаж, 2009, 2012, 2015 онуудад Стандарт хэмжил зүйн газраар тус тус итгэмжлүүлсэн. Тиймээс хүрээлэнгийн үйл ажиллагаанд PDCA буюу төлөвлө-гүйцэтгэ-шалга-сайжруул  аргыг хэрэгжүүлэх зорилгоор чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016 олон улсын стандартыг нэвтрүүлээд байна. Ингэснээр олон улсын стандартыг нэвтрүүлсэн Монгол Улсын анхны эрдэм шинжилгээний хүрээлэн болж байгаа юм.

- Олон улсын стандартыг нэвтрүүлэхэд бичиг баримтаас эхлээд цэгцлэх, жигдрүүлэх олон ажил урган гарч ирсэн нь мэдээж. Энэ хүрээнд ямар, ямар ажлуудыг хийж гүйцэтгэсэн бэ?

- Тэгэлгүй яахав. Стандартын талаарх ерөнхий ойлголт, нэвтрүүлэхэд шаардагдах бичиг баримтууд гээд олон асуудлууд гарч ирсэн. Тиймээс “Дат консалтинг” ХХК-аас зөвлөх үйлчилгээ авч, алба хаагчдаа 10 өдрийн сургалтад хамруулсан. Мөн байгууллагынхаа хэмжээнд аудит хийх эрхтэй сургалтад 5 алба хаагчийг хамруулж, тус тус гэрчилгээтэй болголоо.

Манай байгууллагын зүгээс иргэд, олон нийтэд хэчнээн төрлийн үйл ажиллагааг үзүүлэх боломжтой гэдэг дээр анализ хийсэн. Энэ хүрээнд 4 төрлийн 12 ангиллын 53 үйлчилгээг үзүүлнэ гэдгээ тодорхойлоод баталгуужилсан. Стандартыг хэрэгжүүлэхэд шаардагдах дагалдах баримт бичгүүдийг шинээр батлан гаргаж, дагаж мөрдөх хэрэгтэй юм байна. Үүний дагуу баримт бичгийн дотоод журам, үл тохирлыг хянах журам, үл тохирлыг залруулах, сэргийлэх арга хэмжээний ерөнхий журам, чанарын дотоод аудитын журам, удирдлагын дүн шинжилгээний журам, мэдээллийн журам, номын сангийн ажиллах журам, баримт бичгийн бүртгэлийн хяналтын журмууд.

Мөн  алба хаагч нэг бүрийн ажил, үүргийг нарийвчлан задалж тогтоосон, дэс дараатай ажлын дүрэм болох “Чанарын гарын авлага” боловсруулан үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна. Бас нэг нэвтрүүлсэн зүйл нь Японы 5С зарчим. Энэ зарчим нь ажлын байрны соёл, эмх цэгцийг сайжруулж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг шалгарсан арга юм.

- Монгол Улсын Гамшгаас хамгаалах салбарт хийгдэж байгаа хууль, эрхзүйн өөрчлөлт, үйл ажиллагаа танай байгууллагын судалгаа шинжилгээн дээр суурилдаг.  Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэх үйл явц нь нэг стандарттай боллоо гэж ойлгож болох уу?

- Чанарын удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлэхэд тухайн байгууллагын зорилго, үндсэн чиг үүргийг тодорхой болгож, түүнийгээ тасралтгүй сайжруулах механизм бий болдог. Гамшиг судлалын хүрээлэнгийн хувьд сүүлийн гурван жилд /2015- 2018 он/ аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн 390 дээж бүтээгдэхүүнд туршилт шинжилгээ хийж, дүгнэлт гарган улсын хэмжээний гал түймрийн болон химийн бодисын холбогдолтой хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцлийг тодорхойлсон байна.

Мөн  2005-2017 онд хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, судлаачид гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх чиглэлд 90 гаруй судалгааны ажил, 53 ном, гарын авлага хэвлүүлж, дотоод, гадаадад 90 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн. 

Эдгээр тоон үзүүлэлтээс харахад  гамшгаас хамгаалах салбарын бүхий л чиглэлийн судалгаа, төлөвлөлт, сургалт, бодлогын бичиг баримт боловсруулахад оролцсон нь үүргээ сайн биелүүлж ирснийг илтгэх байх. Энэ үйл ажиллагаа цаашид илүү боловсронгуй, алба хаагчдын ажлын бүтээмж нэмэгдэхээс гадна баримт бичиг эмх цэгцтэй, дараалалтай болно.

Нөгөөтэйгүүр судлаач, эрдэм шинжилгээний ажилтны ур чадварыг дээшлүүлж, олон улсад өрсөлдөхүйц судалгааны багийг бүрдүүлэхийг зорилгоо болгосон. Энэ хүрээнд олон улсын туршлагаас судлах, судлаачдыг дагнан мэргэшүүлэх зорилгоор гадны улс, орны хүрээлэн, их дээд сургууль, байгууллагуудтай эрдэм шинжилгээ, судалгааны ажлаар холбогдон хамтран ажиллаж байгаа нь үйл ажиллагааг боловсронгуй болгоход чамгүй туршлага хуримтлуулах боломжийг бүрдүүлсэн. Мөн гамшгаас хамгаалах үйл ажиллагаатай холбоотой салбарын мэргэшсэн магистр, докторын зэрэгтэй судлаачид төрөн гарч байгаа.

- Ярилцсанд баярлалаа. Танд болон танай хамт олонд “Эрдэм шинжилгээний ажилтны өдөр”-ийн баярын мэнд хүргэе?

- Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухаан үүсч хөгжсний 98 жилийн ой  энэ өдрүүдэд тохиож байна.Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, бодлогын баримт бичгийг боловсронгуй болгох, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд эрдэм шинжилгээний туршилт, судалгааг зохион байгуулах ажлыг орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан олон улсын стандартыг нэвтрүүлэн ажиллаж байгаа нийт эрдэмтэн, судлаач, багш, ажилчид болон хамт олондоо баярын мэнд хүргэж, амжилт, бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

x