Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш сар хүрэхгүй хугацаанд 24,000 гаруй хүүхэд хамрагджээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газрын баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-ноос эхлэн улсын зардлаар хүүхдүүдийн шүдийг эмчилж эхлээд байгаа билээ.

Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр, энэ хугацаанаас хойш тавдугаар сарын 15-ныг хүртэл 24,381 хүүхэд уг хөтөлбөрт хамрагджээ.

Эмчилгээ хийлгэж буй хүүхдүүдийн дунд шүдний цоорол хамгийн их буюу 13,093 хүүхэд энэ төрлийн эмчилгээг хийлгэжээ.

Мөн сүүн шүдний цоорлыг зогсоох түрхлэгийг 8,504, сувгийн эмчилгээ 4,239, шүдний ховил битүүлэх 4,475, урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэгийг 4,241 хүүхэд түрхүүлсэн бол 3,723 хүүхэд шүдээ авахуулсан байна.

Улсын хэмжээнд нийт 199 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг 2-12 насны хүүхдийн шүдийг эмчлэх эрхтэй байгаа. 

Эцэг эхчүүд өөрийн иргэний үнэмлэх, хүүхдийнхээ төрсний гэрчилгээтэйгээ гэрийнхээ ойр эмнэлэгт очиж хүүхдийн шүдээ эмчлүүлэх боломжтой.

"БЗД-ийн иргэн СБД-т байрлах нэг эмнэлгээр байнга үйлчлүүлдэг бол дүүрэг харгалзахгүй тухайн эмнэлэгтээ очиж болно" хэмээн ЭМЯ-ны Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ө.Энхмаа хэлж байв.

2019 онд эхний ээлжинд 2-6 насны хүүхэд уг хөтөлбөрт нэг удаа хамрагдах ба зайлшгүй шаардлагатай тохиолдолд 7-12 насны хүүхэд хамрагдана.

Эрүүл мэндийн даатгалын сангаас нэг хүүхдэд 60,000 хүртэлх төгрөгийн шүдний өвчний тусламж үйлчилгээ үзүүлж буй юм.

2-12 насны хүүхдийн шүдийг эмчилж буй 199 эмнэлгийн жагсаалт:

/Дүүрэг, аймаг тус бүрээр хаяг, утасны дугаартай/