Куба улс нь эрүүл мэндийн үйлчилгээгээрээ дэлхийд алдартай бөгөөд эмнэлгийн үйлчилгээ авахаар энэ улсыг зорьж буй хүмүүсийн тоо улам нэмэгдсээр байгаа юм.
Түүнчлэн тус улсын эрүүл мэндийн тогтолцоо нь эмч мэргэжилтний ур чадвар, техник технологийн дэвшлээс гадна ёс зүйг чухалчилдаг.
Анагаах ухааны салбарт хүндтэй байр суурь эзэлдэг тус улсаас Нүүр амны гажиг заслын зөвлөх эмч Роберт Масиас Гил, нүүр амын мэс заслын тэргүүлэх зэргийн эмч Лида Кюйноненс Теран нар манай улсад ажиллахаар ирээд байгаа юм. Роберт эмч салбартаа 40 жил ажиллаж буй бол Лида эмч 20 жилийн туршлагатай билээ.
Тэд "Хамгийн сайн эмч бол хүний жинхэнэ шүдийг эрүүл хэвээр нь хадгалж чаддаг эмч" хэмээн тодорхойлсон бөгөөд шүдээ хэрхэн арчлах талаар хэрхэн зөвлөснийг хүргэж байна.
- Шүд эрүүл байх гол үндэс нь зөв угаах арга. Оо нь тогтсон өнгөрийг л цэвэрлэдэг. Харин зөв угаах техникээр шүдээ бүрэн цэвэрлэж болно. Хэрэв хэрхэн зөв угаахыг мэдэхгүй байвал шүдний эмнэлэгт хандан мэргэжлийн эмчээр заалгах хэрэгтэй.
- Эрүүл шүдтэй байсан ч шүдний эмнэлэгт тогтмол очиж байх нь зүйтэй. Мөн гурван сардаа нэг удаа эмнэлэгт бүрэн угаалгаж байх нь зөв.
- Амны хөндийгөө эрүүл байлгахад энэ талын боловсрол чухал ба тэрхүү боловсролыг гэр бүлүүд хүүхдэдээ багаас нь олгох хэрэгтэй. Тухайлбал, Куба улс амны хөндийгөө эрүүл байлгах тухай телевизийн хичээлийг оргил цагуудаар гаргахаас гадна сурагчдад мэдлэг олгох хичээлийн тусгай цагтай.
- Хүүхдийг дөнгөж төрөхөөс нь эхлээд буйлыг нь бинтээр цэвэрлэж байх нь амны хөндийг угаадаг гэх анхны ойлголтыг өгдөг.
- Гурван нас хүртэл шүдийг нь угааж хэвшүүлснээр хүүхэд шүдээ байнга угаах зуршилтай болгоно.
- Сүүн шүд цоорч тал нь унах, хорхойтож авахуулснаас байнгын шүд цагаасаа өмнө буюу паалан нь гүйцэд бэхжээгүй байхдаа ургадаг. Ийнхүү хамгаалалтгүй шүд ургаснаар гэмтэх, өвчлөх магадлал асар их.
- Чихрийг цөөн цөөнөөр олон удаа өгснөөс нэг удаад бөөнд нь өгөх хэрэгтэй. Жишээлбэл, Швед гэр бүлүүд долоо хоногийн нэг өдөрт чихэр, амттаны төрлийн зүйлс идэхийг хүүхдүүддээ зөвшөөрдөг аж. Голдуу Бямба гарагт товлодог энэ өдөр хүүхдүүд хүссэн хэмжээгээрээ чихэр идэж, дараагаар нь шүдээ сайтар угаадаг. Бусад өдөрт чихэрлэг хүнс хэрэглэдэггүй.
- Хүүхдийн шүдийг чихэрлэг, жимсний амттай оогоор угааж болохгүй. Учир нь хүүхдүүд ооныхоо амтад орсноор шүдээ угааж, цэвэрлэх биш оогоо иддэг болох нь ажиглагджээ.
- Хатуу зүйлээс татгалзаж, зөөлөн хоол хүнс хэрэглэж байгаа нь шүдний гажиг үүсэхэд ихээхэн нөлөөлж байна. Хүүхдийг жаахан гэлтгүй 2-3 насанд нь ч гажиг заслын мэргэжийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Хэрэв хүүхдийн зуулт буруу, шүдэнд бага ч гэсэн гажиг үүссэн байвал богино хугацаанд бүрэн эмчилдэг.
- Сүүлийн жилүүдэд имплант шүдний салбар эрчимтэй хөгжиж шинэ тутамд өндөр технологиуд гарч байгаа. Гэхдээ ямар ч өндөр технологи жинхэнэ шүдийг орлохгүй тул шүдээ сайтар хамгаалах хэрэгтэй.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!