Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрүүл шүд-Эрүүл хүүхэд хөтөлбөрийн санхүүжилтийн үлдэгдлийг энэ ондоо багтаан олгоно"

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Шинэ тутамд гарч буй ямар ч өндөр технологи хэзээ ч жинхэнэ шүдийг орлож чадахгүй” хэмээн 40 жил мэргэжлээрээ ажиллаж буй шүдний эмч Роберто Масиас Гил iKon.mn сайтад өгсөн ярилцлагадаа онцолж байв.

Тэрбээр шүд өвдсөний дараа эмнэлэгт хандах биш, эрүүл байхаас нь үзүүлж, гурван сар тутамд мэргэжлийн эмнэлэгт бүрэн угаалгаж байх нь шүд эрүүл байх нэг үндэс тодотгож байсан юм. 

Шүд өвчилсөн байх нь дотор эрхтнүүдэд хэрхэн нөлөөлдөг талаар Нүүр амны мэс заслын тэргүүлэх зэргийн эмч Лида Кюйнонес Теран хэлэхдээ "Шүд хорхойтож өвчилсөн байх нь ам дүүрэн идээтэй явж байна л гэсэн үг. Түүнийг даруй эмчлэхгүй бол дотор эрхтнүүдэд бактери дамжуулсаар л байх болно. Шүд өвчилснөөс өөр эмгэг үүсэж буй хамгийн тод жишээ нь Чихрийн шижин" хэмээн хэлж байлаа.

Зарим улс хүүхдийн шүдийг хамгаалах бодлого хэрэгжүүлдэг. Тухайлбал, Куба улсад өглөөд цэцэрлэг, сургуулийн хичээл эхлэхээс өмнө шүд цооролт, өвчлөхөөс сэргийлэх уусмалаар амыг нь зайлуулж, тогтмол хугацаанд эмчийн үзлэгт хамруулдаг. Ингэснээрээ тус улс шүдний өвчлөл хамгийн бага буюу эрүүл шүдтэй иргэдтэй улсын тоонд зүй ёсоор багтдаг.

Харин манай улсын хувьд 1999-2005, 2006-2015 онд “Амны хөндийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байжээ. Ингэснээр шүд цоорох өвчний тархалтыг 24.4 хувиар, шүд цоорох өвчний эрчмийн үзүүлэлтийг 2.7 хувиар тус тус бууруулсан үр дүн гарч байв.

Гэвч 2017 онд явуулсан судалгаагаар 5-6 настай хүүхдийн дунд шүд цоорлын тархалтын хувь 86.1, 12 настнуудын дунд энэ хувь 86.2% байгаа нь “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн шалтгаан болсон юм.

Эхний ээлжинд 2-6, шаардлагатай тохиолдолд 7-12 насны хүүхдүүдийн шүдний үзлэг эмчилгээнд 60 хүртэлх мянган төгрөгийн үйлчилгээ авах боломжийг энэ хөтөлбөр олгож буй. 

Сонгон шалгаруулалтад тэнцсэн нийт 199 эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ хийж, дээрх үйлчилгээг хүргэж байгаа юм. Гэвч сүүлийн үед санхүүжилт хүлээгдэж, бүрэн орохгүй байгаад эмнэлгийн төлөөлөл шүүмжлэлтэй хандаж байна. 

Үлдсэн санхүүжилт хэзээ орох талаар ЭМЯ-ны Эдийн засаг, санхүүгийн хэлтсийн дарга Д.Нарантуяагаас тодруулахад “Эрүүл шүд-эрүүл хүүхэд үндэсний хөтөлбөр дөрөвдүгээр сараас орон даяар хэрэгжиж эхэлсэн. Үүнээс хойш арваннэгдүгээр сар дуустал буюу найман сарын гүйцэтгэл 5.6 тэрбум төгрөг болоод байна. Эхний ээлжинд 4.4 тэрбум төгрөгийг хөтөлбөр хэрэгжүүлж буй эмнэлгүүдэд ямар нэгэн хүндрэлгүйгээр, цаг тухайд нь олгосон” гэлээ. 

Түүнчлэн ирэх долоо хоногт багтаан 900 сая төгрөгийг эмнэлгүүдэд шилжүүлнэ. Ингэснээр үлдсэн 300 сая төгрөгийг Сангийн яамнаас эрх нээсний дараа шилжүүлнэ хэмээн хэлэв.

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлж, 2023 он гэхэд 5-6 настнуудын шүд цоорлын тархалтын хувийг 55, 12 настнуудын дундах шүд цоорлын тархалтын хувийг 50 хувь болгон бууруулах зорилготой байгаа юм. Мөн шүдний эрүүл ахуйн төлөвлөгөөт үзлэгт хамрагдах хувийг 85 болгох зорилтыг ч дэвшүүлжээ.

Ирэх оны Улсын төсөвт тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулан 4.4 тэрбум төгрөгийг тусгасан байна.

 

Дэлгэрэнгүй:

Хүүхдийн шүдийг хэрхэн арчлах тухай куба эмч нарын өгч буй 10 зөвлөгөө https://ikon.mn/n/1naw

Бага насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндэд хэрхэн анхаардаг тухай Куба улсын туршлага https://ikon.mn/opinion/1n9e

Эрүүл шүд-Эрүүл хүүхэд хөтөлбөрийг хэрэгжүүлж буй 199 эмнэлгийн жагсаалт https://ikon.mn/n/1jn