Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Дэлгэрцэцэг: Таны хүүхдийн шүд цоорсон бол яаралтай эмчлүүлэх хэрэгтэй. Бүү хойш тавиарай

Г.Номин, iKon.mn
2018 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн эрүүл мэндийн газраас Нийслэлийн боловсролын газартай хамтран зохион байгуулж буй “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт ээлжит сургалт өнөөдөр Чингэлтэй дүүргийн Тавдугаар сургууль дээр болж байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Сургалтыг явуулж буй АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн багш, АУ-ны Доктор Ж.Дэлгэрцэцэг "Хүүхдийн шүдний өвчлөл нь зөвхөн эрүүл мэнд төдийгүй гоо сайхан, сэтгэлзүйд нөлөөлдөг"  гээд шүдний өвчлөлтэй болон эрүүл шүдтэй хүүхдүүдийн нүүрний хэлбэр, царайг харьцуулсан зураг үзүүлж байлаа. Мөн тэрбээр "Таны хүүхдийн шүд цоорсон бол яаралтай эмчлүүлэх хэрэгтэй. Цалин буухаар, мөнгөтэй болохоороо гэж бүү хойш тавиарай. Яаралтай эмчлүүлэхгүй бол хурдтайгаар хүндэрч байдаг" хэмээн зөвлөсөн юм.

Өнөөдрийн сургалтад Чингэлтэй дүүргийн ЕБС-ийн бага ангийн 320 гаруй багш хамрагдаж байгаа аж. 

Сургалтын талаар НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар "Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчид буюу 6-18 насны хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчний тархалт 87-95 хувьтай байна. Амны хөндийн өвчлөл нь зүрх судас, бөөр, хоолойны ангина гэх мэт бидэнд элбэг тохиолдох өвчний суурь болдог. 2015 онд хийсэн “Амны хөндийн эрүүл мэнд" үндэсний хөтөлбөрийн төгсгөлийн үнэлгээгээр нийслэлийн хэмжээнд 5-6 насны хүүхдийн шүдний цоорлын тархалт 76.1 хувьтай байгаа нь шүд цоорлын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, эмчилгээ зэрэг нь хангалтгүй түвшинд байгааг харуулсан.

Үүнтэй холбогдуулан Эрүүл Мэндийн Яамнаас “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг батлуулахаар ажиллаж байгаа. Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Нийслэлийн Боловсролын газар, АШУҮИС-ийн харьяа Нүүр ам судлалын сургууль болон “Гүүд нэйборс” олон улсын байгууллагатай хамтран хүн ам, тэр дундаа хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн талаархи сургалт сурталчилгааг насны онцлогт тохируулан тогтмол явуулах, тэдэнд амны хөндийн эрүүл мэндийг зөв сахих аргад сургах, хоол хүнсний зүйлийг зөв зохистой сонгон хэрэглэх дадал заншилтай болгох зорилгоор “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт цуврал сургалтыг зохион байгуулж байна" гэв.

Одоогоор уг сургалтад Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Баянзүрх дүүргийн нийт 79 ЕБС-ийн 1-5-р ангийн 2,400 гаруй багшийг хамруулаад байгаа бөгөөд энэ сардаа багтан Чингэлтэй, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргийн 2,000 гаруй багшийг хамруулахаар төлөвлөжээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн бага ангийн багш А.Цолмон "Одоохондоо ЕБС-д эрүүл мэндийн хичээлийн цаг байхгүй байгаа. Гэхдээ бага ангийн багш бид нар сургуулийн эмч нартайгаа хамтраад хүүхдийнхээ амны хөндийн эрүүл ахуйд боломжоороо анхаарал хандуулдаг. Энэ жилийн хувьд манай ангийн хүүхдийн аав/шүдний эмч мэргэжилтэй/ ирж бүх хүүхдийн маань шүдийг үзэж өгсөн. Ингээд ангийн нийт хүүхдийн 70 орчим хувь нь өвчлөлтэй байгааг хэлсэн. 

Өнөөдрийн сургалтад хамрагдсанаар эрүү, шүдний үүргийг маш сайн ойлгож байна.

Өнөөдрийн сургалтад хамрагдсанаар эрүү, шүдний үүргийг маш сайн ойлгож байна. Би ч гэсэн бага насны хоёр хүүхэдтэй. Эцэг эхчүүд бид хүүхэддээ зөөлөн амттай юм өгөхийг хичээгээд байдаг. Ингэснээрээ бид эрүүний ажиллагааг сааруулж, шүдний өвчлөл үүсэхэд хүргэдэг юм байна. 

Хүүхдүүдэд шүдээ хэрхэн угаах, ямар давтамжтай угаах гэх мэт мэдлэг байдаг хэдий ч дадал хэвшил, хэрэглээ болгож чадахгүй байгаа. Тиймээс үүнд багш эцэг эхчүүдийн хамтын ажиллагаа маш чухал байна" гэлээ.