"Гэгээн Муза 18" олон улсын театрын наадам энэ сарын 16-наас 24-нийг дуустал болох юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор “Гэгээн муза-18” театрын наадмыг зохион байгуулах талаар өнөөдөр "Гэгээн Муза" академи болон Нийслэлийн Соёл Урлагийн газраас хэвлэлийн бага хурал хийлээ.
Энэ үеэр наадмын төрлүүдэд нэр дэвшсэн уран бүтээлчдэд гэрчилгээг нь гардуулж өгөв.
"Гэгээн Муза" академийн ерөнхийлөгч, Ардын жүжигчин С.Сарантуяа "Энэ онд манай театрынхан маш олон уран бүтээлийн ард гарлаа. Тэр дундаа орон нутгийн театрууд драмын жүжгээр баялаг байв. Тэр ч утгаараа манай наадам уламжлал ёсоор нэгдүгээр шат, хоёрдугаар шатанд бүтээл шалгаруулсан. Энэ жилээс эхлээд нэгдүгээр шатны бүтээлийг цахимаар хүлээн авч эхэлсэн. Тодруулбал хоёрдугаар сарын 18-наас эхний шатны шалгаруулалтыг зарлаж, гуравдугаар сарын 15-наас хүлээн авсан.
Дээрх хугацаанд Монголоос 50 орчим, олон улсаас 40 гаруй бүтээл ирлээ. Нийт 92 бүтээлийг манай комиссынхон гурван өдрийн турш үзэж, жүжгийн төрлүүдийнхээ дагуу сонгон шалгарууллаа.
Манай наадам таван төрлөөр явагдана. Тухайлбал
Энэ жилийн хувьд гол онцлог гэвэл хүүхэлдэйн жүжиг бүтээн туурвидаг уран бүтээлчдээс зохион байгуулагчдад хандаж хүсэлт тавьсан. Уг хүсэлтийн дагуу энэ жилээс эхэлж хүүхэлдэйн жүжгийн төрлийн шилдгийг шалгаруулахаар болж байна.
Наадмын эхний шалгаруулалтад тэнцсэн ч хоёрдугаар шатанд оролцох боломжгүй болсон бүтээл цөөнгүй бий. Улсын драмын театраас "Тэнгэрийн хүү" жүжгээр эхний шатны шалгаруулалтыг давсан ч Унгарт аялан тоглолтоо хийж байгаа тул оролцож амжихгүй болсноо мэдэгдсэн.
Мөн ОХУ-ын Буриадын театр санхүүгийн асуудлаас болоод ирэх боломжгүй болсон бол Дорноговь аймгийн Чандмань театр болон Улсын Хүүхэд залуучуудын театр шинэ уран бүтээлдээ орсон зэрэг шалтгаанаар үргэлжлүүлэх боломжгүй боллоо.
Энэ жилийн наадамд Грек, Арабын Нэгдсэн Эмират, Румын, Тунис зэрэг 10 улсаас уран бүтээлчид оролцоно" гэж онцлов.
"Гэгээн Муза 18"-д Уганда, Грек, Словени, Дани, Хонконгоос шүүгчид ирж, уран бүтээлийг дэнслэх аж. Эхний шатанд гаднын 40 гаруй бүтээлээс 10 гаруйг нь шалгаруулсан ч тэдний зарим нь замын зардал болон бусад шалтгаанаар оролцох боломжгүй болжээ.
Гэхдээ драмын жүжгийн төрөлд Грекийн театрынхан "Эдип хаан" жүжгээр оролцох болсныг шүүгчдийн төлөөлөл мэдээлсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!