Зураг
Зураг
Индэр    
Раул Делгадо Консепсион: Куба Улсад шүдээ хэрхэн арчлах тухай хичээлийг телевизийн оргил цагуудад оруулдаг
Зураг
2019 оны 8 сарын 14
Зураг
iKon.mn сэтгүүлч

Раул Делгадо Консепсион: Куба Улсад шүдээ хэрхэн арчлах тухай хичээлийг телевизийн оргил цагуудад оруулдаг

 
www.mpa.mn

Шүд цоорох өвчний тархалт монгол хүүхдүүдийн 5-6 насанд 87.3-96.2 хувь байгааг “Амны хөндийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн судалгаанд дурджээ. 

Ийнхүү шүд цоорох өвчин түгээмэл байгаа нь амны хөндийн ариун цэврийг сахих боловсролтой холбоотой ажээ.

Харин энэхүү боловсролыг багаас нь олгохын тулд Куба улс ихээхэн анхаардаг байна.

Тиймээс иргэдийнх нь эрүүл мэндийн үзүүлэлт сайн байдаг бөгөөд дэлхийн улс орнуудыг хүн амын эрүүл мэндээр нь жагсаасан судалгаанд энэ онд 30 дугаарт эрэмбэлэгджээ.

Өмнөд Америк тивдээ эрүүл мэндийн үйлчилгээгээрээ тэргүүлж, эрүүл мэндийн аялал жуулчлал нь сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй тус улсын шүдний эмч нар Монгол Улсад ажиллаж байгаа юм.

Хүүхдийн шүдний өвчлөл манай улсын хувьд нэн тулгамдсан асуудлын нэг болоод буй энэ цаг үед хүүхдийн шүдийг хэрхэн арчлах, шүдний өвчин нь цаашид ямар хор нөлөө үзүүлж болох талаар мэргэжлийн эмч нараас зөвлөгөө, мэдээлэл авсны зэрэгцээ Бүгд найрамдах Куба улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Делгадо Консепсионоос тус улс хүүхдийн шүдийг эрүүл байлгахын төлөө ямар үйл ажиллагааг хэрэгжүүлдэг талаар тодруулснаа хүргэж байна.

Раул Делгадо Консепсион: Хүн амаа эрүүл энх байлгахад боловсрол олгох нь чухал гэж үздэг

 
Гэрэл зургийг Mpa.mn

Хүн амын эрүүл мэндийн сахин хамгаалах төрийн бодлого чухал үүрэгтэй.

Тиймээс энэ улс эрүүл мэндийн салбартаа, тэр дундаа хүүхдийн шүдний эрүүл мэндэд хэрхэн анхаарч буйг тодруулахаар Бүгд найрамдах Куба улсын Элчин сайдын яамыг зорилоо. 

Элчин сайдтай уулзаж, ярилцахад Куба улс бяцхан иргэдийнхээ шүдийг эрүүл байлгахыг чухалчилдаг гэдгийг Бүгд найрамдах Куба улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Делгадо Консепсион ярианы эхэнд цохон тэмдэглэсэн.

Тэрбээр үргэлжлүүлэн "Куба улс хүн амаа эрүүл энх байлгахад соён гэгээрүүлэх буюу боловсрол олгох нь чухал гэж үздэг. Тиймээс үзэгч олонтой байх оргил цагуудад телевизээр энэ талын нэвтрүүлэг бэлтгэн, чихэр бага идэх, шүдээ зөв сайн угаах тухай зөвлөгөө зөвлөмжийг хүүхдүүдэд зориулан гаргаж байна.

Мөн амны хөндийн эрүүл мэндийн хичээлийг сургуулиудад тусгайлан заадаг.

Үүний дээр өдөр бүр хичээл эхлэхээс өмнө шүдний өвчлөлөөс сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн амыг уусмалаар зайлуулж, мэргэжлийн эмч нар тогтмол хугацаанд бүх сургууль, цэцэрлэгээр үзлэг хийдэг. Ингэснээр хүүхдийн шүд өвчилсөн даруйд цаг алдалгүй эмчилгээ хийх боломжтой болдог" гэлээ.

Түүнчлэн Куба улс эрүүл мэндийн үйлчилгээгээрээ олон улсад танигдсан гэдгийг ноён Элчин сайд тодотгосон юм.

Тиймээс дотоодынхоо эмч мэргэжилтнүүдийг гадны улсуудад илгээн ажиллуулах хөтөлбөр хэрэгжүүлдэг байна.

Энэ талаар тэрбээр "Бид дотоодын эмч мэргэжилтнүүдийг гадагш илгээн тухайн орны эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулж байна. Куба эмч нар 1959 оноос өнөөг хүртэл дэлхийн 65 улсад ажиллахдаа 13 сая хүний амийг аварч, 3.8 сая хүүхэд эх барьсан. Үүний зэрэгцээ 14 сая гаруй хүнд урьдчилан сэргийлэх тарилга хийсэн үзүүлэлттэй байна" хэмээж байв.

Уг хөтөлбөрийн дагуу Нүүр амны гажиг заслын зөвлөх эмч Роберто Масиас Гил, Нүүр амны мэс заслын тэргүүлэх эмч Лида Кюйнонес Теран нар Монгол Улсад ирсэн ба “United dental clinic”-д ажиллах гэрээтэй байгаа юм. 

Оо нь тогтсон өнгөрийг л цэвэрлэдэг. Харин зөв угаах техникээр шүдээ бүрэн цэвэрлэнэ

 
Гэрэл зургийг mpa.mn

Ийнхүү Элчин сайдтай ярилцсаны дараагаар "United dental clinic"-т зочиллоо.

Энэхүү эмнэлэг куба эмч нар сар гаруйн хугацаанд ажиллаж байгаа бөгөөд өмнө нь Бразил, Америк зэрэг улсад ажилласан туршлагатай юм.

Эн түрүүнд шүдээ эрүүл байлгахад юуг анхаарах талаар Анагаах ухааны магистр, Нүүр амны гажиг заслын зөвлөх эмч Роберто Масиас Гилээс тодруулахад шүд эрүүл байх гол үндэс нь шүдээ зөв угаах гэсэн юм. 

"Оо нь тогтсон өнгөрийг л цэвэрлэдэг. Харин зөв угаах техникээр шүдээ бүрэн цэвэрлэж болно. Хэрэв хэрхэн зөв угаахыг мэдэхгүй байвал шүдний эмнэлэгт хандан мэргэжлийн эмчээр заалгах, гурван сардаа нэг удаа эмнэлэгт бүрэн угаалгаж байх шаардлагатай” гэдгийг тэрбээр мөн зөвлөв.

Түүнчлэн амны хөндийгөө эрүүл байлгахад энэ талын боловсрол чухал бөгөөд тэрхүү боловсролыг гэр бүлүүд хүүхдэдээ багаас нь олгох хэрэгтэйг ч тодотгосон.

Тухайлбал “Хүүхдийг нярай үед ч буйлыг нь угааж байх хэрэгтэй. Ингэхдээ хуруундаа бинт ороож цэвэрлэж байх хэрэгтэй. Энэ нь зөвхөн цэвэрлэгээгээр зогсохгүй амны хөндийг тогтмол цэвэрлэдэг гэсэн анхны ойлголтыг өгч, цаашид зуршил болгох эхлэл болдог” хэмээн "United dental clinic"-д ажиллаж буй Нүүр амны мэс заслын тэргүүлэх зэргийн эмч Лида Кюйнонес Теран зөвлөж байна. Учир нь гурван наснаас нь өмнө шүдийг нь угааж хэвшүүлсэн хүүхэд байнга шүдээ угаадаг болдог байна. 

Мөн Лида эмч хүүхдийн шүдийг амтлаг оогоор угаахгүй байхыг зөвлөсөн бөгөөд хүүхдэд чихэрлэг амттай оо хэрэглүүлэхэд шүдээ угаах биш дийлэнхдээ иддэг болох нь ажиглагджээ.

Хэр хэмжээтэй биш хэдэн удаа чихэр өгч байгаад анхаарах хэрэгтэй

 

Чихэр болон чихрийн агууламжтай бүтээгдэхүүн өгч буй нь хүүхдийн шүдэнд хортойгоор нөлөөлдөг тул зарим эцэг, эх чихэрлэг зүйлсийг өгөхөөс эрс татгалздаг.

Энэ талаар Роберто Масиас Гил зөвлөхдөө "Өсөж хөгжиж байгаа хүүхдэд энерги зайлшгүй хэрэгтэй учраас чихэр идэх хэрэгтэй. Асуудлын гол нь чихэр, чихрийн өндөр агууламжтай бүтээгдэхүүн гэхээс илүү угаалт, арчилгааг анхаарах ёстой.

Гурван удаа нэг, нэг чихэр идүүлснээс, нэг удаадаа гурван чихэр идүүлээд шүдийг угаах нь зөв арга юм. Өөрөөр хэлбэл, бага хэмжээгээр биш цөөн удаа өгөх нь чухал. Шүдэнд муу гээд огт хорьж болохгүй" хэмээн хэллээ. 

Хоол, чихрийн төрлийн зүйл идсэний дараагаар шүдийг тогтмол угаагүйгээс сүүн шүд цоорох хорхойтох нь их байгаад мэргэжлийн эмч нар ихээхэн эмзэглэж байгаагаа илэрхийлсэн.

Учир нь сүүн шүдний тал нь унах, эсвэл бүр авахуулснаар дараагийн шүд нь ургах цагаас өмнө буюу гадна паалан нь бүрэн бэхжээгүй байхад урган гарч ирэхэд хүргэдэг байна. Ингэснээр хамгаалалт бүрэн үүсээгүй шүд ургадаг тул хурдан гэмтэх, гажиг үүсэх магадлал нь өндөр болдог аж. 

Шүд цоорч, хорхойтсон байх нь ам дүүрэн идээтэй явж байна гэсэн үг

 
Гэрэл зургийг mpa.mn

Нүүр амны мэс заслын тэргүүлэх зэргийн эмч Лида Кюйнонес Теран “Биед бактери орох хамгийн гол зам нь амны хөндий. Аманд бактери байх нь цаашлаад бусад эрхтэнд шууд хүрэх магадлалтай. Шүд хорхойтож өвчилсөн байх нь ам дүүрэн идээтэй явж байна л гэсэн үг. Түүнийг даруй эмчлэхгүй бол дотор эрхтнүүдэд бактери дамжуулсаар л байх болно” гэв.

Шүд өвчилснөөс өөр эмгэг үүсэж буй хамгийн тод жишээ нь Чихрийн шижин аж.

Чихрийн шижинд шүд цооролт маш их нөлөөлдөг. Аманд бактери нь цусаар дамжихдаа сахарын хэмжээг ихэсгэдэг байна. Тиймээс Чихрийн шижин өвчний эмчилгээг эхлүүлэхээс өмнө амны хөндийг эрүүлжүүлэх ёстойг Лида эмч хэлж байлаа.

Мөн шүд өвчилснөөр зүрхний өвчин тусах магадлал ч ихэсдэг байна.

Бага насанд нь шүдний гажгийг эмчлээгүйгээс мэс засал хийхээс аргагүйд хүргэдэг

 
Гэрэл зургийг mpa.mn

Шүдний гажиг үүсэхэд хоёр шалтгаан бий нь удамшил ба идэх хоол юм.

Хүүхдүүддээ хатуу хоол хүнс идүүлэхээ больж, голчлон зөөлөн зүйлс идүүлж байгаа нь орчин үед шүд, эрүү нүүрний гажиг үүсэхэд ихээхэн нөлөөлж байгааг Нүүр амны гажиг заслын зөвлөх эмч Роберто Масиас Гил хэлсэн юм. 

Тэрбээр "Монголчуудын гаргаж буй нэг алдаа нь шүдний эмнэлэг нэлээд оройтож ирж байна. Хүүхдийн жаахан гэлтгүй 2-3 насанд нь авчирч үзүүлэх хэрэгтэй. Хэрэв хүүхдийн зуулт буруу, шүдэнд бага ч гэснэ гажиг үүссэн байвал богино хугацаанд бүрэн эмчилдэг. Гажгийг багад нь засаагүйгээс том болох үед мэс засал хийхээс өөр аргагүйд хүрэх бөгөөд эмчилгээний өртөг ч маш өндөр болдог" гэдгийг анхаарууллаа.

"Шүд ургуулах туршилтууд хийгдэж байна"

Сүүлийн жилүүдэд шүдний салбарт ямар эмчилгээ түлхүү хөгжиж байгааг Роберто Масиас Гилээс асуухад Имплант шүд маш хурдацтай хөгжиж байгааг нэрлэсэн. Түүнчлэн сүүлийн үед шүд ургуулахаар туршилтууд хийгдэж байгаа аж. 

Гэхдээ шинэ тутамд гарч буй ямар ч өндөр технологи хэзээ ч жинхэнэ шүдийг орлохгүй чадахгүй хэмээн хэллээ.